Путин, Ким Чен Ун нарын түүхэн уулзалт эхэллээ

2019/04/25
Өнөөдөр Оросын Алс Дорнодын бүс нутагт олон улсын анхаарлыг татсан нэгэн чухал уулзалт болж байна. Владивосток хотын Русский нэртэй арал дээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын хамтарсан, анхны нүүр тулсан дээд хэмжээний уулзалт эхэллээ.

Умардын удирдагчийн хувьд тэрээр Приморын хязгаарт, Оросын нутаг дэвсгэрт анх удаагаа хөл тавин айлчилж, тэрээр хуягласан галт тэргээрээ Владивосток хотноо хүрэлцэн ирсэн юм.

Умард Солонгосын тэргүүний хувьд тэрээр ОХУ-д анх удаа айлчилж байгаа, мөн дээр нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай ч анх удаа нүүр тулсан яриа хэлэлцээр хийж байгаа юм. Оросын хэвлэлүүд Владивостокийн уулзалтыг “БНАСАУ-ОХУ-ын дээд хэмжээний уулзалт” гэж нэрийдээд байна.

Умард Солонгосын удирдагчийн хувьд тэрээр сүүлийн үед ихэд завгүй байж, төрийн дээд хэмжээний олон чухал уулзалтад бэлтгэж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байсан юм. Тухайлбал Ким Чен Ун ОХУ-д айлчилж байгаагаас гадна АНУ-ын тэргүүн Дональд Трамп түүнд 3 дахь удаагийн нүүр тулсан уулзалт хийх санал тавьж, энэхүү саналыг Умардын тэргүүн хүлээн авсан талаар мэдээлж байна. Цагаан ордны тэргүүн өмнө нь тодорхой үр дүнд хүрч чадалгүй өндөрлөсөн Вьетнамын дээд уулзалтыг үргэлжлүүлэх санал Умардын хамтрагчдаа тавьсан гэж хэвлэлүүд мэдээлсэн юм. Түүнчлэн Умардын удирдагчид Өмнөд Солонгосын эрх баригчдын зүгээс мөн ойрын хугацаанд Хоёр Солонгосын ээлжит уулзалт явуулах санал ирүүлсэн байна.

Магадгүй эдгээр уулзалтууд Умард Солонгосын тэргүүнийг ОХУ-д айлчлал хийж, бүс нутгийн томоохон улс гүрэнтэй яриа хэлэлцээр хийн, Солонгосын хойгийн асуудлаарх цаашдын байр суурь, олон улсын чиг хандлагыг тодорхойлоход тодорхой чиг баримжаа өгөхөд тустай байж болох талаар дипломат эх сурвалжууд, ажиглагчид мэдээлж байгаа юм.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Image result for Kim Jong-un est arrivé à Vladivostok à bord de son train blindé

Умард Солонгосын тэргүүний айлчлалын аюулгүй байдлыг хоёр улсын аюулгүйн албад дээд зэргээр ханган ажиллаж байгаа юм. Кимын айлчлалаас өмнө Умардын Үндэсний аюулгүй байдлын ажилтнууд Владивостокт ирж айлчлалтай холбоотой бүхий л аюулгүйн арга хэмжээг урьдчилан авч, бэлтгэжээ.

Ким Чен Уны айлчлалын үеэр нэг ижил хувцас өмсч, Умардын удирдагчдын зураг бүхий энгэрийн тэмдэг хатгасан тусгайгийн ажилтнууд удирдагчаа хаа явсан газар нь дагалдан явж, хамгаалж байгаа юм. Тэд Кимын машиныг дагалдан гүйж, очсон газар бүрт нь бүчин, аюулгүйн бүхий л дүрэм журмынхаа дагуу ажиллаж байна. Түүнчлэн энэ үеэр Владивостокийн тэнгэрт цэргийн онгоц, нисдэг тэрэгнүүд эргэлдэж, мөн далайн эргийн боомтууд дахь харуул хамгаалалтыг өндөрсгөжээ.

ПУТИН КИМ НАРЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ

Image result for Kim Jong Un greeted with bread and flowers as he arrives in Russia for Putin meeting
Оросын Владивосток хотын Русский нэртэй арал дээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт болж байна. Хоёр улсын тэргүүн нарын түүхэн дээд уулзалт Русский арал дээрх Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн цогцолборт болж байгаа юм.

Кремль Владивостокт болж байгаа дээд уулзалтыг Орос болон Умард Солонгосын харилцааг бэхжүүлэхэд чиглэгдсэн түүхэн уулзалт гэдгийг онцолж байна. Уулзалтын үеэр Путин Ким нар нүүр тулсан тет-а-тет уулзалт хийхийн зэрэгцээ хоёр улсын албаны хүмүүсийг оролцуулсан өргөтгөсөн хүрээний дээд уулзалт мөн хийх юм.

Мэдээж хэрэг уулзалтын үеэр хэлэлцэх гол сэдвүүдийн дотор Солонгосын хойг дахь өнөөгийн нөхцөл байдал, Пхеньяны цөмийн амбицтай холбоотой асуудал, мөн олон улсын байр суурь, цаашдын бүс нутгийн үйл явц зэрэг багтаж байгаа юм.

КИМ: УУЛЗАЛТ СОЛОНГОСЫН АРД ТҮМЭНД ҮР ДҮНГЭЭ ӨГНӨ ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА

Image result for Kim Jong Un greeted with bread and flowers as he arrives in Russia for Putin meeting

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Владивосток хотноо ОХУ-ын төрийн тэргүүнтэй хийх уулзалт үр дүнтэй, Умард Солонгосын иргэдэд үр өгөөжтэй уулзалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа уулзалтын эхэнд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа онцлон хэлж байжээ.

Тэрээр уулзалтаас харж хүлээж байгаа үр дүнгийн талаар мөн санал бодлоо хуваалцаж, ямар зорилго, үр дүн хүлээж байгаагаа тодотгосон юм.

Ким Чен Ун: -Би эрхэм хүндэт ерөнхийлөгч Путинтай хийх яриа хэлэлцээр юуны түрүүнд манай ард түмэнд, улс оронд үр өгөөжтэй, манай хоёр орны харилцааг бэхжүүлж, шинэ түвшинд гарган хөгжүүлж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөтгөсөн, үр дүнтэй уулзалт болно гэдэгт итгэж найдаж байна. Мэдээж хэрэг эрхэм анд Путинтай Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхэд чиглэсэн нэгдсэн байр суурь, тохиролцоонд хүрч чаднаа гэдэгт итгэхийг хүсч байна

Image result for Kim Jong Un greeted with bread and flowers as he arrives in Russia for Putin meeting
Уулзалтын гол яриа хэлэлцээрүүд Москвагийн цагаар өглөөний 6-7 цагийн алдад, харин орон нутгийн цагаар 13-14 цагийн хооронд үргэлжилж байгаа юм. Уулзалтын хөтөлбөрийн дагуу эхлээд хоёр улсын тэргүүн нар тет-а-тет буюу нүүр тулсан уулзалт хийж, улмаар өргөтгөсөн хүрээнд хоёр улсын албаны төлөөлөгчдийг оролцуулан дээд хэмжээний уулзалт явуулах юм.

Владивосток хотноо болж байгаа хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаас ямар нэгэн албан ёсны баримт боловсруулж гарын үсэг зурсан баримт гарахгүй гэдгийг мэдээлж байгаан дээр Русский арал дээр болох яриа хэлэлцээрийн дараа Путин, Ким нар ямар нэгэн хамтарсан мэдэгдэл, хэвлэлийн бага хурал хийхгүй талаар мэдээлж байгаа юм.

Image result for Kim Jong-un est arrivé à Vladivostok à bord de son train blindé

Талууд  уулзалтын үеэр хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа, тэр дундаа ОХУ, Умард Солонгосын нийгэм улс төр, эдийн засаг, соёл урлаг гэхчлэн бүхий л салбартай холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ түвшинд гаргах асуудлаар мөн хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Мэдээж хэрэг Солонгосын хойгийн цөмийн асуудал, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлын асуудал анхаарал татсан гол сэдэв байгаа юм. Японы NHK телевиз уулзалтын талаар мэдээлэхдээ Оросын тал Умардын тэргүүнд Пхеньяны цөмийн асуудлаарх 6 талт яриа хэлэлцээрт эргэн нэгдэх санал тавьж болзошгүй талаар дамжуулсан юм. Пхеньяны цөмийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхэд чиглэсэн 6 талт яриа хэлэлцээрийг Умард Солонгос, Өмнөд Солонгос, ОХУ, Хятад, АНУ, Японы талууд нэгдэн 2003 оноос хойш үе шаттайгаас явуулсаар ирсэн ч 2008 онд 6 талт хэлэлцээр тасалдсан юм.

АНУ-ын Төрийн Департамент Владимир Путин болон Ким Чен Ун нарын Владивосток хотноо хийж байгаа уулзалтын талаар мэдэгдэл хийхдээ, талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал дээр голчлон хэлэлцэж, олон улсын байр суурийг анхааралдаа авч хэлэлцэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна