Охридоос үлдсэн бадгууд хийгээд Струга

2018/09/12
 
(Аян замын тэмдэглэл)

1. Жилдээ нэг удаа очиж үзээгүй газраа үз гэж дээрхийн гэгээнтэн далай лам юутай үнэн хэлээ вэ? Дэр модоор ивсэн ган төмрийн дээгүүр мушгирсаар Монголын тал нутгийн хойд хэсгийг салхи уухилуулан галт тэрэг довтолгоно. Явсаар эрт цагт Монголын газар нутагт харьяалагдаж асан Байгаль нуур нүднээ хаялах давалгаагаа эрэгрүүгээ түрхэрэн галт тэрэгний цонхоор цагаан хөөсөө сахруулан үзэгдэнэ. Очих газар гэвч хэдэн бээрийн алсад ч сэтгэл гэгэлзэнгүй тогтож үл ядна. Түүнийг гагц номхотгох хүч нь чихэвчээр дамжин зүрхрүү урсгалаа юүлэх уянгын намуухан аяууд. Холхи алс, аян замын үзүүр хярхаггүй ертөнц гэгч хүмүүний сэтгэлийг тэгээд дээр нь байгалийн зүй тогтол дотоод унтсан хүнийг сэрээх хүчтэй ажгуу. Хус моддын сэрчигнээ намрын тэнгэрийг мөчрийнхөө үзүүрээр гижигдэх гэсэн мэт найгана. Энэ бүгдийг нэг нэгэнгүй ажиглах нүд минь баясаж үл ханана. Гэвч харамсах харуусахын энэлэн сэтгэл өвтгөнө. Энэ ариун дагшин газрыг өвөг дээдэс минь эзэмшиж эргээд бусдын өмч болсонд харуусна. Цааснаа бэхийн мөр гүйлгэнэж одох шиг хурднаар Ангар мөрийг гүүрээр гаталсаар Иркутск хотод галт тэргээр нэг хоног туулж буух нь тэр. Тэндээс Москва орох хүртэл нэг хоногийн хугацаанд түр байрлах буудалд байрлуулхаар яруу найрагч Баатарын Галсансүх ахын найз Оросын яруу найрагч Игорь Дронов төмөр замын өртөөн дээр эхнэрийн хамт зогсож байв. Төмөр замын өртөөнөөс холгүйхэн "Арт хаус" гэсэн бичигтэй буудалд орвоос зохиол бүтээлээр нь эчнээ танилцсан Оросын мөнгөн үеийн яруу найргийн төлөөлөл Высоцский Иван Бунин нарын хөрөг дурайж байхуй. Яруу найргийн буян цаглашгүйд талархан холыг зорих үйлсэд найзаараа тосуулсан ахын сэтгэлд хөөрч өрөөндөө тухлан хавь орчныг тольдвоос Байгаль далайн хөвөөнөө 15-дах жилдээ зохиогдсон яруу найргийн наадмын хөтөлбөр нүднээ тусаж тэнд уригдсан яруу найрагчид өөр өөрийн бүтээлийг сэтгэлийн үгтэйгээ таталгасныг үзэж сонирхсоор хаа газрын яруу найрагчид гэж сэтгэлийн өндөр хөдлөлтэй хүмүүс шүү гэсэн элдвийн зүйлсийг бодсоор нэг мэдхэд дуг хийжээ. Хонож буй буудал өнгөрсөн зууны эхээр тус хотод амьдарч цайны арилжаа эрхэлдэг Бичайханов гэдэг буриад эр бариулсан бөгөөд хотын захиргаандаа энэхүү 4-н давхар өргөөгөө үлдээснээр урлаг соёлынхон хөлхсөн буурчийн газар болжээ. Харин тоссон Игорь Дронов бол 6.10-6.17-ны хооронд Эрхүү хотод амьдарч асан нэрт яруу найрагч А.Кобенковын нэрэмжит Байгаль далайн хөвөөнд 17-дах удаагаа зохиогдож буй наадамд Монголоос Галсансүх найрагчийг урьсан анд нь болой.



2. Болзсон ёсоор нөхөр Игорьтой Иркутскийн нисэх онгоцны буудал хүртэл автусаар зорчин ирлээ. Ачаагаа буух хот Македони улсын Скоппи хүртэл даатгаад бие биеэнтэйгээ эртний дотны андууд мэт алга хавсруулан цохилзож мөр мөрөө алгадан тэврэлдсээр Игорь бидэн салж шалган нэвтрүүлгээр пасспордоо үзүүлсээр онгоцруугаа зүглэвэй! Гайхмаар хачирхалтай нь яруу найрагч цаг үедээ адлагдсан очих газарт минь болох яруу найргийн үдэшт нэгэн цагт шилдгээр шалгарч Алтан титмийг хүртсэн Иософ Бродскийн нэрээр нэрлэгдсэн хөлөг онгоцонд суучих нь тэр. Гайхах бас баярлах зэрэгцэх шиг. Тэрбээр гэвч онгоцны буудлын хүлээлгийн танхимд эх орноо орхин одох гунигт мөчөө хүлээн суухдаа Брежневт захидал илгээсэн байдаг. "Хүндэт Леонид Ильч минь, бусдын шахалтаар эх орноосоо дүрвэн гарч буй энэ мөчид сүүлийн арван таван жилийн турш сэтгэлдээ тээж ирснээ дуулгая гэж бодлоо. Би ямагт Орос эх орноо, хэл соёлоо гэсэн чин сэтгэлээр туурвиж ирсэн билээ. Төрж өссөн Орос орноосоо явахад хүндхэн байна аа. Энэхэн биедээ буй бүхнээ энэ л эх орноосоо олж авсаан. Чухам энд л амьдрал минь муу муухай гэхээсээ илүүтэй сайн сайхан, зол жаргалтай мөчүүдээр дүүрэн байж. Би хувьдаа эх орондоо шоовдорлогдож гадуурхагдсан гэж огтхон ч боддоггүй. Өдгөө ч ийн сэтгэх юм. Харь улсын харьяат болж буй ч Орос орны найрагч хэвээр буйд л хамаг учир нь орших бизээ. Яруу найраг гэдэг хэзээд эх орондоо эргэж хургадаг жамтай. Энэ биеэрээ биш юмаа гэхэд эх болсон хэл соёлоо илтгэж цаасан дээр үлдээсэн мөрүүдээрээ эргэж ирнэ гэдэгтээ бат итгэнэм. Ариун шударга гэгдэх уур хилэн, ундууцал бухимдал, хорсол заналаас хэн бугай ч ялан дийлэгч болж товойх нь үгүй. Хэн хүнгүй л энэ хорвоогоос халих тавилантай шүү дээ. Энэ мөрийг холбож бичсэн би ч, үзэж уншсан та ч үхлээс зайлахгүй ээ. Үйл хэрэг минь хэдий үлдэвч он цагийн эрхэнд улирч балрах нь дамжиггүй. Энэ бие минь эх орондоо хэрэггүй ч эгэл сэтгэл минь хэрэг болох бизээ гэж тэрбээр нисэх онгоцны хүлээлгийн танхимд эх орноосоо дүрвэн гарснаасаа хойш эцэг эхтэйгээ ахин ганц ч уулзахгүйгээр явхаа мэдэхгүй бичиж байжээ. Гэвч түүний гэрэлт мөрүүд он цагт түүчээлж түүний нэрээр нэрлэгдсэн онгоцоор Москва хотыг зүглэх гэж байдаг. Таван жилийн өмнө хайр дурлалын дуудлагаар Санкт-Петербург хотруу явах замдаа дайран өнгөрч байсан хотын Шерметив нисэх онгоцны буудалд Бродский бидэн хамт зорчигсдын хамт газардах нь тэр. Чингис хааны нэрэмжит манай нисэх буудлыг бол 20-дахин нугалах /миний төсөөлснөөр/ түүнээс их ч байж мэднэ.



3. Москвагийн цагаар бол өдрийн 14 цаг 15 минут. Цахим ертөнцийн ач гавьяагаар эндээс гарахдаа захидлаар харилцан танилцсан Цэдэндамба гэх оюутан залуу тосон юу юуг үзмээр байна та гэсээр инээмсэглсээр угтав. Санаа сэтгэлд Бэгзийн Явуулангаас эхсүүлээд үе үеийн тэр сургуулийн агаараар амьсгалж залуу насны нандин дурсамж бүтээл туурвилын мөнхийн хүсэлдээ шатаж ид хаваа гайхуулж явсан найрагчдынхаа сурч боловсорсон эрдмийн өргөө болох Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль руу зүг чигийг гаргамой. Энэ сургууль хотынхоо төв хэсэгт байрлах эртний гудманд шинэ цагийн байшингуудтай хаяа дэрлэн орших бөгөөд Оросын утга зохиолыг үндэслэгчдийн нэг А.С.Пушкины хөшөө эсрэг талд нь дүнхийх болой. Хэрэг зоригоо хэлэн энэ сургуульд 2019-оны намар яруу найргийнх нь ангид элсэх зорилготой хэмээн үзэж сонирххоор ирлээ гэж хамт яваа дүүгээр жижүүрт нь хэлүүлвээс засвартай хэнийг ч нэвтрүүлэхгүй хэмээв. Гэвч үүдэнд нь гар утасны ачаар хөргөө татуулан цааш алхав. Босгыг чинь элээсэн Монгол найрагчдын бадгууд цээжинд минь хавтаслаатай байдагсан. Горькийд би сурснаараа оюун санааны яруу найрагч болсон гэж хэлсэн Очирбатын Дашбалбар найрагчийн үг санаанд эгшиглэнэ.

Тэндээс цааш жим даган гэлдрэх мэт хамт яваа дүүг бараадсаар Улаан талбай орж тэндээс Лев Толстой, Сергей Есенин, Антон Чехов, Лермантов, Николой Гоголь, Тургенев нарын хөрөг бүхий энгэрийн тэмдгийг өөртөө дурсгал болгон авч хуучин Арбат гудманд зорчиход Пушкин Гончорава нарын хөшөөний урд нэг нөхөр шүлэг уншихтай зэрэгцэн зохиол бүтээлээрээ өөрийгөө дархална гэдэг,зуун зуунд үлдэх яруу үгсийг туурвина гэдэгт сүсгэлж зогсвой. Нар хэдүйн шингэсэн алтан Москва мөнгөн хучлагаа нөмөрчээ.

Явсаар алхсаар Москвагийн Хэвлэлийн их сургуульд доктороо хамгаалж буй Ононгийн Чинбаяр ахын үүдийг хамт яваа дүүгийн хамт тогшихуй инээмсэглэлдээ нар цацруулсан гэргий Зулаа нь хаалгаа уриалгахан тайлж халуун дотноор дайлж аян замын ерөөл хэлж, тухтай ор хөнжил зэхэж халуун шөлөөр өглөө эртээ дайлж үдэв. Харин Чинбаяр ах байсангүй. Түр Улаанбаатар явсан бөгөөд Москвад болох олон улсын орчуулагчдын 5-р их хуралд нэрт гүүш Го.Аким ахын хамт удахггүй ирэхээр түр яваад эзгүй байв.



4. Москвагийн Шерметив нисэх буудлаас ердөө цаг арван минутын зайтай Сербийн нийслэл Бельград хотын Теслагийн нэрэмжит нисэх онгоцны буудалд түр газардав. 55-н минут хүлээгээд дараагийн онгоцондоо шилжиж Бельградаас ердөө 450-н кмэтрт орших харь хотод газардана гэхээс сэтгэл түгшингүй. Учир юу гэвээс Дэлхийн яруу найргийн 57-дох удаагийн Стругагийн үдэшрүү очино гэхээс дотор сэтгэл булгилна. Чингэвээс өдрийн 14.35-н минутанд Македони улсын нийслэл Скоппи хотод уулс үүлсийг ярсан онгоц Их Александр хааныхаа нэрээр нэрлэгдсэн буудалд газардаж, хүлээлгийн танхимд Монгол улсыг төлөөлж Македони улсад суугаа өргөмжлөлт консул зураач, яруу найрагч, архитекторч орчуулагч Лийтэв Намдагжанчив гэх алдартай нас сүүдэр 70 хүрч буй ч хөнгөн шингэн урт сахал үсэнд нь сор үл мэдэг тогтсон эр найрсагаар гар барин угтвай.

Лийтэв ах хэдий нас сүүдэр хэлбийсэн ч залуу сэтгэлгээтэй, наргиа ч шооч төдийгүй насандаа баймгүй эрч хүчтэй хүн санагдав. Нисэх онгоцны буудлаас гэрлүүгээ хүрэх хурдны замаар 130-тай давхих тэрбээр харц шулуун зоримог итгэлтэй өөртөө багтан ядах нь нэн яруу. Дөрвөн дугуйт замыг хэлтэлсээр өөрийнх нь ажилын байранд ирэхүй түүний бичиж туурвисан болоод Монгол гэх уламжлалыг багтаасан ажилын орчин нь бүгчим агаарыг ярж бодолд сэрүү татуулж, санаанд өлгөгдөх бийрийн татлагууд нь зүрхний хөг хэмнэлийг алдуулна. Намайг ирэхээс өмнө Улаанбаатар Лондон Улаанбаатар гэсэн маршрутаар явж буй Түвшинжаргал Амарзаяа гэх хос дайран өнгөрч өөртэй нь уулзсанг сонин болгож хуучлав. Явсан нохой яс зууна гэж тэдний дайран өнгөрөх газар бүр шинэ сэргэгийг мэдрүүлэг ээ.



5. Скоппи хотоос Струга хот 180 гаруй кметр зайд орших бөгөөд энэ хот жил жилд Дэлхийн яруу найрагчдын шүлгийг Охрид нуурынхаа гүн цүнхээлд хадгалан нууцалж байсан нь илт мэт намуухан эрэг хөвөөгөө мяран даруухан оршино. Цамнаж түрхэрэх нь үгүй мэт дөлгөөн энэ нуурын эрэгт орших Дрим зочид буудалд шөнийн аниргүйд ирэв. Таван тивийн дөрвөн далайгаас цугласан яруу найрагчид тус тусын өрөөнд хувиарлагдаж 141 гэсэн тооттой өрөөнөө ачаа бараагаа зэхэх-үй тагтаар Охрид нуурын давалгааных нь чимээ чих гижигдэнэ. Хэмжээгээрээ манай Хөвсгөл далайгаас арай жижигхэн энэ далайн их ус 57-дох жилдээ орон орны найрагчдын онгод хөгийг гүнрүүгээ нууцлахаар долгилно. Өрөөний хөшиг хүртэл,гижигдэн намиатах салхинд нь биеэ сул орхисон мэт санагдах амой. Газар газраас ирсэн цээжиндээ намрын цас хялмаалсан цэнгэг өглөө эртийн агаарыг ярсан мэт сэнгэг тунгалаг шүлгээ эх хэлнийхээ яруу тунсаг авиатай хоршуулан уншхаар ирсэн яруу найрагчид шүлгээ уншхаар догдолно. Эх хэл соёл түүний яруу тансаг айзам хичнээн гайхалтай вэ? Нойр хулжина. Унтаж үл чадна.Аяны уртад агсагдсан ч шинэ гэгээн бүхнийг тамшаалхаар сэрүүн зовхио нээхүй Польшийн яруу найрагч Адам Загаявский гэх яруу найрагчийн үе үеийн яруу найрагчдын өөриийн нэрэмжит модоо эх дэлхийн хөрс шорооны нэгээхэн хэсэгт үндэслүүлэн услах үйл ажиллагаагаар эхэлж газар газрын яруу найрагчдын бороо шаагих мэт алга ташилтаар нүргэлэх нь тэр. Энд урьд дээр дурьдсан Орос улсад төрсөн ч Америкт харьяалагдах Иософ Бродский 1991-онд намайг төрдөг жил модоо тарьж байжээ. Түүний нэрэмжит модонд зургаа татуулж цааш бусад найрагчдын модыг үзвэл таньдгаас 1984-онд Оросын Андрей Возненский 1986-онд Америкийн бит хөдөлгөөнийг үндэслэгч Аллен Гинзберг 1990-онд Испанийн Падрон нар түрүүлж тэдний тарьсан мод мөч бүрээ дааж ядан энд ирэгсдийн дотоод чавхадсыг хөглөж байсан нь нэн таатай. Тэдний тарьсан моддыг ер энд модоо суулгасан бүх яруу найрагчдын моддыг хархад хавь орчноо чимэн эх газраас цоролзон өндийгөөд нилээн өндөрт ургажээ. Зарим яруу найрагчдын дурсгалын самбар нэрс он цагийн салхинд элж мөлийсөн нь ч үзэгдэнэ.



6. Македони улс хэмжээгээрээ манай Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэртэй газрын зургаас ажваас адилхан харагдана. Грек, Албани, Болгар, Косава улсуудтай хилэлдэг бөгөөд манай улсын хүн амтай ойролцоо 2,5-н сая хүн амтай. 20-н хувь нь христийн шашинт Албанчууд, 70-н хувь нь Христийн шашинт уугуул иргэд Македончуул агаад үлдсэн 10-орчим хувь нь Христийн язгуурын шүтлэгтэнгүүд.

Байрлах сууц хөтөлбөр ёсооор уригдан ирсэн яруу найрагчдын унаа зардал сэлтийг улсын төсвөөсөө жил бүрт гаргачихдаг гэдгийг мэдэж авав. Дэлхийд яруу найргаараа алдартай, түүгээрээ хотоо суртчилсан орон хэд бол. Бодход толгойд юу ч эс орно. Р.Чойномын хэлсэнчлэн мэндлэх нь хүртэл шүлгээр ярьсан ард түмний дунд яруу найрагч гэж хэлүүлэх хэцүү юм гэсэн мөрийг эргэцүүлж тунгааваас эх орондоо ийм нэг томоохон фестивалийг уг нь уламжлал болгон тогтмол хийдэг бол гэж бодох шиг. Манайхан ч тэгээд жилдээ төсөв мөнгө татуу хөдөө орон нутгаа түшиглэж Болор цомоо ч олигтойхон хийж чаддаггүй шүлэг ойлгохдоо ч хойрго улс хойно доо. Ийм арга хэмжээ хийтлээ даший шог биз. Наадмыг зохионбайгуулах комиссын дарга Мите Стевоски гэж нөхөр харагдана. Бүгдтэй элэгсэг дотноор хүндэтгэн гар барьж нүдээрээ инээсэн эл залуугийн хөтөлбөрийг нээж хэлснээс Лийтэв ахаар дамжуулан мэдвээс энэ жил Македонийн төрийн удирдлага солигдоод энэ жилийн төсөв санхүүгийнхээ хувьд жаахан асуудалтай байгааг ойлгож авав. Урьд ирсэн манайхны яруу найрагчдын тэмдэглэлийг уншхад бүгд сэтгэл өндөр буцацгаасныг мэдхийн хувьд явах хүртлээ ямар зүйлс хүлээж буйг тааж үл чадна. Хүн ардынх нь 20-н хувийг эзлэх Мусульман шашинт Албанчууд их энэ улсын агаарын хэм бүгчим. Охрид нуураасаа эх аван урсах Дрим голын дэргэд зассан шөнийн уншилгыг нээж Адам Загаявский шүлгээ унших болход Аллаахыг магтан дуулсаар чанга яригчаар Мусульман шашны мөргөлийн дууг тавьж эсэргүүцлээ илэрхийлэх нь нэн хэцүү аж. Харин Македончууд хаа очиж тэвчээртэй хүлээцтэй ард түмэн юм. Яруу найрагчид өөр өөрсдийн эх хэл дээр шүлгээ уншсаар үзэгч сонсогчид нам гүм. Ийм өндөр зохион байгуулалттай, хотынх нь иргэд шүлэг найрагт дуртай улсуудад баярлах ч шиг. Тэнд бусаддаа төвөг учруулахгүй, чимээ гаргахгүй анхааралтай сонсох нь сайхан. Орон орны яруу найрагчдын шүлгээс эх хэлнийх нь авиа зүй, хэмнэл, бадаглал зүй зэргээс ухаж ойлгох гэж нүдээ аниваас яг ямар шүлэг уншиж буй нь ч мэдрэгдэх шиг санагдана. Ийн байж байтал Албани яруу найрагч бүсгүй Татев Чакижаен гэж ёстой л үзвээс нүд булаам үзэсгэлэнтэй бүсгүй тайзнаа шүлгээ уншхаар гарч ирэв. Ахиад л Мусульман шашинт иргэдийнх нь эсэргүүцэл Аллаахыг магтан дуулсан үгс чанга яригчаар нүргэлнэ. Тэгэвч бүсгүй тоосон шинжгүй шүлгээ тод өөртөө итгэл дүүрэн бахтай унших ажээ. Сайхны өмнө харц буруугүй хойно тэгээд ч гоо сайхан ертөнцийг аварна гэж Толстой хэлсэн байдаг хойно доо. Шөнийн уншилга дуусан буудалруу явах замдаа орон орны төрийн далбааг өлгөснийг ажсаар өрөөнийхөө үүдний амрах танхимд шүлэг бичив. Энэ шүлэг Охридоос үлдсэн бадгууд шүлгийн эхлэл болж цаасанд амилах хувьтай байжээ.

Охрид нилдээ чиний үзэсгэлэнд автаж
Дүрээ тольдооч гэж чамд л зориулж
Намуухан давалгаална
Хөлөө хөвөөнөөс нь дүрвэл их усан цочино доо
Нүд чинь нисэж буй шувуу ч юм уу?
Тогтож өгөшгүй тэр тэнгэрээсээ
Нэг л ширтээч
Үс чинь эндхийн агаарыг шингээгээд
Түүнийг дэрлэх дэр чинь тэвэрнэ гэхээс
Чиний унтах орны дэр болмоор
Алхааг чинь чагнадаг орон
Албанид ч миний амьдардаг хотод
Чи зочилвол, навч агаар халбагадаж газардахдаа
Сормуусыг тань шүргээд газардана даа
Эндхийн Дрим голын нуман гүүр
Яагаад бэлхүүстэй чинь адилхан үзэгдэнэ вэ?
Цочоож болшгүй, хүрч бүүр болшгүй гээд
Яг цааш бичих гэж байтал
Чи дэргэд байсан нам гүмийг үгүйтгээд
Салхи босгосоор өрөөрүүгээ
Яг өмнүүр минь өсгийтийнхөө чимээг
Зүрхэнд шигтгэсээр
Үгүй ээ, буцаад л өөр тийшээ алхчихлаа
Салхи чамайг биш чи салхийг эзэгнэгч юм гэдгийг
Уул мэт дүнхийн хоцорсоор
Би мэдэрлээ

Шинэ агаар, шинэ уур амьсгал, шинэ орчин гэдэг үеийн үед уран бүтээлчдийн онгод хөгийг бадраадаг гэдэг үг шидтэй юмаа.



7. Хөтөлбөрийн дагуу цаанаас зохицуулснаар Австралийн Жонн Матер, Чехийн Жозейв Страка, Израйлийн Шимон Адаф,Норвегийн Мортен Лангеланд гэсэн яруу найрагчидтай дөрөө харшуулан Битола хэмээх хотод хурдны замаар салхи татуулсаар хүрч очвой. Энэ хотод Александр Македони хааны эцэг Филипп хааны хотын үлдэгдэл Хиракли хотын хосгүй нандин өвийг үзэж сонирхов. Манай эриний өмнөх 320-д онд сүндэрлэж асан хотын үлдэгдлээс тэртээд элэрч баларсан хуучин он цаг хотын тууринд үлдсэн багануудаас нь үнэртэнэ. Алгаа дэлгэж багананд нааваас эрт цагийн иргэдийн яриа ч сонстох шиг. Ер аливаа түүх соёлын дурсгалт газарт энергийн эрчим ундарч байдаг шиг сэтгэлд тэмтрэгдэнэ. Эргэн тойронд шуугих моддынх нь чимээг чагнавал бороо шаагиж буй шиг сонстоно. Хотын үлдэгдлийг тайлбарлагч яруу найрагчдад тайлбар хийж буйдаа ч юм уу мэдрэмжтэй нөхөр байв. Эндхийн байгалийн чимээ найрагчдын онгод хөгийг бадрааж байна уу гэхэд бүгд нэгэн зэрэг инээлдсээр Битола хотод орших үндэсний театрын танхимд тав таван шүлэг уншсаар шөнийнх нь гудмыг үзэх аялалдаа гарав. Эл хот Югослав улсын бүрэлдэхүүнд байхдаа Македони улсын төв нийслэл байсан төдийгүй олон орны элчин сайдын яамууд оршдог төв цэг нь байсан нь хуучны барилгууд хотынх нь иргэдийн өндөр ёс суртахуун найрсаг зангаас илт мэдрэгдэх нь таатай. Намайг нисэх онгоцны буудлаас тоссон Лийтэв ахын эхнэр насаараа дунд ангийн уран зохиолын багш хийгээд одоо тэтгэвэртээ суусан Ники эгчийн төрсөн газар болой. Скоппи хотод байх гэрт нь орход Сайн байна уу? гэж Монголоор мэндчилж гарын пиццагаараа дайлсан Ники эгч 1975-1978 онуудад Улаанбаатар хотод амьдарсан бөгөөд манай нийслэлийн цаг агаар түүнд тун хүйтэн санагдсан нь илт биеэ хумьж чичирч үзүүлсэн нь хөгжилтэй. Лийтэв ах чанга дуугарвал их өмөөрнө намайг. Аялал жуулчлал гэхээсээ илүүтэй хотынх нь иргэд шөнө дөлөөр их хөлхөх бусад хотуудаа бодвол чимээ шуугиан нь энд тэндээ нүргэлж охид залуус нь дуу шуугиантайгаар орших нь амьдралын хэмнэл өдөрт бус шөнө л цэцгэлдэг мэт санагдажахуй.

Загалмайнд орших Христийн гунигт нүд
Энгэр цээжиндээ тэднийг нандигнаж
Хүзүүндээ
Хүсэл сэтгэл, сүсгээ даатгасан
Эртний дайчдын хойч үе
Шөнийг л бүтээн туурвих гэж оршдог уу гэмээр
Бүргэдийн хошуу мэт өндөр хамрынхаа үзүүрээс
Харанхуйд үл үзэгдэх нүдээрээ
Хамгийг хараачилж, зовхио цавчих нь үгүй
Их Алексндрын цэргийн сүр хүч
Уулсынх нь энгэр бэлд шуугих
Моддоос нь сонсогдох мэт
Хүүгэн удирдах салхисын шуугиан гэвч халуун
Судсаар нь урсах цус, булгих халгиан нь
Ийм л байсан уу гэмээр
Санагдахын төдий
Бодол сарниаж, тээр дээр дэвэх цахлайн
Усруу шунгах далавчны чимээ.



8. Эх хэл минь хичнээн эгшиглэнтэй яруу тод вэ? гэдгийг энд ирснээсээ хойш Македоны яруу найрагчийн амнаас сонсох нь тэр. Уншиж буй чинь хоолой чинь таалагдав гэх эл бяцхан магтаал их ч урам өгөв. Бага буурай улс орны яруу найраг гэгч бас хичнээн ядууг ч ойлгов. Палестины Гаяат Алмадун гэгч яруу найрагч шүлгээ унших нь нэн төвөгтэй. Шүлгээ уншхаараа урт яриа хийж байж уншина. Яриа нь гэвэл улс үндэстнийхээ хэрхэн дарлагдаж буйд эмзэглэж явдгаа илэрхийлнэ. Шүлэг нь ч мөн адил тэр л сэдвээ шигтгэж бичиснээ уншина. Шүлэг гэхээсээ илүүтэй урт урт найраглал уншхад нь бусад орны найрагчид онц гойдоор хүлээж авахгүй. Уншилт бүхэн дээр нэр нь зарлагдаад гарч ирэх бүртээ л урт юм уншина та бүхэн залхахгүй биз гэж анхааруулхад нь хувьдаа өмнөөс нь зовнино. Мань хүн ч хип хоп дуу дуулж буй мэт хурднаар үглэж уншина. Гэхдээ түүний биеэ авч явах хувцалсан байдал энэ тэртэй ярилтгүй цэмцгэр. Хаа газар олны дургүйцлийг хүргэдэг нэгэн байх ч хайрыг булаадаг нь ч байх. Тэр бол Испанийн яруу найрагч Жозеп Педралс, Их Британийн яруу найрагч Стивен Фаулер хоёр юм. Ёстой л бичиснээ амилуулна гэдгийг Испани нөхөр үзүүлнэ дээ. Шүлгийнхэээ дундуур уйлж, инээж, гуниглаж, тэр байтугай болжмор шиг жиргэж байгаад нам гүм юу ч хэлэхгүй зогсож байснаа гараа алдлаад, өлмийгөө өргөөд дэгдэж одно. Харин Британи нөхөр бол жинхэнэ поп. Хаана яаж хэний анхаарлыг өөртөө татах вэ? гэдгээ мэддэг нөхөр. Шүлгээ юм идэнгээ уншина. Уран уншигчид шүлгийг нь Македони хэл дээр уншиж зогсох хооронд зрительрүү хөөсөн бөмбөлөг гаргаж ирээд үлээж зогсоно. Нэг бол шүлгээ жаахан хүүхдээр дуудуулна. Ер нь л хачин жигтэй нөхөр. Түүнийг хаа явсан газар Лий ах шоолно. Энэ нэг шүлэг уншхаасаа илүү шоу нь дэндчихсэн амьтан гээд л. Арга ч үгүй юмдаа. Хоолоо хүртэл хачин жигтэй иднэ. Шөлний тавганд хоёрдугаар хоол, хоёрдугаар хоолны тавганд шөл хийж идэж байгаа амьтан чинь настай хүний нүдэнд бол хэцүү л харагдана кк.

Гэхдээ ийм нөхдүүд цагийн цагт үеийн үед яруу найргийн илч галанд дулаацах гэж өөрийгөө олж авах гэж энэ ертөнцөд ирдгээс хойш яалтай билээ. Талийгаач Хөөдэйн Эрдэнбаатар ахынхаа нэг мөрийг санахад л
Үе үеийн яруу найрагчид
Үймээн самууны эзэн байдаг гэж хэлэх жишээний. Үнэн юмаа.



9. "Яруу найргийн үдэш"-ийн хөтөлбөр ёсоор бид Македоны түүх соёлын дурсгалт газруудаар аялан шүлгээ унших ёстой. Тэр ёсоор уулын бэлийн агуйг сүм болгосон Калиста сүмийн өмнө, Охрид нуурын эргийн хажууд бүгд нэг нэг шүлэг дуудав. Энд уригдсан яруу найрагчид цөм л өөр өөрийн унших техниктэй. Зарим нь шивнэх шахуу чимээгүй дотогшоо зөвхөн өөртөө зориулж уншиж буй мэт уншина. Энэ дундаас гоц ялгарч унших нь Шведийн яруу найрагч бүсгүй Ида Боржел. Швед хэлээрээ давхар Македони Англи хэл дээр орчуулагдсан хувилбараа Македонийн эрэгтэй эмэгтэй уншигчдын хамт дуу цацруулагчаар нэгэн зэрэг унших нь нэн сонирхолтой. Гурван өөр улсын хэл дээр нэг шүлгийг нэгэн зэрэг хоршин унших нь эх дэлхий дээр бид,хүн төрөлхтөн эвлэлдэн гар гараа атгаж нэг нэгэндээ туслаж аж төрөх ёстойг сануулах шиг. Түүнийг шүлгээ уншмагц бүгд алгаа нижигнүүлнэ.

Охрид хүртэл давалгаагаа намсган чагнах шиг толион дээрээ нар гялбуулан мяралзана. Эргийнх нь хөвөөнөөс тольход л загас жараахай нь уран бидэр татуулан сүлжилдэх энэ нуурыг тойроод өндөр өндөр хөвч тайга дээрээс нураад юу юугүй нөмрөөд авчихвий гэмээр асга хадад сүглийн оршино. Охрид нуур Струга хотын ард иргэдийг ёстой л тэжээн тэтгэдэг санагдана. Эрэг дагуу нь дотоодын болоод гадаадын жуулчид завсар зайгүй биеэ шараастай. Амралтын газрууд ч их зүсэн зүйлийн түмэн хүний нүд сэтгэлийн цангааг тайлсаар тэр мөнхөд оршино. Арга ч үгүй биз. Македони улсыг газар дундын тэнгис, эгейн тэнгис, хар тэнгисийг машинаа хөлөглөн зорьдог Европийн жуулчдын их урсгал дайран өнгөрдөг болхоор .

Ах дүү Димитр Константин
Өмнө нутгаа эгээрэхүй шүлгийн самбар
Тэдний хөрөг, хөргийн хажууд урсах
Дрим гол
Дрим гол дагуух усруугаа бөхийсөн
Агч модод
Агч моддынхоо сүүдэрт тамхилах
Түмэн зүйлийн энд ирэх гэж л
Бурханы ч юм уу зараалаар
Ирэх л гэж, амьсгалах гэж л ирсэн
Элчүүд
Нүдэнд нь голынх нь загасны хайрс гялтганах
Охидынх нь инээд зүүдэнд ч цангинах ховсчид
Ирэгсдээ хүндлэх нь хаман эрчлэх их ус шигээ
Буцна гэхээс хоргодох түмэн шалтгаан үүтгэх
Македоны нам гүм, гүн шөнө
Ийм шөнүүдийг бэлгэлсэн
Цагийн зөнг урьдчилж
Бүүр эрт мэдсэн бол
Өшөө олныг бичих өглөөг захиалах байлаа.



10. Энд ирснээс хойш хөвчөө хүрээлэн дүнхийн мануурах бүгчим агаараас нь салхи хүсэвч, салхи нь хүртэл халуун байлаа. Буудлынхаа тагтан дээрээс ажваас Охрид хэдий давалгаалах нь сонстовч агаарын хэм нь 30-н градусаас дээш. Уншилга болох цаг хүртэл ерөнхийдөө бол хийх ажилгүй над өрөөндөө амрангаа шүлэг л бичиж тэр халууныг түр мартхаас өөр аргагүй. Муур бол тэжээвэр хийгээд золбин гэж тоймгүй юмаа. Байрлан буй буудлын гадаа хүртэл хоёр муур амьдарна.

Алаг муурыг хар муур эрхлүүлж долоох нь
Хав хар тэнгист чинь одод хөлөө дүрэх шиг
Арван тавны энэ бүлээн сарыг чинь
Алгандаа тосох төдий ойрхоноос ширтэх минь
Хөндий эзгүй зүрхийг хөндлөн голоор нь цуучих шиг
Орон орны оюун санаанууд цугласан
Стругагийн намуухан шөнө өө
Онгорхой гэгээвчээр салхи хүүгэх мэт
Сэтгэлийн цонх савчих нээ
Гилийн тамгат хэлбэртэй навчисын чинь шуугианыг сонор минь хадгалчихлаа
Гэрт минь харихаас өмнө нулимсаа нэг үзүүлж бороогоо шаагиулж үзүүлээч

Цагийн зөрүү нь манай улсаас нэг хоногоор хоцорч явна. Зургаан цагийн зөрүүтэй. Зөрүүнд нь бие нэг их төдөлгүй амархан дасав. Нойргүйдэлд автаад байлгүй дээрх бичсэн шүлгээ бичиж дуусаад хэсэг унтав.

Хэн нэгний гитарын аялгуу тагтаар дамжсаар
Чихнээс минь татаад сэрээчихлээ
Өрөөнийхөө хөшгийг нээгээд үзтэл
Бороо шаагиад эхэлчихжээ
Охрид чиний цэнхэр өнгө, ногооноор солигдож
Мөчир дээр унтах
Толгойгоо бөгтийлгөн нугдайсан хэрээд
Хагас саран хэлбэртэй буудлын
Эсрэг талын тагтнаас тэднийг ширтэх
Польшийн яруу найрагч
Адам Загаявский
Тэр ч бас ямархан нэгийг толгойдоо
Зураглаж зогсоо бизээ
Эрэгт чинь биеэ шарагсад
Цөм л хоргодох сууцруугаа орсон үзэгдэнэ
Би гарч чиний давалгааг
Бороотой чинь чагная даа

Чихнээс татаж сэрээсэн нөхөд Македоны яруу найрагчид байв. Тэд үндэстнийхээ дуу хөгжмийг эгшиглүүлж хундага дарсыг сөгнөж суусан нь тэр авай. Бороог чинь үзлээ сэтгэл санаа минь нэн хөхүүн.
Хүний хүүд хүршгүй оргил давшгүй даваа гэж үгүй билээ
Хүлэг морь давхил дундаа амгайгаа химлэн давхих мэт дараагийн хот руугаа. Тэнд намайг юу хүлээж буй бол.



11.  Бороотой Охрид нуурынхаа нэрээр нэрлэгдсэн
Охрид хотод Стругаас очлоо
Ливэрпүүлийн дөрвөлийн
Let it be буйдхан баарнаас эгшиглэж
Түүнээс цаах нь хос залуусын цангинах инээд цуурайлна
Амьдардаг хотынхоо гудмаар төсөөлвөл
Урт цагааны давчуухан гудамтай төстэй санагдана
Энд чимээ гэвч, чимээ бус
Хүмүүсийн ярилцах, шивнэх төдий нь таатай
Явсаар, алхсаар гайхшаа барсаар
Нэг л мэдхэд өмнө минь
Арван нэгдүгээр зууны үед хамаатах
Света Софижагийн ариун дагшин сүм

Дуу чимээ гадагш үл цацрах эртний христийн шашинт энэ сүмийн хана хаалга адарт шороон будгаар зурсан бурхадын хөрөг дүрүүд үзэгдэнэ. Зарим нь он цагийн буурал салхинд элэгдэн мөлийжээ. Хөтөлбөр ёсоор юун түрүүн “алтан титмийн эзэн” шүлгээ уншин салхийг хагалж ах дүү Константин Милиданов, Дмитр Милидановын шагналыг хүртсэн Македоны өвгөн найрагч Михайл Ренцов түүчээлэн найрагчид шүлгээ уншив. Эртний түүхийг хадгалан өнө удаан оршсон энэ сүмийн гадна уушийн газар нэн олон байсан ч гадны чимээ үл сонстоно. Төгөлдөр хуурч Дунжа Иванова найрагчдад зориулж хар цагаан даруулаас хальж нисэх аялгууг танхимаар нэр цуурайтуулна. Нотных нь дэвтрийг түүний нүд адраас ширтэх бурхадын мэлмийл харна. Хөгжим гэдэг дэлхийн хэл болой. Ямар ч хил хязгааргүйгээр хэл авиагүйгээр тэр хүн бүхний сэтгэлд далавчаа хумин буух авай. Энэ зуур анх удаагаа ядахнаа ганц ч атугай ямар нэг хөгжмийг тоглож чаддагсан бол гэж шунан хүсэв. Юм гэдэг эргээд хэзээд давтагдах үгүй тухайн агшиндаа л үлдэж хоцордог эд болхоор эргээд тэр цагруу очихыг бодож төгөлдөр хуурч бүсгүйн аялгууг утсандаа бичиж авахаа ч мартсангүй. Дурсамж, залуу нас, гэрэл зураг, бичлэг хожмоо түүхэн архивт хадгалагддаг нь сайхан юмдаа. Бороотой Охридын шөнийн гудмаар найрагчид унааруугаа алхах нь төгөлдөр хуурч бүсгүйн дарсан хар цагаан даруулуудаас хальж ниссэн аялгууд хөлхөх шиг шөнийг чимж үзэгдэнэ.

Энэ ертөнцөд байхгүй шив шинэхэн хоолойн өнгийг олж сонслоо
Эрчилж түрхэрсэн салхинаас чинь ч бус
Эгэм дүүргэн цурхирах бороон дуслаас чинь биш
Амьд сэргэг байгалийн чинь энгүй тансаг гоо цогцлоос бус
Аниргүйд мэлтэлзэн хөхрөх далай тэнгисийн тань цуурайнаас бус
Агшин мөч хором бүрт догдлуулсан охидын чинь зүрх эмтэлсэн харцнаас биш
Уудам тэнүүнээр бодвол ууж буй ус ч дала мэт сэтгэгдэж
Ухаан санаа цэлмэх агшин,лааны гэрлийг хэн нэгэн
Уртаар санаа алдан чимхэх шигээр
Чиний бэлгэлсэн нам гүмхэн сарны гэрлийг хөдөрч нөмрөхдөө
Чамайг тэвэрч өвөртөө оруулсан шөнө бүрээсээ мэдэрлээ

Мэдрэмж минь хөгтэйг, түүнийгээ услаагүй удасныг
Магад чи хэлж өгөөгүй бол
Чиний хөлийг минь гижигдсэн гудам чинь хэлж өгөөгүй бол
Чиний нүдрүү гялбасан нарнаас чинь аваагүй бол
Хэдий удах байсныг, хэрхэн түүндээ зовних байсныг
Хувь заяа минь ч тааварлахгүй байсныг л ойлгоно
Сэтгэлд өнгө нэмж, санааны хөшгийг нээсэн
Сав саруулхан бодлуудаа би хаана аваачиж гээвэл зохилтой вэ?



12. Яруу найргийн хөтөлбөрийн оргил мөчүүд үргэлжилсээр. Их Александрын нэрээр нэрлэгдсэн усан онгоц хөлгийн ахмадтайгаа зангуугаа эвхэн Охридыг хөндлөн гулд туулхаар дайвалзана. Хүлгийн бүхээг дүүрэн яруу найрагчид. Онгод хөгийг бадрааж их усыг яран мөн л эртний Sveti Naum сүмийн зүг довтолгоно. Эргэн тойрон хөвч ногоон тайгууд асга хад шивээлсэн байц шовх оргилууд. Охрид хот үзэсгэлэнтэйгээс гадна аялал жуулчлалын томоохон бүс юмаа. Эргэн тойрон жуулчид хотын иргэдийн гар аргаар уралсан бүтээлүүд. Энэ зуур түр амсхийж найрагчдаас захлан Лийтэв ахын ертөнцөөр аялж хоёул ажил мэргэжил амьдралын наад цаадхыг хүүрнэж суув. Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн тэрбээр 10-төгсөөд хуучин Югослав нэртэй байсан энэ улсад ирж Архитектурын ангид сурч боловсрол эзэмшин гэргийтэйгээ танилцаж байжээ. Монголд анх удаа эстрад рок хөгжмийн үдэшлэг зохиож хууль хяналтнуудын хараанд өртөн, үзэл суртлын эсэргүү нөхрийн тоонд бүртгэгдэж явсан эл хүмүүн залуудаа "Найрамдал" зуслан "Сөгнөгөр"-ийн амралт гээд олон бүтээн байгуулалтын архетиктур зураг төслийг зохиож байснаас гадна Македоны урлаг соёл, улс төрийн хүрээний дээдсүүд дунд ихээхэн нэр хүндтэй, хүн бүхэн л танимхайран мэндэлж байгаа нь бахархах сэтгэл төрүүлж байлаа. Мөн энэ улсад Монгол хэлтэй хүн тэр л байна. Магадгүй Македон хэл мэддэг Монгол хүн түүнээс өөр үгүй бизээ. Чингис хаан одонт энэ наадамд 2009-онд Монголоос оролцож байсан зохиолч яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо ахын эмхэтгэсэн бүх цаг үеээс сонгосон дэлхийн яруу найргийн дээж 300 шүлэгт номонд Стругагийн үдшийн уриа шүлэг Константин Миладиновын Москвагийн их сургуульд сурч байхдаа бичиж 1860-онд хэвлүүлсэн " Өмнөд эх нутгаа эгээрэхүй" шүлгийг түүний орчуулгаар энд ирэхээсээ өмнө уншиж танилцсанаа ч мартаж боломгүй. Ер нь жил жилд уригдан шүлэг бүтээлээ уншиж байсан Монгол найрагчид минь цөм л эх орноо суртчилж явжээ! 2011-онд ирсэн Нацагдоржийн шагналт яруу найрагч Дан.Нямаа ах соёл яруу найргийн акедемийн нарийн бичиг хүндэт эгч О.Мөнхнаран нар оролцохдоо тун чамбай эх орноо төлөөлж байсныг Лийтэв ах дурсав. О.Мөнхнаран эгч шүлгээ дагалдуулан дуу дуулж эх орныхоо байгалийн сайхан, хүн зоныхоо аж амьдралыг харуулсан баримтат кино үзүүлжээ. "Монголын орчин үеийн яруу найраг" анталоги ч Македони хэл дээр орчуулагдан хэвлэгдэж түүнийг Лийтэв ах орчуулж тэнд уригдсан найрагчдад соёл яруу найргийн акедемийн зүгээс хүртээж байж. Дорнын эх яруу найрагч Бэгзийн Явуухулан

Шүлэг минь-хүлэг минь хурдлан давхи
Хүлгийн шандас харуулахад холын зай хэрэгтэй
Хүн ардынхаа захиасыг санан санан давхи 
Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй гэж 1977-онд шүлэглэснээс хойш яг арван жилийн дараа Монгол улсыг төлөөлж 1987-онд өнгөрөгч онд манай улсад зохиогдсон дэлхийн яруу найрагчдын 37-р их хурлын үеэр дэлхийн гарамгай найрагч шагналыг хүртсэн төрийн шагналт Долгорын Нямаа агсан очиж байсан нь ч хачирхалтай бөгөөд их найрагчийн мөрүүд биелэлээ олсон мэт санагдана. Эл тэмдэглэлийг уншигч авхай гайхаж юун магад! Тийшээ зорьход ямар тойруу замаар яваав гэж. Уб-Истанбул-Македони гэх маршрутаар явж болох байсан авч өөрийн хойрго зангаас болж нисэх тасалбараа явхаа дөхүүлэн захиалах болход дээрх нислэгийн чиглэл үнэтэй тусаж эрхэм эгч О.Мөнхнарангийн хичээн зүтгэлээр Уб-Иркутск-Бельград-Скопье гэсэн тасалбарыг маш хямдаар авсныг дурдахгүй өнгөрч боломгүй.



13. Анхны юм бүхэн ололт амжилтаасаа илүү хүнд алдаа дутагдлыг нь ойлгуулдаг зүй тогтолтойг энд ирснээрээ тархиндаа сайтар суулгав. Урьд урьд жилүүдэд энд ирж байсан найрагчдынхаа гаргасан жимд тэдний таслаагүй эх сайхан Монгол хэлнийхээ энгүй тансаг бадгуудаа өөр улс орны хэл дээр хэвлэн авчирч оролцож байсныг анх удаагаа дэлхийн яруу найрагчдын оролцохыг хүсдэг том наадамд ном болгон хэвлэж авчирч чадсангүй би. Энэ үйл явдал мартаж боломгүй том сургамж болж зүрх өвтгөнө. Яг энэ үйл явц цээжинд гуниг үерлүүлэх үеэр хөлөг онгоцны 2-давхрын тагтан дээр 2014-онд ирж оролцож байсан Монголын уянгын яруу найргийн сод төлөөлөл миний хийгээд амьдарсан цаг үеийнхээ бүх яруу найрагчдад байгаагаараа үлгэр дууриалал болж явсан Арлааны Эрдэнэ-Очир агсанг дурсан санагалзав. Далай хараад гуниг төрөхгүй бол чамд ямар ч найдлага алга гэж Лоркасын үг үнэн болж таарав.

Хаврын шувуудтай би чам юугаан тэмцэнэ
Халуун сэтгэлд ойрхон нутгийн нуураа
Газрын эн амьтай мэлмий, тэнгэрийн амттай нуур 
Газарт тэврүүлсэн нүдэн минь ээ
Тэнгэрийг тэвэрсэн тэнгисхэн минь ээ.  (А.Эрдэнэ-Очир)



Гуравхан сарын өмнө амьд байсан
Шүлгээс нь сайхан сэтгэл нэвт үнэртсэн
Тэр ах дөрвөн намрын тэртээ
Чамайг ширтэж зогссонг бодхоор
Зүрх эмтэрнэ, нулимс цэлэлзэнэ
Мяралзах долгио чинь зэрэглээ мэт 
Нүд сүүмэлзүүлнэ
Хүмүүний амьдрал гэрэл ташуу татсан
Нарны гэрлийг ойлгох
Охридоо чиний долгиотой адилхан ч юм шиг
Ангир дэвээд өнгөрхөд
Ард нь амгалан оршсон ертөнцсөн
Намирах үснийх нь долгио яг чиний шуугиан
Тэр ах тэнгэрээс
Тэнгэрийг тэвэрсэн 
Тэнгисхэн минь ээ гэж бичсэн мөр шигээ
Эрэг хөвөөг чинь эрхлүүлж
Миний нутгийн нуур дуугаа амандаа хүлхэж 
Сэтгэлээ агаарт чинь сэвж зогссон нь мэдрэгдэнэ
Тэр одоо газраас биш 
Уулсаас өндөрт, үүлсээс арай дээх нь
Салхинд хийсэх санаа бодлоо гилж 
Чамайг бүхлээр нь харж буйд итгэнэ
Итгэнэ гэдэг хэзээд л сайхан байдаг даа
Яг ингээд бодхын төдийд л 
Бороо цагираг цагираг дэлхээн үүсгэсээр
Чам дээр асгарч байна
Түүний л нулимс бизээ
Нүдээ анья
Алгаа дэлгэе
Алгыг минь үнсэж байна гэж өөртөө итгүүлэе!

Эрхэм ахын олон сайхан бүтээл цагийн цагт хүмүүний сэтгэлд хоногших болтугай.



14. Аялал жуулчлалын Охрид хотын сүмд болсон уншилгаас Охридын эрэгт найрагчдаас захлан Лийтэв ахын сэтгэлрүү шагайж алдаа дутагдлаа ухамсарлаж өөртөө дүгнэлт хийн энэ ертөнцөөс эгнэгт одсон ч зүрхэнд ээл дулаан шүлэгтэй ахад зориулсан шүлэгтэйгээ гуниглуухан хүлгийн тавцанд сэтгэлийнхэн хэцэнд олон санаа алдалтаа тохсон миний бодлыг сарниаж усан онгоцны бүрээ хангинаж зангуугаа эвхсээр Дрим зочид буудалруу Александр хөлөг хөдөллөө. Миний ууж баралгүй орхисон цор ганц амтат дарс бол бүсгүй хүн гэж Данзангийн Нямсүрэн найрагч хэлсэнчлэн хөлөг онгоцны хамгийн урд тавцан дээр Албани яруу найрагч Охридоос үлдсэн бадгууд шүлгийн эхний шадыг өөртөө гарчиглуулсан Татев Чакижаен алсыг ширтэж үс нь салхинд хийсэж хүлгийн 2-р давхарт суух надад үнэр нь ирж тэврүүлэх мэт санагдахын төдийд л нисэх онгоцны угтагсдын танхимд Лийтэв ахын хамт зогсож гар барьж анх танилцсан Македони хүн Николь дуу шуу үүтгэсээр найрагч бүрт лонх дарс тараав. Ямар ч шошго байхгүй хэзээ үйлдвэрлэгдсэн болох нь тодорхойгүй шилнийхээ бөөрөнд цав цагаан хоосон цулгуй цаасыг нямбайлан наасан тэр шингэний шилэн дээр шүлэг бичих үүрэг даалгавар ававаа. Огтоос төсөөлөлд орж байсангүй. Оюутан ахуй цагт л их сургуулийн дугуйлангуудад үеийн нөхөдтэй мөр зэрэгцэн 5-н минутын бэсрэгхэн шүлгийн уралдаанд орж явсан болхоос олон орны өөр өөр соёлтой найрагчидтай,нуруу нуруугаа налан тэгнэлтэцгээж шүлэг бичхийн чинээ яаж санах билээ. Бичсэн бүхэн гэвч шүлэг хэрхэн болох билээ.

Тагнайд амт нь хүртэгдээгүй дарс өмнө минь 
Таглаан дээрх бичээс нь 
Миладонавын бичсэн
Өмнөд нутгаа эгээрэхүй 
Шүлгийн гарчиг
Охрид нуур 
Александ Македоны нэрээр нэрлэгдсэн
Усан онгоцыг бүүвэйлж 
Давалгаалахтай адил
Ууж үзвэл сэтгэл минь ч бас 
Дайвалзах бизээ гээд л татлаад хаячхав. Шүлэг ч гэждээ оногдсон хугацаанд шилэн лонхны бөөрөнд наасан цаасны хэмжээнд тааруулсан сэтгэгдэл төдий л эд юм дөө.



15. Яруу найргийн уншилгын сүүлийн уншилга. Орон орны найрагчдын хачин адилханыг гайхмуй би. Бүгд л гэгээн алсад одохсон, хязгааргүйн гэгээнд уусахсан гэх. Дотоод сонсголоороо найраг сонсохын гайхамшгийг тэнд очсон хүн л мэдрэнэ. Шүлэг сонсох гэж, эх хэлээрээ бичсэн шүлгээ догдлон унших гэж, эх орныхоо утга зохиолыг суртачлан таниулах гэж ирцгээсэн найрагчид Охрид нуураас эх аван түрж орсон Дрим голын гүүрэн дээр зассан тайзан дээр суудлаа эзэлжээ. Тайзны суудлаас харвал 150.000-гаруй мянган оршин суугчтай эл бяцхан Струга хотын иргэд шүлэг сонсох гэж тэр чигээрээ бүгд ирээ юү гэлтэй Дрим голынхоо урсгалын 2-талын эрэгт зассан суудалд мөн тухалжээ. Дэлхийд яруу найргийг сонсож мэдрээд дээдлэн хүндэлж уламжлал болгон 57-н жилийн турш намар бүрт найргийн хурыг хотдоо үеэрлүүлдэг ард түмэн байх гэж. Түүгээрээ тив дэлхийд хотоо суртчилан таниулаад хагас зууныг үджээ. Хятад улс цайгаараа, Герман улс Бенз машинаараа, Япон улс цахилгаан барааны Тошибагаараа, Солонгос улс Самсунг утсаараа алдартай шиг Македоничууд хүн төрөлхтний соёл яруу найргийн дээжийг жил жилд өргөн дэлгэр хийж Стругагийн үдшээ бренд болгож чаджээ. Гэтэл манайд дэлхийд таниулсан бренд зүйл юу билээ? . Газар нутгийнхаа хэмжээгээр 18-т орох өргөн дэлгэр уужим нутагтай хүнээсээ хэд дахин илүү малтай хирнээ л дөрвөн уулынхаа дунд хашигдан суурьшиж түгжрэл бухимдал харанхуй бүдүүлгээ гайхуулсаар "УТААНБААТАР" нэрээ л бусад оронд алдаршуулжээ. Ойн чөлөөнд нярайлах нарны гэрэл мэт бидний оюун санаанд хэзээ ухаарлын гэрэл гялбах юм болоо!



16. Буцах цаг гэдэг харуусал зовнил,гуниг ухаарлыг тээж байдаг юмдаг уу даа. Ирсэн бүхэн буцадгын адил Охридод чуулсан хун галууд бүгд сэтгэл хоргодонгуй түүний давалгааг нүдэндээ нулимс цийлэгнүүлэн харна. Тэнгэрийн өнгө бүүдгэр. Ийм бүүдгэр ахуй л яруу найраг шиг санагдана. Шопений аяыг чихэвчээрээ чихрүүгээ гулсуулан манан ороосон өндөр өндөр хөвч тайгыг ширтэж, эрчилж шуурсан гол мөрдийн урсгалыг ажин, өгсөж уруудах тахир замуудыг цонхоор харж алс аяны харгуйг ширтэн Струга хотоос төв нийслэл Скопье руу явж байна. Суудлын хажууд зэрэгцэж суусан Сирийн яруу найрагч Хусейн Хабаш зам дагуу автусны цонхоор байгаль ажиглан шүлэг бичсээр л явав. Нэг хархад унтаж байна уу гэж харагдавч тэр бодож буй нь илт. Үзэж харснаа зураглаж үлдэнэ, түүнийгээ яруу найраг болгож авч үлдэх гэж хичээх тэр халуун сэтгэлд талархмаар . Скопье хотоос 20-иод мод газрын зайтай Матко Каньон гэх өндөр сүрлэг уулсын дундуур урсах Вардар мөрний хажууд ирлээ. Өнгөрсөн зууны 40-өөд онд Гитлерийн Германчууд Македоныг эзэлмэгцээ нийслэл Скопье хотын дундуур урсах Вардар мөрний эхэнд байгуулсан усан цахилгаан станц сая гаруй хүнтэй хотоо гэрэлтүүлж байна. Ер нь Македони улс усан цахилгаан станцуудаараа эрчим хүчний асуудлаа шийддэг юм билээ. Бидний буусан Вардар голын дэргэдэх амралт зугаалгын таатай нөхцөлтэй усан цахилгаан станцын энэ хавиар амралтын өдрүүдээр Скопье хотын иргэд ирдэг бололтой. Энэ зуурыг мэдэж аван эргэцүүлсээр нэгэн багшаархан ресторанд үдийн зоог барив. Тэр газраас очиж үзээгүй хотууд болох Берлин 1318 Хонконг 8610 Токио 9374 Лондон 1940 Парис 1664 Нью Иорк 7516 Рио де Жанеро 9767 кмерт оршиж буйг мэдхэд болдогсон бол дүүлээд очихсон гэж төсөөлнө. Хүний хүсэл шунал гэдэг. Мөрөөднө. Бүгдэд нь очих юм шүү. Найрагчид үдийн хоолны үеэр нэг нэгэндээ өөр өөрсдийн түүврийг сэтгэлийн үгтэйгээ бичиж дурсган дурсгалын зураг татуулан тэврэлдэнэ. Зарим нь уйлж буй ч харагдана. Долоохон хоног ч найргаар жигүүрэлсэн хүмүүс хоорондоо дасах нь амар юмаа. Яруу найргаар эхэлсэн нөхөрлөл яруу найргаар л төгсөх бизээ. Бидний сүүлийн орой Скопье хотын төвд Младиновын хотел гэх дөрвөн давхар зочид буудалд ирж өндөрлөв. Македоны залуучуудын төв байгууллагын зочид буудал хэмээх хаягныхаа доор тодотгон бичсэн байх ба өмнөө сүүдрэвч бүхий ресторантай эргэн тойрных нь байшин барилгуудыг ажваас Шекспирийн нэрэмжит гудманд байрлах юм. Анх ийшээ хүлгийн жолоо залхад л Бродскийн нэрээр нэрлэгдсэн онгоцонд сууснаас хойш туж яруу найраг утга зохиолтой холбоотой бүхэн намайг тосож байжээ. Өрөөнийхөө цонхыг цэлийтэл нээгээд утаснаасаа Хэнтийн өндөр уулыг тавьлаа. Скопье хотын бүүдгэр тэнгэр салхинд эргэлдэх шаралсан навчис бөөн бөөнөөрөө газраас эргэлдэн хөөрөөд буцаж газарт унах нь ч шүлэг шиг санагдана. Намар цаг гэдэг өөрөө яруу найраг ажээ. Амьдралын минь хуудсанд шинэ өнгө гэрэл тусгаж мартагдашгүй үйл явцыг нэмсэн анх удаагаа маш олон шүлэг уншсан, сонссон, сэрж мэдэрсэн өдөр хоногууд байлаа. Битола, Охрид, Скопье, Струга хотуудаа үзүүлсэн Македоны ард түмэнд, Стругагий үдэш яруу найргийн цэнгүүнийг зохион байгуулах комиссынхонд энд ирэхэд тусалж дэмжсэн гэр бүлийнхэн ах дүү хамаатнууд хийгээд анд нөхөддөө цөмөөрөнд нь мэхийн ёслов. Тэнд танилцсан яруу найрагчид, ийшээ зүглэх Монгол яруу найрагчдын зам жим хэзээд үл балартаг. Яруу найраг биднийг аварна

Хэцэн дээр тохсон хувцаснууд салхинд дэрвэх нь
Хаялах давалгаатай тань адилхан үзэгдэнэ
Хэзээ хойно энэ зураглалууд нүдээ анихад минь
Хайрлам дурсамж болж сэтгэлийн минь бягтрууланд эргэлдэнэ
Зүүг нь элэгдхээс өмнө хальсыг нь нарнаас харамлаж
Зөвхөн өөртөө хавтаслаж үлдэх зураглалууд
Ягуухан гансрал тамхины утаатай цуг ниссээр одох шиг 
Зүүн энгэрт минь орших өврийн дэвтэрт цохилно
Ханьлан учирсан богинохон зуурдын учиралаа
Хайрлан дурсаж иргэн иртлээ би чамайг санана аа

Скопье-Улаанбаатар 2018
 
Яруу найрагч Сайнжаргалын Начин
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна