Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ бүх гишүүнийхээ саналаар тодруулсан.Санал асуулгын дүнгийн талаарх мэдээллийг АН-ын дарга С.Эрдэнэ нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр “Гишүүдийн ирц 60 гаруй хувьтай байлаа. Санал асуулгын явцад ямар нэг маргаан харьцангуй бага байсан. Нэр дэвшигчдээс
Х.Баттулга 2740.9,
Р.Амаржаргал 2374.8,
Д.Дорлигжав 1058.6,
Н.Алтанхуяг 1044.2,
Л.Болд 917.2,
Б.Жаргалсайхан 213.6 санал авлаа.
Хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч нь Х.Баттулга. АН-ын VIII их хурал ирэх бямба гаригт болж, олонхийн санал авсан нэр дэвшигчээ батламжилна” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-АН-ын их хурлаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг дахин хэлэлцэх үү. Заалнаас хүн нэр дэвшүүлж болох уу?
-Намын Үндсэн дүрэм дээр саналын эрхтэй гишүүдийн хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг Их хуралд оруулж хэлэлцүүлэхээр заасан. Их хурлын төлөөлөгчийн нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулна. Заалнаас нэр дэвшүүлэх асуудал байхгүй.
-Нууц санал хураалтаар олон санал авсан нэр дэвшигч унасан тохиолдолд яах вэ?
-Их хурлын дүрмийн дагуу дахин хэлэлцээд явна. Энэ эрх нь намын их хуралд бий.
-Сонгуулийн зардал хэдий хэмжээтэй байх бол?
-3.9 тэрбум төгрөг байхаар Үндэсний аудитын газраас тооцоо гаргасан. Энэ хүрээнд сонгуулиа явуулна.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр дэмжигдээд буй УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан асуудал юу болсон бэ?
-Монгол Улсын Үндсэн хууль дээдлэх зарчимд хэн нэгнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн байдаг. Өнөөдөр шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж ярьж болохгүй. Хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Монгол Улсын иргэний эрхийг эдлээд явж байгаа Х.Баттулга ч байна уу, хэн ч бай Монгол Улсын хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх эрхтэй.
-Намын Их хурлаар нэр дэвшигчийн асуудлаас гадна өөр асуудал хэлэлцэх үү?
-Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батална. Үүнээс гадна Үндэсний бодлогын хорооны 389 гишүүний бүрэн эрхийг батламжилна.
-Санал хураалтаар зарим гишүүний саналыг хүчингүй болгосон гэж байсан. Тухайлбал, Р.Амаржаргал гишүүний саналуудыг хүчингүй болголоо гэж мэдээлж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Хэн нэг хүний саналыг хүчингүй болгоогүй. Саналын эрхээ нээлгээгүйгээс болоод хасагдсан тохиолдолд гарсан. Татвараа төлөөд саналаа өгөх эрх нээгдэнэ. Бүх салбарт комисст нэр дэвшигчдийн төлөөлөгч байлцсан.
-МАН, АН хоёрын дунд гол өрсөлдөөн болно гэж харж байна. МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсны дараа өрсөлдөгч нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол АН-ын дотоод санал хураалт дуусав уу үгүй юу олонхын дэмжлэг авсан хүнээ сөргөөр сурталчлах үзэгдэл цахим ертөнцөд өрнөж байна. Энэ сонгуульд АН нэгдмэл бодлоготой, нэгийгээ дэмжиж оролцож чадах уу?
-Урьдчилсан байдлаар ямар нэг дүгнэлт хэлэх боломжгүй байна. Дотоод сунгаа явагдахаас өмнө зургаан нэр дэвшигч эвийн гэрээ байгуулсан. Эвийн гэрээнд хэн ч олонхын дэмжлэг авсан хамтарч баг болж ажиллана гэдэг дээр тохиролцоод гарын үсгээ зурцгаасан.
Эвийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар үзэл бодол, байр сууриа илэрхийлэх нь хувь хүний эрхийн асуудал. Бидний зүгээс тэгэж болохгүй, ингэж болохгүй гэдэг цензур тавих боломж байхгүй. Үүнийг намын юмуу бүлэг фракцийн байр суурь гэж харах хэрэггүй.
С.Отгон
Сэтгэгдэл бичигдээгүй байна