БНХАУ Монголоор дамжих хийн хоолойг үгүйсгэж, Туркменистанаас авах хийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан талаар хэвлэлүүд бичиж эхэллээ. Энэхүү мэдээллийг ихэвчлэн Украины хэвлэл бичиж байгаа ч Монголын баруун талаар тавигдах хийн хоолой нь "Сила Сибири 2" буюу манайхаар дамжиж өнөгөрүүлэхээр болгож өөрчилсөн тэрхүү хийн хоолойн төсөлтэй давхцах магадлал өндөр гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байсан юм. Өөрөөр хэлбэл, одоогоор албан ёсны мэдэгдлүүд хийгдээгүй ч "Сила Сибири 2" хүчгүйдсэн байх магадлал байна.
Эцсийн эцэст, хийн хоолой Монголоор дайруулахыг эдийн засгийн хувьд ашиггүй гэж үздэг цөөнх ОХУ-д ч, Хятадад ч байгаа нь бодит үнэн. Монгол Улсын хувьд ч гэсэн, эдийн засгийн хувьд ашигтай байж болох ч гадаад бодлогын хувьд хожоогүй нүүдэл гэж үзэгсэд бий. Тиймээс асуудал шийдэгдлээ гэхэд дагалдах болзошгүй эрсдлийн талаар мэдээлэл цуглуулснаа хүргэж байна.
Монголын эрсдэл
ОХУ-ын бодлого Ази руу чиглэсэнтэй холбоотойгоор хоёр хөрштэйгөө харилцаагаа эрчимжүүлэх зайлшгүй шаардлага манай улсад бий болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор ОХУ-тай дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлж, БНХАУ-ын байгуулж буй “Торгоны шинэ зам” эдийн засгийн бүсэд багтах явдал бидний шинэ зорилт болоод буй.
Гэвч энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд гадаад харилцаандаа баримталж ирсэн “Аливаа эвсэлд үл нэгдэх” уламжлалт бодлогоосоо татгалзах хүндхэн сорилт тулгараад байгааг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, байгалийн хий дамжуулах хоолойг манай нутгаар тавьснаар Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь цаг хугацааны асуудал болж байна. Хоёр хөрш өмнө нь нэг бус удаа дээрх шаардлагыг тавьж, биелүүлбэл том төсөлдөө багтаах асуудлыг авч үзэхэд бэлэн гэдэг байсан нь ингэж дүгнэхэд хүргэж байгаа юм.
Манайхыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсүүлэх лоббиг хоёр хөрш олон жил идэвхтэй явуулж байсан бөгөөд бидний хүсээд байгаа дамжин өнгөрөх тээвэр, байгалийн хий дамжуулах хоолой “Торгоны шинэ зам” эдийн засгийн бүсэд багтах эсэх асуудалтай холбосноор санасандаа хүрч байх шиг байна. Энэ нь улс төрийн дэглэмтэй холбоотой өөрчлөлт авчрах нь бараг л ойлгомжтой боллоо.
Манай улсын хувьд байгалийн хийн хоолой Монголоор дамжих нь ашигтай. Гэхдээ зөвхөн байгалийн хий хоолойгоор гүйж байгаа нөхцөлд л ашигтай юм. Яагаад ингэж хэлээд байгаа нь БНХАУ-ын барих бодлоготой холбоотой.
ОХУ-ын эрсдэл
Байгаль цаг уурын хүнд нөхцөлөөс болоод “Сибирийн хүч 1”-ийг барьж байгуулахад оросууд асар их хөрөнгө хүчээ зарцуулсан /1.1 их наяд рубль/ . Энэ нь бусад эрсдэлтэй нийлээд төслөөс ашиг олохгүй байх нөхцөлийг үүсгэж магадгүй гэнэ. Өөрөөр хэлбэл 30 жил хий нийлүүлээд ч бүтээн байгуулалтын зардлаа нөхөж ашиг гаргахад хэцүү гэж үзэх эдийн засагчид олон байдаг ажээ.
Эдний нэг нь эрчим хүчний салбарт 25 жил ажилласан туршлагатай Михайл Крутихин гэгч эрдэмтэн. Тэрээр БНХАУ-тай байгуулсан 30 жилийн хугацаатай, 400 тэрбум ам.долларын үнийн дүнтэй гэрээг ашиггүй хэмээн батлахыг оролддог нэгэн. Хаа газар ийм нэг хүмүүс байдаг ч ярианд нь анхаарал татах зүйлс бас байна.
Нэгд, яриа хэлэлцээрийн явцад хятадууд оросуудын тавьсан “Алс Дорнодоос газрын тосны хоолой оруулах” саналаас татгалзжээ. “Хэрэггүй ээ бид өөрсдөө хангачихна, бидэнд хий байгаа” гэсэн байна. БНХАУ-ын жилийн хэрэгцээ одоогоор 200 тэрбум шоо метр байгалийн хий бөгөөд үүнийхээ 130 тэрбумыг нь өөрсдөө гаргадаг байна. Үлдсэнийг нь ОХУ нөхнө гэж байгаа ч Азийн бусад орнуудад бодлого явуулдгийн хувьд шууд болих нь юу л бол. Мөн хүн төрөлхтний өмнө шинээр нээгдэж буй эх газар болох Арктикаас байгалийн хий олборлох “Ямал СПГ” гэдэг компани бий. Хятадуудын оролцоотой, хувь эзэмшдэг компани. Эндээс гарсан хийг зарна гэвэл БНХАУ-аас өөр худалдан авагч байхгүй гэнэ. "Авах хүн гэдийдэг" гэдэг дээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин байгалийн хий дамжуулах баруун шугам болох “Алтай”-г дэмжиж байгаа. Энэ нь нэг талаар тус улсад байгалийн хийн хэрэгцээ их байгааг харуулна. Гэсэн ч ирээдүйд бий болох хэрэгцээ, эрсдэлийг тооцсоны үндсэн дээр л ийм алхам хийж байгаа болохоос дахин нэг шугам тавих шаардлагагүй гэж дүгнэх бодит шалтгаан бас байна.
Дээр нэр дурьдсан Михайл Крутихин sibreal.org цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа “Би БНХАУ-ын мэргэжилтнүүдтэй уулзаж, байгалийн хий нийлүүлэх нэмэлт шугамуудын талаар санал солилцсон. Тэд “Бид ОХУ-ын оролцоогүйгээр байгалийн хийн хэрэгцээгээ хангаж чадна гэдгийг та мэднэ биз дээ. Оросын хий бидэнд зөвхөн нэг л тохиолдолд хэрэг болно. Номхон далайн бүс нутагт улс төр, дайны онцгой байдал үүсч, өөр эх сурвалжаас авах аргагүй болсон тохиолдолд. Хэрвээ тэгвэл бид Оросоос байгалийн хийгээ авах юм” гэсэн байсан. Тэгэхээр, манайхаар тавиулаад байгаа байгалийн хийн хоолой нь хятадуудын хувьд зөвхөн нөөц төлөвлөгөө болох нь харагдаж байна” гэжээ.
Хэрвээ хятад мэргэжилтнүүдийн ярьсан зүйл улсынх нь бодлоготой ижил юм бол хийн хоолой тавигдлаа гээд тэд одоо авч байгаа улсуудаасаа байгалийн хий худалдаж авахаа болихгүй. Харин ч хоёр талд үнийн өрсөлдөөн явуулж хожоо гаргах болно. Энэ тохиолдолд Монголын нутгаар тавьсан хоолойгоор байгалийн хий гүйхгүй, эс бол маш багаар гүйнэ, мөнгөний тоолуур ажиллахгүй гэсэн үг. Товчхондоо, ОХУ, Монголын хүртэх ашиг БНХАУ-ын гарт байна.
ОХУ-ын талаас аваад үзвэл Монгол бас тэдний хувьд нэг эрсдэл нь болж буй. Орос хүний ингэж дүгнэж буйг буруутгах аргагүй юм.
Тийм санааг хэлж буй хүмүүсийн нэг болох “БКС Брокер” компанийн шинжээч А.Авакян “Миний бодлоор хийн хоолойг Монгорлоор дамжуулах нь эдийн засгийн хувьд нэг их ашигтай биш. Монголын зах зээл жижиг, гуравхан сая хүн амтай. Жилийн хэрэглээ нь 3-3.5-хан тэрбум шоо метр. Түүнээс гадна хийн хоолой дамжин өнгөрөх улсын тоог нэмэх нь улс төрийн эрсдэл дагуулдаг. Монголчууд үл ойлголцлоор шалтаглан ашиг хонжоо гаргах магадлалтай” гэжээ.
БНХАУ-ын эрсдэл
Хийн хоолой нэгэнт баригдчихсан нөхцөлд БНХАУ-д алдах зүйл үгүй. Дээр дурдсанчлан хоёр талд үнийн өрсөлдөөн явуулж хожоо гаргах болно. Гэрээ бол гэрээ хэдий ч “Авах хүн гэдийдэг” гэдэг дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна