Ногдол ашгаасаа татгалзъя

2019/05/02
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Уг хурлаар иргэдэд олгох нэгж хувьцааны ногдол ашгийн хэмжээ 25 төгрөгөөс багагүй байхаар тогтоод буй. Энэ нь 1072 ширхэг хувьцаатай хүн 26800 төгрөгийн ногдол ашиг авна гэсэн үг.

Гэхдээ тус компанийн хувьцааг эзэмшиж буй 2.8 сая хүн бүгд адилхан ийм хэмжээний ногдол ашиг авахгүй. Тухайлбал, 2011, 2012 онд 1072 хувьцаанаасаа оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр ашигласан, 2016 оны сонгуулийн өмнө 300 ширхэг хувьцаагаа Засгийн газарт 300 мянган төгрөгөөр үнэлж худалдсан иргэдийн хувьд дээр дурдсан ногдол ашгийн хэмжээ багасах юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 85 хувийг төр, 15 хувийг нь иргэд эзэмшдэг. Тиймээс Засгийн газар тус компанийн ногдол ашгийн хэмжээ нэгж хувьцаанд 25 төгрөг, эсвэл түүнээс дээш байх уу гэдгийг шийднэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн нэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг нэгдүгээр улиралд багтаан олгохыг үүрэг болгосон юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан учраас ногдол ашиг өгөх ёстой гэж үзэж байгаагаа гүйцэтгэх засаглалын тэргүүн тухайн үед онцолж байв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 

Монголчууд байгалийн баялгаасаа ашиг хүртдэг баймаар байна. Үүнийг хэрэгжүүлэх эхний алхам нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ашгийг нэгдүгээр улиралд багтааж ард иргэддээ олгох ажил юм. Өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой” 720 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээсээ хуваалцах ёстой. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш, харин байгалийн баялгаас иргэн бүр хувь хүртэх боломжийг төр иргэндээ олгож байгаа хэлбэр юм.

Ерөнхий сайдын хэлсэнчлэн байгалийн баялгаасаа иргэн бүр хувь хүртэх нь тодорхой болоод байна. Уг ногдол ашгийг бага гэж чамлах, эсвэл ногдол ашиг тараахын оронд төмөр зам зэрэг бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн нь дээр гэсэн эсрэг тэсрэг байр суурь нийгэмд бий болоод буй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт ашгаас 100 хувь тооцож ногдол ашиг өгнө гэвэл нэгж хувьцаанд 50 гаруй төгрөг болох юм билээ. Өөрөөр хэлбэл 1072 хувьцаатай иргэн ийм хэмжээний ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Гэхдээ ингэж олсон ашгаа бүгдийг нь тараагаад хоосон үлдэх нь эрсдэлтэй. Ямар ч компани цэвэр ашгаасаа тодорхой хувийг нь үлдээж цаашдын үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулдаг нь бичигдээгүй хууль. Хүн л юм болохоор гэдэг шиг компани л юм чинь “Эрдэнэс Тавантолгой”-д шийдэх асуудлууд олон бий. Түүнд нь мөнгө хэрэгтэй. Тиймээс компанийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлийн шинэ төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад цэвэр ашгийнхаа тодорхой хувийг зарцуулахаар тооцож буй нь тодорхой. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуд дурдсанаар 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК- ийн хувьд батлагдсан төлөвлөгөөний бүхий л үзүүлэлтийг 2-3 дахин давуулан биелүүлсэн юм байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 онд 10.7 сая тонн нүүрс олборлон, 12.8 сая тонн нүүрс экспортолж, улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 

Өнгөрсөн гуравдугаар сард түүхэндээ 50 сая дахь тонн нүүрсээ олборлоод байгаа тус компани аудитлагдсан тайлангаар 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэсэн дүн гарчээ.

Тус компани 2017, 2018 онуудад 3.1 их наяд төгрөг, үүнээс 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлоготой ажилласнаар 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж дуусгасан байна. Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт чамлахааргүй мөнгө төвлөрүүлж, өөрөө ч боломжийн ашигтай ажиллажээ. Хоёр гуравхан жилийн энэ амжилт, эерэг үзүүлэлтэд хэт итгэж, үрэлгэн, бодлогогүй хандаж болохгүй. Ойрын гурван жил “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашгийг шууд хувьцааны ногдол ашиг болгон тараахгүй байвал удаан хугацаандаа ганц хоёр удаагийн ногдол ашиг байтугай үр өгөөжөө өгнө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд олон улсын хөрөнгийн зах зээлээс төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын зарим хэсгийг босгох, дэд бүтцийн төслүүдээ эхлүүлэх, үргэлжүүлэх, уурхайн олборлолтоо нэмэгдүүлэх, мөн барилга, бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөөд байгаа юм билээ. Тус компани цаашид олон улсын хөрөнгийн биржид 30 хувиа худалдаад, IPO хийхээр хувьцааных нь үнэлгээ илүү баталгаажна.

Нэгж хувьцаа 50 центээр зарагдлаа гэж бодоход л одоогийн ханшаар 1300 төгрөг болно. Тэгэх юм бол иргэдийн 1072 хувьцааны үнэ шууд 1.3 сая төгрөг болж өснө.

Наад захын бодит ашиг, үр өгөөж ийм юм. Цаасан дээр байсан хувьцаа ийн амилж, үр ашгаа өгч эхлэхэд ойртож байгаа. Тиймээс компани дөнгөж ашигтай ажиллаж эхэлмэгцээ хувьцааны ногдол ашгаа тараагаад эхлэхийн оронд цаашид үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх, улмаар олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарах бэлтгэлээ хангах чиглэлээр хөрөнгө оруулалт хийвэл илүү үр дүнтэй. “Эрдэнэс Тавантолгой” ирээдүйтэй учир хамтарч ажиллах санал тавьж буй гадаадын компаниуд ч олон бий. Ийнхүү монгол компани дэлхийд гарах замаа засч байна.

Энэ бүхнээс өнөөдөр тараах 26800 төгрөгийн ногдол ашгаас илүү маргааш олох орлого, ашиг, эдийн засгийн үр өгөөж нь илүү гэдэг нь харагдана. Компанийн ногдол ашгаас илүү чухал үзүүлэлт бол үр ашиг гэдгийг эдийн засагчид хэлдэг юм билээ. Олон улсад түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн хүрхрээ гэдэг ойлголтоор бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хамгийн сүүлд ногдол ашиг хүртэх хувьцаа эзэмшигчид нь иргэд.

Ингэж хэлэхээр олон хүн дургүйцнэ. Гэхдээ учрыг нь ойлгох юм бол яах аргагүй л тийм. Компани олсон орлогоо юуны өмнө цалин хөлс, түүхий эд, ус, цахилгаан гээд үйл ажиллагааны зардалдаа зориулна. Дараа нь татвар хураамж, зээлээ төлнө. Эцэст нь хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилна. Ингэхдээ эрсдэл үүрээгүй хувьцаа эзэмшигчдэдээ хамгийн сүүлд ногдол ашиг хуваарилдаг жишигтэй ажээ. Санхүүгийн хүрхрээний энэхүү хамгийн сүүлийн дамжлага дээр байгаа ногдол ашгийг хуваарилах асуудал улстөрчдөд л чухал болохоос биш авсан, өгсөндөө хэнд нь ч ашиггүй билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна