УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өглөөний 10.00 цагт эхлэх учиртай байсан ч 4 гишүүн ирцээ бүртгүүлж, бусад 72 гишүүн хурлаа тасалсаны улмаас үдээс өмнөх хурал хойшлогдсон.
Харин чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү фэйсбүүкээр live бичлэг хийж хууль батлах үйл явцлыг олон нийтэд дэлгэн харууллаа.
Хэлэлцэж буй хуулийн төслийг эсэргүүцэж чуулганы танхимыг Ардчилсан намынхан бүхлээрээ орхиж гарсан бөгөөд танхимд үлдэж хоцорсон МАН-ын 19 гишүүн дэргэдэх гишүүнийхээ кнопыг дарах маягаар 44 хүний өмнөөс хууль баталж байгааг тэрбээр бичлэгээрээ илчилсэн юм.
Ардчилсан нам олонхи байх үед “төгөлдөр хуурдах” энэхүү аргыг хамгийн их шүүмжилж, бусдын картыг хурааж авдаг байсан өдгөөгийн Хууль зүйн сайд С.Бямбацогт, Д.Сумъяабазар, С.Чинзориг нарын гишүүд бусдын кнопыг дарж хууль баталж байгааг гишүүн О.Баасанхүү шүүмжлэв.
Уг нь бол чуулганы хуралдаанд 39 гишүүн хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, хэлэлцэж буй хуулийг батлах учиртай. Гэсэн ч УИХ-д үнэмлэхүй олонхи болж 65 суудал авсан МАН ирцээ бүрдүүлж чадахгүй, 19 гишүүн нь бусдын кнопыг дарах маягаар ийнхүү хууль баталж сууна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна