Монголын бодит амьдрал, статистик зөрдөг байдал хэдийнээс эхэлснийг багцаалж болох сонирхолтой нийтлэл examiner.com цахим хуудсанд тавигдсаныг олж уншлаа. Хугацаа нь төрийн байгууллагууд эрчимтэй цахимжсан 2012 онтой таарч байна.
Нийтлэл шүүмжийг Майами Дэйд коллеж/Miami-Dade College/-д сурдаг /тухайн үедээ/ Pierre-Alexandre Crevaux гэгч нөхөр бичсэн байв. Танилцуулгадаа коллежид сурдгаа бичээд өөрийгөө улс төрийн идэвхитэй нэгэн, Флоридагийн Либертари намын гишүүн /Libertarian Party of Florida/, өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Тиффани Брискогийн кампанит ажилд менежерийн үүрэгтэйгээр оролцож байсан гэсэн байв.
Тэрбээр нийтлэлдээ НҮБ-ын Хүний эрх, ядуурлын чиглэлээр судалгаа хийдэг тусгай мэргэжилтэн Магдалена Сипульведагийн бичсэн нийтлэлийг шүүмжлэхэд чиглэжээ.
Магдалена Сипульведагийн бичсэнийг эхлээд товчхон хүргэе. 2012 онд буюу Монголын эдийн засгийн өсөлт оргилдоо хүрч байсан үед ирсэн хэр нь тэрбээр юу бичсэнийг, тэрхүү бичсэн нь үнэн байсан эсэхийг 11 жилийн дараа уншихад сонин байх байх.
Тэрбээр “Монголчууд одоо /2012 оны өвөл буюу эдийн засгийн үзүүлэлтүүд сонгуулийн пи ар статистикаар гарсан байх үед Монголд ажиллажээ/ ирээдүйд гарах эдийн засгийн өсөлтөд сэтгэл догдлон, баян болохоо хүлээж суугаа боловч үнэндээ тэгж догдлох шаардлага үгүй ч байж мэднэ. Учир нь эдийн засгийн их өсөлт ядууст огтхон ч хүртээлгүй байж магадгүй байдал энд бодитойгоор оршин байна” гэж, ирээдүйг харсан юм шиг бичсэн байх юм.
Түүний илтгэл цаашаа “Монгол Улс өөрчлөгдөж байгаа ч ядуурал маш ихэсч, батажжээ. Энэ байдал зөвхөн хөдөөд гэлтгүй хотод ч ажиглагдаж байна. Энд баян хоосны ялгаа улам л хэсч байгааг харахад илт. Өнгөрсөн жилүүдэд гарсан эдийн засгийн өсөлт энэ байдлыг арилгаж чадсангүй” хэмээн үргэлжилнэ. Мөн эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд, харъялалгүй иргэд, ДОХ-оор өвчлөгсөд, гомо, лесби, бисексуал, трансжендер хүмүүс ядууралд илүү их өртөж, амьдрах гэж зовж байгааг ч өгүүлсэн байна.
Магдалена Монголд тав хонох хугацаандаа төрийн өндөр албан тушаалтан, донор байгууллагын төлөөлөгч, иргэний нийгмийн байгууллага, жирийн иргэдтэй уулзаж, Улаанбаатар хот болон Төв аймгийн Эрдэнэ сумын ядуу иргэдтэй уулзжээ. Эндээс дүгнэлтээ хийхэд хангалттай баримтыг олж цуглуулсан байна. Тэрбээр дээр дурьдагдсан бүлгийн хүмүүс нийгмийн халамжийн болон эмнэлгийн үйлчилгээг авч чаддаггүй, орон сууцаар хангагдаагүй, боловсрол олох боломж ч хязгаарлагдмал байгааг дэлгэсэн байна.
Түүний илтгэлд бас нэг анхаарал татсан өгүүлбэр байгаа нь хуулийн тухай. М.Сипульведа “Би Монголд байх хугацаандаа тус улс боловсрол, амьдрах орчин нөхцөл, хуулийн өмнө эрх тэгш байх гээд хууль эрх зүйн орчноо маш сайн бүрдүүлж чадсаныг олж мэдсэн. Гэхдээ энэ хууль, зүйл заалт ихэнх монголчуудын хувьд хамаагүй байдаг юм билээ” хэмээн бичжээ.
Тэрбээр бид бүхний сайн мэдэх “Монгол хүн амьд явах эрхтэй, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэх мэт цаасан дээр бичигдэж, тэндээ үлдсэн олон эрхүүдийг хэлж байгаа нь тодорхой. Хүний наймаа, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн эмзэг сэдвүүдийг ч тойроогүй байна билээ. Түүний бичсэн илтгэл үнэн эсвэл худал болохыг уншигч өөрөө мэдэх хойно.
Одоо харин Pierre-Alexandre Crevaux юу гэж бичсэнийг сонирхоё. Дээр хэлсэнчлэн тэрбээр шүүмжээ “НҮБ Монголыг ядуу чигээр нь харахыг хүсч байна уу” хэмээн нэрлэсэн байсан бөгөөд “Тэр /М.Сепульведа/ Монголд тавхан хонохдоо төрийн ганц нэг албан тушаалтан, хөдөө нутгийн хэсэг иргэдтэй уулзсан баримт дээрээ тулгуурлан уг нийтлэлийг бичжээ. Бүхэл бүтэн улс үндэстний байдлыг дүгнэхэд энэ бүхэн дэндүү хангалтгүй.
М.Сепульведа илтгэлдээ Монгол Улс 2011 онд түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, эдийн засаг нь тогтвортой өсөх эхлэлийг тавьсан, татварыг 10 хувь болгосон гэдгийг дурьдсан байсан. Энэ бол бахархаж болох амжилт. Бас эрх баригчид нь чөлөөт худалдааг хөгжүүлэхийн тулд тун анхаарч ажилладаг. Тэгсэн атлаа яагаад эдийн засгийн өсөлт ядуучуудад хамаагүй гэж дүгнэснийг гайхаж байна. Монголд бүхий л үзүүлэлт ядуурал буурч байгааг харуулж байгаа.
Heritage Foundation сангийн хийсэн судалгаагаар Монгол Улс эдийн засгийн салбарт хамгийн их дэвшил гаргасан улсуудын нэг болж, эдийн засгийн хараат бус байдлаараа эхний 12-т жагсах амжилтыг үзүүлсэн байна. Ядуурал ч гэсэн зөвхөн Улаанбаатар хот, хөдөөний хэсэг газарт биш, бүх улс орон даяар буурч байгаа. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар бол Монголд хүн амын ядуурал 2010 онд 39,2 хувь байсан бол 2011 онд 29,8 болж, ес орчим хувиар буурсан. Энэ ахиц дэвшлийн ихэнх нь М.Сепульведа болон НҮБ “зэрлэг капитализмаас аврах” гэж оролдоод байгаа тэр хөдөөгийн хүн амд гарсан байна.
2010 онд хөдөөгийн хүн амын 48 хувь нь ядуурлын ирмэг дээр ирээд байсан бол ганцхан жилийн дараа 33 хувь болж, 15 хувиар буурсан. Монголын эрх баригчид бий болгосон эдийн засгийн өсөлтөө тогтоон барихын тулд чадах бүхнээ хийж байгаагаас харахад байдал 2012 онд, бүр 2013 онд илүү дордсон гэж үзэх ямар ч үндэслэл алга.
Тэгвэл яагаад М.Сипульведа Монголыг “буруу зам дээр байна” гэж үзэх болов. Түүний үгээр бол бүх хөгжил хүний эрхийг хангасан байдалд явагдах ёстой. Тиймээс монголчууд бий болгосон эдийн засгийн өсөлт, баялгаа нийгмийн халамж, боловсрол, эрүүлийг хамгаалах, орон сууц, бас ч үгүй лесби, гомо, бисексуал, транс жендер хүмүүсийн хангамжинд зарцуулах ёстой болж таарч байна. Татвар төлөгчдийн мөнгийг ДОХ-ын халдвартай тэмцэх ажилд ч цацах ёстой болох нь. Түүний хэлсэн үг өгүүлбэр болгон нь Монголчууд төсвөө нийгмийн халамж хэлбэрээр эргүүлэн цацаж, буцаад төсөв нь байнга алдагдалтай гарч, олон улсаас мөнгө царайчилдаг байгаасай гэсэн утга санааг агуулжээ” хэмээн бичсэн байв.
Цаашлаад “НҮБ монголчуудыг ядуу амьдраасай гэж хүсдэг болж таарч байна”хэмээн төгсчээ.
Эндээс бид ямар дүгнэлт хийж болох вэ. Бид өөрсдөө үнэн зөв бодит мэдээллээр гадаад ертөнцийг хангах хэрэгтэй байна. Статистикийн хороо нь адаглаад хараат бусаар ажиллачихдаг байх хэрэгтэй /Дундаж цалин, дундаж өрхийн орлого гэх мэт "тархи угаалт", дунджийг өсгөдөг өндөр цалинтай иргэд, өндөр орлоготой гэр бүлийг тоо, орлогын хэмжээтэй нь ил болгох гэх мэт/ байна.
Дээр бичсэн хоёр бичигч хоёулаа зүгээр л нэг сонирхогчид. М.Сепульведа нь хэдийгээр илтгэл бичигч, хараат бус мэргэжилтэн мөн ч түүний судалгаа НҮБ-ын албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэргэжилтнүүд, хараат бус экспертүүд нь НҮБ-ын үндсэн ажилтнууд биш бөгөөд НҮБ хийсэн ажлынх нь төлөө тэдэнд мөнгө төлдөггүй. Гэхдээ судалгааг нь бодитой гэж үзвэл илтгэлдээ оруулдаг юм байна. Түүний илтгэлд үнэний хувь байгаа эсэхийг одоо харахад сонин байна. Монголд сунаж унатлаа жиллаад өлсөж үхэхээс наахнуур амьдарч байгаа иргэд олон байгаа. Мөнгөгүй хүн боловсрол эзэмшиж чадахгүй, боловсролгүй хүн мөнгөтэй болох боломж хомс. Энэтхэгт ядуу айлд төрсөн л бол насан туршдаа ядуу амьдрах магадлал 99 хувьтай байдаг гэж бид ярилцдаг. Тэгвэл Монголд ч ялгаагүй тийм л байна шүү дээ. Стратегийн ордуудаас хувь эзэмшүүлнэ гэсэн ч сүүлд байхгүй болгосон, төсөв олон дахин тэлсэн ч иргэдийн орлого тэр хэмжээнд өсөөгүй.
Харин нөгөө нөхрийн хувьд зүгээр л нэг оюутан. Сурахынхаа хажуугаар ресторанд зөөгч хийдэг, завсар зайгаар нь examiner.com-д контент оруулчихдаг залуу байна. Бас Монголыг гэсэн сэтгэлтэй юм гээч хөөе. Харин түүний шүүмжид бас ч буруу ташаа мэдээлэл цохиж яваа байж магадгүй шүү. Сонгууль дөхөөд ирэхээр Монголд ядуурал буурч, мал өсдөг гэдгийг мэдээгүй нь түүний буруу биш шүү дээ.
Энэ бүхнийг бичсэний учир нь, НҮБ-ын Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн тусгай шинжээч Маргарет Саттервейт хэд хоногийн өмнө манай улсад айлчилсан. Дүгнэлт нь ирэх зургадугаар сард тавигдана. Тэр илтгэлийг, ялангуяа ирээдүйн талаар юу гэж таамагласныг нь харахад гэмгүй шүү л гэх гэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.252
Hurimtlaltai boltsgoog . Ajilin hamt olon ymr saihan bdgiig haruulah hrgte. Ajiliin bair Hamt Olon uildverlel, Undesnii uildverlel Hudaldaa, hiih ymtai hun setgel gutrald orohgui Harin ch Hurimtluulaad yvna.
Хариулах