"С.Бямбацогт улс үндэстнийг устгадаг хар тамхины хэргийг ялаас чөлөөлөх гэж байна"

2017/05/22
УИХ-ын гишүүн О.Баасанхүү байнгын хороо, УИХ-аар хэлэлцэгдэж дэмжлэг аваад буй Эрүүгийн хуульд Хар тамхи, сэтгэцэд нөлөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой хэрэгт хүлээлгэх хариуцлагыг бууруулсан, зариим тохиолдолд хариуцлага хүлээлгэхгүй байхаар тусгасныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнгөрсөн жил МУИС-ийг төгссөн С.Бямбацогт сайд хар тамхитай холбоотой хэргийн зүйлчлэлийг зөөлрүүлж, зарим тохиолдолд ял шийтгэлгүй байх заалттай хууль батлуулах гэж байна. Тодруулбал хуучин Эрүүгийн хуулийн 192, 196-д заасан зүйл ангийг 20.7-р заалтаар зохицуулсан. Ингэхдээ эм бэлдмэл гэдгийг хасч зөвхөн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис гэж оруулсан. Мөн борлуулах зорилгогүйгээр хадгалсан тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг байсныг өөрчилж борлуулах зорилгогүй хадгалсан г бол хариуцлага хүлээлгэхгүй байхаар тусгасан. Нөгөө талаас ялын хэмжээ 10-15 жил байсныг 5-12 болгож бууруулсан.

Мөн давтан үйлдсэн, урьдчилан үгсэн тохиролцсон бол гэдэг заалт бүр алга болсон. Тэд өөрсдөө болохоор тэнсэн байсныг хорих ялтай болгосон гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ тийм биш. Тэнсэн бол ял, харин хариуцлагаас чөлөөлнө гэдэг нь ял биш юм.

Хамгийн ноцтой орон байраар хангасан бол гэдэг асуудал. Хуучин байсан 196 гэдэг заалтыг 20.8 болгож оруулж ирэхдээ орон байраар хангасан бол торгоно, зорчих эрхийг хязгаарлана гэж хөнгөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл эздүүд нь хэргээс мултрая гэж байгаа юм л даа.

Хуулиар зөвшөөрсөн хамгийн ашигтай гурван бизнест эм, архи, тамхи хамаардаг. Харин хуулиар зөвшөөрөөгүй гурван аюултай зүйл нь зэвсгийн наймаа, хүний наймаа, хар тамхи. Хөрш орнууд хар тамхины асуудалд маш болгоомжтой хандаж, хуулиа чангатгаж байна. Хүн амины хэрэгтэн нэг хоёр хүний амь насанд аюул занал учруулдаг бол хар тамхи үндэстнээр нь устгадаг. Ийм учраас Хятад улс хар тамхины хэрэгт цаазын ял оноодог.

Монгол Улсад хар тамхины гэх шүүхэд очсон 160 гаруй хэргийн 60 гаруй хувь нь химийн гаралтай бодис хэрэглэсэн байна. Химийн гаралтай мансууруулах бодисонд донтсон хүн гутралд орж өөрийгөө хөнөөх юмуу, хардалтад орж бусдын аминд хүрдэг” гэлээ. Түүний хувьд хуулийн төсөл хэлэлцэж байх үед дээрх асуудлаар удаа дараа саналаа хэлж байсан ч “Чи яах гэж орж ирээд байгаа юм бэ” гэх байдлаар хандаж оруулж ирсэн саналыг бусдын өмнөөс кноп дарж байгаад унагасан гэх тайлбар хэлсэн юм. 
 
С.Отгон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна