Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Үндсэн хуулийн шүүхийн дарга, 70 настай Бригитте Бирляйныг парламентын доод танхимын ээлжит бус сонгууль хүртэл түр канцлераар томиллоо. Тэрбээр Австрийн анхны эмэгтэй канцлер болж байгаа юм. Энэ тухай Австрийн Ерөнхийлөгч улс төрийн намуудынхаа удирдагчидтай зөвлөлдсөний дараа мэдэгдлээ.
Бригитте Бирляйн нь 1949 онд Вена хотод төрсөн. Венийн их сургуульд хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн нэгэн юм. 1990-2003 онд Австрийн Дээд шүүхийн дэргэдэх Ерөнхий прокурорын газарт ажиллаж байгаад 2018-2019 онд Австрийн Үндсэн хуулийн шүүхийн дарга болжээ. Бригитте Бирляйн аль нэг намд харьяалалгүй ч консерватив үзэлт Австрийн ардын нам, барууны үзэлт Австрийн эрх чөлөөний намтай сайн харилцаатай.
Тэрбээр Австрийн түр канцлер болмогцоо эхний томилгоонуудаа хийж эхэлсэн байна. Тэрбээр дэд канцлер, Хууль зүйн сайдаар их сургуулийн профессор, доктор Клеменс Яблонерыг, Александр Шаленбергийг Гадаад хэргийн тэргүүн бөгөөд Европын асуудал асуудал эрхэлсэн сайдаар нэрлэжээ.
Бирляйн канцлер болсноор Үндсэн хуулийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөнө. Тиймээс түүний өмнөх албыг шүүхийн дэд дарга Кристоф Грабенвартер хашихаар болж байна. Бусад сайдын нэрсийг ойрын өдрүүдэд зарлана гэжээ.
Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен энэ сарын 28-ны өдөр Себастьян Курц тэргүүтэй Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Засгийн газар хугацаанаасаа өмнө огцрох болсон нь дэд канцлер асан Хайнц-Кристиан Штрахе дуулианд орооцолдсонтой холбоотой.
Хэвлэлүүдээр Штрахег оросоор ярьдаг нэгэн эмэгтэйтэй 2017 оны сонгуулиар дэмжлэг үзүүлэх тухай ярилцаж байгаа тухай нууц камерын бичлэг цацагдсан юм. Энэ эмэгтэй орос биш латви эмэгтэй байсан, түүнтэй уулзаад ямар ч үр дүнд хүрээгүй гэж Штрахе мэдэгдсэн юм. Гэсэн ч энэ дуулианаас болж Австрийн эвслийн Засгийн газар огцроход хүрсэн.
Австрийн парламентын доод танхимын ээлжит бус сонгууль ирэх есдүгээр сард болно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна