Канад улсын засаг захиргаа Венесуэл дэх Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг түр зогсоох, Оттава дахь Венесуэлийн дипломатчдын визийг сунгахгүй байх шийдвэр гаргалаа. Энэ тухай Канадын Гадаад хэргийн сайд Христи Фриланд ням гарагт мэдэгдсэн байна.
Тэрбээр “Харамсалтай нь Венесуэл дэх Канадын дипломатчдын виз энэ сарын сүүлчээр дуусна. Тэд Мадурогийн дэглэмийн үед визээ дахин сунгуулах боломжгүй болсон юм. Тиймээс бидэнд Венесуэл дэх Элчин сайдын яамны үйл ажиллагаагаа зогсоохоос өөр сонголт үлдсэнгүй. Энэ шийдвэр тун удахгүй хэрэгжинэ” гэжээ.
Оттавагийн зүгээс ч венесуэлчүүдэд адилхан арга хэмжээ авна гэсэн байна. Энэ хугацаанд Каракас дахь Канадын Элчин сайдын яамнаас үзүүлдэг байсан консулын үйлчилгээг Колумба дахь Канадын дипломат төлөөлөгчийн газраас үзүүлэхээр болжээ.
Түүнчлэн Канадын иргэдийг ойрын хэдэн сарын хугацаанд Венесуэлд очихгүй байхыг Гадаад хэргийн яамнаас нь зөвлөсөн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна