Орост Sukhoi SuperJet 100 онгоц ослын буулт хийх үеэр 41 хүн амиа алдав

2019/05/06
Энэ сарын 5-ны өдөр Москва-Мурманск чиглэлийн SSJ-100 зорчигч тээврийн онгоц Шереметьево нисэх онгоцны буудалд ослын буулт хийх үеэр 41 хүн амь үрэгдлээ. Аэрофлот компанийн SU 1492 дугаарт нислэг орон нутгийн цагаар 18:02-д Москвагийн Шереметьево нисэх онгоцны буудлаас хөөрснөөсөө 28 минутын дараа ослын буулт хийж, хүчтэй газардахад онгоцны хөдөлгүүрт гал гарчээ. 

Онгоцонд 73 зорчигч, нисэх багийн 5 гишүүн нийт 78 хүн байснаас 40 зорчигч, нисэх багийн нэг гишүүн амь үрэгдэж, 5 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос мэдээллээ. Бусад зорчигчдын биеийн байдал хэвийн байгаа аж. Ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд онгоц аянгад цохиулсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм. 

Ослын буулт хийснээс хойш аврагчид 55 секундын дотор зорчигчдыг онгоцноос гаргасан бөгөөд энэ нь аврах ажиллагааны дундаж хугацаанаас 35 секундээр бага байсныг Аэрофлот компаниас мэдээллээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус компанийн 5-6-ны өдрийн дотоод нислэгүүд саатаж болзошгүй байна.     

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг яаралтай тогтоохыг үүрэг болголоо. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо агаарын тээврийн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Осолдсон "Sukhoi SuperJet 100" онгоц нь 2017 оны 8 дугаар сард ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд өнгөрсөн сард хуваарьт засвар үйлчилгээ хийгдсэн тухай үйлдвэрлэгч ОХУ-ын "Sukhoi Civil Aircraft" компани мэдээлсэн юм.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна