Тайванийг хятадын нутаг дэвсгэрт багтаалгүй зурагдсан 30 000 газрын зургийг устгажээ

2019/03/28
 

Урд хөршийн гаалийн албаныхан Тайвань болон Аруначал Прадешийн (Өмнөд Төвд) бүс нутгийг хятадын нутаг дэвсгэрт багтаалгүй зурагдсан 30 мянган газрын зургийг устгалд оруулсан болохыг Хятадын төрийн өмчит "Global Times" агентлаг өчигдөр буюу мягмар гарагт мэдээлжээ.

Тодруулбал Анхуй мужийн хэвлэх үйлдвэрт экспортын зориулалтаар хэвлэгдсэн тэрхүү газрын зургууд "Хятадын нутаг дэвсгэрийг үнэн зөвөөр дүрслээгүй", "Өмнөд Төвд болон Тайваний арлыг орхигдуулсан" гэсэн үндэслэлээр устгагдсан болохыг тус эх сурвалж дурдсан байна. 

Энэ сарын 22-нд Хятадын Байгалийн нөөц, газар зохион байгуулалтын хэлтэсээс өгсөн зааврын дагуу Циндао хотын гаалийн ажилтнууд 803 хайрцаг "асуудалтай" газрын зургийг хураан авч, нууц байршилтай газар аваачин жижиглэн тасдах аргаар устгасан аж. 

Хималайн нурууны өвөрт орших Энэтхэгийн Аруначал Прадеш мужийн ихэнх хэсгийг Хятад улс Өмнөд Төвдийн нутаг гэж тооцдог бөгөөд газрын зураг дээр Төвдийн өөртөө засах орны нутаг дэвсгэрт оруулан зурдаг. 

Харин Энэтхэг улс Аруначал Прадешийг улсынхаа салгашгүй дархан нэг хэсэг хэмээн үздэг бөгөөд эрх баригчид нь тус бүс нутагт тогтмол зочилдог байна. 

Хоёр улс эзэмшлийн бүсээ заагласан 3488 км урттай "Хяналтын шугам" болон дээрхтэй адил маргаантай бүс нутгийн асуудлаар нийт 21 удаа уулзалт хийгээд байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна