Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бодлогоор өрсөлдөж, мэтгэлцээнээр хэн болох нь харагддаг

2017/05/18
2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан олон нийт болон зарим улс төрчдийн зүгээс энэ удаагийн сонгуульд халз мэтгэлцээнийг дэлхийн жишгээр явуулья, нэр дэвшигчдийн бодлогын шийдлийг бүх нийтээр хэлэлцэе гэдэг уриалга, санаачилгууд гарч байгаа нь ихээхэн дэмжүүштэй, сонгогчдын боловсролд эерэгээр нөлөөлөх алхам учраас энэхүү өгүүлэлд дэлхийн улс орнууд халз мэтгэлцээнийг хэрхэн явуулдагийг авч үзлээ.

Дэлхийн улсуудын сонгуулийн дүнд нөлөө үзүүлэгч чухал үйл ажиллагаа нь намын лидерүүд болон ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн байдаг. Халз мэтгэлцээний гол мөн чанар бол бодлогын асуудлаар өөр хоорондоо мэтгэлцэх, өрсөлдөгчийн байр суурийг няцаах, сул талыг илрүүлэх явдал билээ.

Сонгуулийн кампанийн төгсгөл дэх улс төрийн лидерүүдийн халз мэтгэлцээн нь сонгогчдын хамгийн ихээр сонирхон үздэг телевизийн сурталчилгаа болдог. Тиймээс халз мэтгэлцээнд тухайн лидер хэрхэн оролцох нь сонгуулийн эцсийн дүнд хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас улбаатай. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн кампанийн сүүлийн мөчид гурван удаагийн цуврал мэтгэлцээнд оролцдог юм. Халз мэтгэлцээний гол мөн чанар бол бодлогын асуудлаар өөр хоорондоо мэтгэлцэх, өрсөлдөгчийн байр суурийг няцаах, сул талыг илрүүлэх явдал билээ. Сонгогчид халз мэтгэлцээнийг хамгийн ихээр сонирхон үздэг тул мэтгэлцээнд тухайн лидер хэрхэн оролцох нь сонгуулийн эцсийн дүнд хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

Халз мэтгэлцээн Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд шууд нөлөөлдөг болохыг харуулсан анхны түүхэн үйл явдал бол 1960 оны 9 сарын 26-нд сенатын гишүүн Ж.Кеннеди болон дэд ерөнхийлөгч Р.Никсон нарын хооронд явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн юм.

Хоёр нэр дэвшигч тухайн үед Америкийн олон нийтийн хамгийн анхаарал татаж байсан асуудлууд болох олон улсын бодлого болон боловсролын асуудлаар мэтгэлцсэн байна. Тэр үед телевиз Америк айл бүрийн хэрэглээ болж чадаагүй нийт айл өрхийн тэн хагас нь л телевизтэй байсан хэдий ч хамгийн анх удаа олон хүн үзсэн телевизийн нэвтрүүлэг болсон юм. Тухайн үед гэртээ телевизор байхгүй хүмүүс радиогоор уг мэтгэлцээнийг шууд сонссон ажээ.

Энэхүү мэтгэлцээн улс төрийн үйл явц, сонгуулийн кампанийн түүхэнд эргэлт гэмээр үр дүн авчирсан юм. Мэтгэлцээний дараа хийсэн олон нийтийн санаа бодлын судалгаанаас үзэхэд телевизээр үзсэн хүмүүсийн олонх нь Ж.Кеннедиг ялалт байгуулсан гэсэн бол радиогоор сонссон хүмүүсийн ихэнх нь Р.Никсоныг илүү байсан гэж хариулжээ. Тухайн үед рейтинг нь ойролцоо байсан ч мэтгэлцээнээс эхлэн Ж.Кеннедигийн рейтинг тогтмол өсч, Р.Никсоных буурсаар сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн юм.

Мэтгэлцээнийг ямар журмаар явуулдаг вэ?



Ихэнхдээ их сургуулийн зааланд болдог бөгөөд нэр дэвшигчид индрийн ард зогсох юмуу ширээний ард суух гэх мэтээр урьдаас тохирсон байршилд явагдана. Зөвхөн хөтлөгч асуулт тавих уу, үзэгчдээс асуулт тавьж болох уу гэдгийг мөн харилцан тохирдог. Мэтгэлцээнд  нээлтийн үг гэж байдаггүй, харин төгсгөлд нэр дэвшигч бүр хаалтын үг хэлдэг юм. 

2000 оны сонгуулийн хоёр дахь мэтгэлцээн анх удаа индрийн ард биш дугуй ширээн дээр явагдсан. 2012 оны сонгуулиас эхлэн мэтгэлцээн тус бүр 15 минутын хугацаатай зургаан хэсгээс бүрдэх болсон юм. Хэсэг тус бүрт улс орны хэмжээнд тулгамдсан нэг асуудлыг дагнан мэтгэлцдэг болов. 
 
Мэтгэлцээнээр яригдах асуудлыг хэдэн долоо хоногийн өмнө олон нийтэд ил болгоно



Хэн эхний асуултанд эхэлж хариулах, хэн хаалтын үгийг түрүүлж хэлэх вэ гэдгийг шодож шийднэ. Нэр дэвшигч 2 минутанд багтааж хариулна. Үүний дараа нөгөө нэр дэвшигч нь тухайн хариултанд няцаалт хийх юмуу хариултын талаар байр сууриа илэрхийлэх хэлэлцүүлэг 1 минутын хугацаанд явагдана. Монголын сонгуулийн халз ярилцлагад бол нэр дэвшигч нарт бие биеийн үгэнд няцаалт, дайралт хийх боломж олгодоггүй билээ. Хөтлөгчийн үзэмжээр нэр дэвшигчдийн хоорондын энэхүү хэлэлцүүлгийг 30 секундээр сунгаж болдог. 

Сүүлийн үеийн халз мэтгэлцээний үеэр нэр дэвшигчдэд цагийн баримжааг өнгийн гэрлээр мэдэгддэг болсон. Цаг дуусахад 30 секунд үлдэж байгааг ногоон гэрлээр, 15 секунд үлдэж байгааг шараар, 5 секунд үлдэж байгааг улаан гэрлээр мэдэгддэг байна. Шаардлагатай тохиолдолд дохио дуугарах юмуу дарцаг өргөж цаг дуусч байгааг мэдэгдэж болдог.

Хөтлөгчийг хэрхэн сонгодог вэ?



Ерөнхийлөгчийн мэтгэлцээний хороо ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн гурван удаагийн, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэг удаагийн мэтгэлцээнийг удирдан явуулах хөтлөгчийг сонгодог. Хөтлөгчийг сонгох хамгийн эхний шалгуур бол нэр дэвшигч болон мэтгэлцээнд яригдах гол асуудлын талаар мэдээлэл сайтай байх явдал юм. Хоёр дахь шалгуур бол хөтлөгч телевизийн шууд нэвтрүүлэг хөтөлж байсан туршлагатай байх явдал юм. Мөн мэтгэлцээнийг дүрэм журмын дагуу явуулах чадвартай байх нь хөтлөгчийг сонгох нэг шалгуур болдог. 

Дональд Трамп, Хиллари Клинтон нарын энэ жилийн мэтгэлцээний үеэр хөтлөгчийн үүрэг роль тун бага, бараг л цаг зохицуулагч шинжтэй байсныг ажиглагчид шүүмжилж, ер нь цаашдаа хөтлөгчийн хэрэг байна уу гэсэн асуултыг тавьж байсан билээ. Гэвч Ерөнхийлөгчийн мэтгэлцээний хорооны мэргэжилтнүүд мэтгэлцээнийг хөтлөгчтэйгээр явуулах тал дээр хатуу байр суурьтай байдаг бөгөөд хэрэвзээ аль нэг нэр дэвшигч хэлэлцэж буй асуудлаас хазайх, эсвэл журам зөрчих тохиолдолд хөтлөгч зайлшгүй оролцож зохицуулах ёстой гэж үздэг байна.

Мэтгэлцээнийг хэн зохион явуулдаг вэ?



Ерөнхийлөгчийн мэтгэлцээний хороо нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг Америкийн сонгогчдын тусын тулд эрхлэн явуулах, ивээн тэтгэх, сонгогчдын боловсролыг дэмжих зорилгоор байгуулагдсан улс төрийн намаас хараат бус, хувийн байгууллага юм. 1988 оны сонгуулиас эхлэн уг хороо мэтгэлцээнийг эрхлэн явуулж байгаа. 

Яагаад энэ хороо үүсэх болов? 1960 оны Кеннеди, Никсон нарын мэтгэлцээнээс хойш 1964, 1968, 1972 онуудад ийм мэтгэлцээн болоогүй. 1976, 1980 , 1984 онд мэтгэлцээн болсон хэдий ч нэр дэвшигчид хоорондоо тохиролцсоны улмаас сонгогчдод олон асуудал тодорхойгүй үлдсэн юм. Тийм учраас нэр дэвшигчид хэн болох, маргаантай асуудлуудаар ямар байр суурь баримталж байгааг сонгогчдод ил тодоор харуулахын тулд мэтгэлцээнийг өндөр түвшинд явуулах бодит шаардлага тулгарсан байна. 1984 оны сонгуулийн дараа Жоржтаун их сургуулийн Олон улс, стратеги судлалын төв болон Харвардын их сургуулийн Улс төрийн бодлогын институтын судлаачид ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний талаар тусгайлан судалгаа хийсэн юм.

Эдгээр хоёр тусдаа хийгдсэн судалгааны үр дүнгээс Америкийн олон нийт мэтгэлцээнийг сонгуулийн кампанийн үед хамгийн их үздэг бөгөөд санал өгөлтөө шийдээгүй сонгогчдод хүчтэй нөлөөлдөг болохыг илрүүлсэн юм. Хэдий тийм боловч хоёр том намын нэр дэвшигчид мэтгэлцээнд оролцохоос ямагт татгалзаж ирснийг дээрх судлаачид тогтоосон байна. Улмаар судлаачид хоёр намын улс төрчдөд хандаж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг сонгуулийн кампанийн салшгүй нэг хэсэг болгохыг зөвлөсөн билээ.

Ингээд 1988 оны 2 сарын 19-нд Ерөнхийлөгчийн мэтгэлцээний хороо хэмээх хараат бус байгууллага үүссэн юм. Энэ байгууллагын удирдах зөвлөлд Америкийн нэртэй их сургуулийн эрдэмтэд, бизнесмен, сэтгүүлчид болон Конгрессийн экс гишүүд нарын хүмүүс ордог.

Хороо төрөө ямар нэг санхүүжилт авдаггүй бөгөөд хувийн хандиваар санхүүждэг. Хандивлагчид хорооны дотоод үйл ажиллагаанд оролцохгүй. 
 
Халз мэтгэлцээн хэр олон үзэгчийг татдаг вэ?



Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэттэлцээн шиг үзэгч өндөртэй улс төрийн өөр акц байдаггүй. 1988-2012 халз мэтгэлцээнүүдийг 30-70 сая хүн шууд үзсэн. Мэтгэлцээний дараах судалгаануудаас харахад нийт сонгогчдын 70-80 орчим хувь нь сонгуулийн кампанийн мэтгэлцээнүүдийг үздэг байна. Мөн Америкийн судалгааны төвүүдийн санал хураалтын өдөр саналаа өгөөд гараад ирсэн сонгогчоос авсан Exit poll судалгааны дүнгээс үзэхэд сонгогчийн сонголтонд хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйл нь халз мэтгэлцээн байдаг.

2016 оны Д.Трамп, Х.Клинтон нарын эхний халз мэтгэлцээнийг Америкийн телевизийн найман сувгаар шууд дамжуулсны зэрэгцээ Youtube, Twitter-ээр live явсан бөгөөд энэхүү мэтгэлцээн шууд үзэгчдийн тоогоор Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд дээд амжилт үзүүлнэ гэж тооцоолж тогтоож 84 сая хүн үзсэн билээ.
 
Америк маягийн халз мэтгэлцээн дэлхий дахинд хэр тархсан бэ?



Сонгуульд нэр дэвшигчдийн бодлого, мөрийн хөтөлбөрийг сонгогчдод хүргэх хамгийн нөлөө бүхий сурталчилгаа учраас улс орнууд халз мэтгэлцээнийг ихээхэн хийх болж өдгөө дэлхийн 35 оронд Америк маягийн халз мэтгэлцээн явуулж байна.

Хамгийн сүүлд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хоёр удаа мэтгэлцсэн. Эхнийх нь анхан шатны сонгуульд өрсөлдөж буй 11 нэр дэвшигч оролцсон 4 цагийн турш үргэлжилсэн халз мэтгэлцээн байсан бөгөөд үүнийг “Агуу мэтгэлцээн” гэж францчууд нэрлэсэн. Энэ мэтгэлцээнээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндсэн асуудлуудаас гадна Европын холбооноос гарах уу, үгүй юу, цагаачдын урсгалыг яах вэ гэх мэт хамгийн хурц асуудлаар нэр дэвшигчид байр сууриа илэрхийлсэн бөгөөд Францын түүхэнд байгаагүй олон нэр дэвшигч оролцсон хурц мэтгэлцээн болсон билээ. 
 
Энэхүү мэтгэлцээнд харьцангуй аядуу байр суурьтай, залуу нэр дэвшигч болох Э.Макрон амжилттай оролцож тодрон гарсан. Тэрээр сонгогчдод хандан зөвхөн өнгөрсөн таван жилийг бус, өнгөрсөн 20 жилийн үйл явцыг бүхэлд нь эргэн хараач, бид Францын нийгмийн бүхий л салбарыг либеральчлах ёстой, боловсрол, соёлын салбараар дамжуулан үүнийг хий хэрэгтэй гээд “Би та нарт итгэж байна, Би өөрийн улс орондоо итгэж байна” гэсэн үг нь хүмүүст их хүрч хоногшсон.

Харин эхний шатны санал хураалтын дараа тунаж үлдсэн Э.Макрон, Марин Ле Пен нарын мэтгэлцээн санал хураалтаас долоо хоногийн өмнө болсон бөгөөд энэ мэтгэлцээнд Э.Макрон ялсныг мэтгэлцээний дараа болсон санал асуулгын дүн харуулсан. Макрон энэхүү мэтгэлцээн дээр өмнөх мэтгэлцээнтэй харьцуулахад илүү хүчтэй бөгөөд байр сууриа тод илэрхийлсэн гэж экспертүүд үзсэн юм. 



Францын халз мэтгэлцээний Америкаас ялгаатай нь олон нийтийн өмнө бус, ТВ-ийн студид, ямар нэг үзэгчгүйгээр болдог явдал юм. Францын судлаачид болон мэргэжилтнүүд халз мэтгэлцээний энэ хэлбэр нь амьд бус, сонирхолтой биш байна гэж шүүмжилдэг ч сүүлийн 40 жил  өөрчлөгдөөгүй явсаар  байна. 

Мэтгэлцээн Өрнөдийн соёлын элемент хэдий ч Дорнын улсуудын улс төрд гүнзгий нэвтэрсээр байна. Тухайлбал, БНСУ ерөнхийлөгчийн сонгуульдаа халз мэтгэлцээнийг амжилттай хэрэглэж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-тай адил сонгуулийн кампанийн үеэр нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг хэд хэдэн удаа хийдэг боллоо. 

5 сарын 9-нд болсон БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчид 4 сарын 19-нөөс 5 сарын 2-ны хооронд бараг өдөр бүр, заримд нь нэгээс хоёр хоногийн зайтай зургаан удаа халз мэтгэлцээн хийсэн юм.

Ажиглагчдын үзэж байгаагаар сонгуулийн үр дүнд энэхүү зургаан удаагийн мэтгэлцээн ихээхэн нөлөөлсөн байна. Умард Солонгосын асуудал хурцадмал байгаатай холбоотойгоор эдгээр мэтгэлцээний хамгийн хурц, анхаарал татсан асуудал нь Солонгосын хойгийн талаарх АНУ-тай хэрхэн харилцах, Пхеньяны талаар явуулах бодлого ямар байх зэрэг байсан. Мөн Солонгосын эдийн засгийн зогсонги байдал, ажилгүйдэл хоёр дахь том маргааны сэдэв байлаа. 

Ийнхүү дэлхийн улсууд төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчдийг бодлого, мөрийн хөтөлбөрөөр өрсөлдүүлж, халз мэтгэлцээнээр хэн болохыг нь үнэлж дүгнэдэг байна.

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна