Сүүлийн 10 жилд УЛСЫН ХЭМЖЭЭНД гарсан объектын томоохон ГАЛ ТҮЙМРҮҮД

Zuv.mn
2024/01/24

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав орчимд гарсан зам тээврийн өсөл, уг ослоос үүдэлтэй томоохон объектын гал түймэр гарсан билээ. Энэхүү түймэр шатдаг хий ачиж явсан том оврын автомашин хотын төвийн замаар зорчиж, улмаар зам тээврийн осол гаргаснаас үүдсэн, зам тээврийн ослоос ойролцоох барилгад халдварласан нөхцөл байдалд болсон.  

Иймэрхүү томоохон хэмжээний гамшиг нь ардаа хариуцлагаас гадна шинэ стандарт, эс бөгөөс зөрчигдсөн стандартуудыг мөрдүүлэх кампанит ажлын шалтгаан болж байдаг онцлогтой учраас нөхцөл байдлыг нарийвчлан дурьдав. Урьд шөнийн гал түймрийн үед гэхэд л стандарт бус барилгыг Улсын комисс хүлээж авснаас болж гал унтраах ангийн автомашин объект руугаа ойртож чадахгүй болж, энэ нь хохирлын хэмжээг ихэсгэх нөлөө үзүүлсэн юм. Бид та бүхэнд сүүлийн 10 жилд улсын хэмжээнд гарсан объектын томоохон гал түймрүүдийн мэдээллийг хүргэж байна.   

2014.07.14

Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байршилтай I Дөчин мянгатын 40, 42, 44 дүгээр байранд 2014 оны долдугаар сарын 14-ний өдрийн 15: 08 минутад гал түймэр гарсан. Түймрийг нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах найман ангийн нийт нийт тасаг, гал унтраах зориулалтын 17 автомашин, 71 албан хаагч, 3 цаг 31 минут ажиллаж бүрэн унтраасан. Ингэхдээ 160.5 тонн ус, 669.5 литр шатахуун зарцуулж, хорт хий утаанаас хамгаалах 58 ширхэг багтай ажиллажээ.

2013.08.23

2013 оны наймдугаар сарны 23-ны 06 цаг 20 минутад нийслэлийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд нийслэлийн Баянзүрх дүүрэг Нарантуул захын баруун талд байшин шатаж байна гэж нэрээ хэлээгүй иргэн утсаар дуудлага өгсөн байна. Тус төвийн ахлах зохицуулагч онцгой байдлын хошууч Д.Оюунбат үйлчлэх хүрээний Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн тасгийг 06:22 цагт гаргасан. Ойр орчмын хяналтын дэлгэцээр нөхцөл байдлыг татаж харахад их хэмжээний өтгөн хар утаа, галын дөл гарч байсан бөгөөд гал түймрийн тухай дуудлага тасралтгүй ирж байсан тул нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах ангиудыг гаргасан. Анхны дуудлагаар очсон гал унтраах удирдагч Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал түймэр гарч байгаа болохыг мэдэгдсэнээр хүч хэрэгслийг төвлөрүүлж эхэлжээ.

Тус худалдааны төвийн хүнсний захын барилга нь 1999 онд баригдсан зоорины давхартайгаа гурван давхар төмөр бетон каркас тулгуур баганатай, багана хооронд шивлээр холбоостой, дээврийн хийц гурван хэсэг дээвэр хагас нуман хэлбэрийн төмөр хийцтэй. Хөөсөнцрөөр дулаалж, тороосоор татаж бэхэлсэн, ханын өрлөг нь хөнгөн блок, гадна талаараа сэндвич ханатай. Тэнхлэгээрээ урт нь 127 м, өргөн 69 м, хойд, урд, баруун, зүүн талдаа дөрвөн авралтын гарцтай. Уг барилгын хоёрдугаар давхарт 19 аж ахуйн нэгж үсчин, оёдолчин, ломбардын чиглэлээр, I давхарт цайны газар, хүнс, гоо сайхны худалдааны 98, зоорийн давхарт хүнс, гоо сайхны барааны 40 агуулах нийт 350 түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Тус гал түймрийг унтраахад нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах зурган ангийн найман тасаг нийт 141 албан хаагчид 494 тонн ус, 1848 литр шатахуун зарцуулж галыг бүрэн унтраасан бөгөөд уг гал түймрийн хор уршгийг арилгах ажилд нийслэлийн аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид долоо хоног ажилласан байна.

2014.05.10

Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байршилтай МВС групп компанийн "Барс-2" худалдааны төвийн цайны газарт хийн түлш /газ/ дэлбэрсэн гэсэн дуудлага нийслэлийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвд 2014 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 10:47 цагт ирсэн байна. Гал түймэрт худалдааны төвийн урд хэсэгт байрлах 30х10 метрийн хэмжээтэй сэндвичэн өргөтгөлийн цайны газрын дөрвөн хоол бэлтгэх өрөө, дээвэр, хана, тааз, дотор эд хогшил, долоон ширхэг хийн түлшний сав, зэргэлдээ павильоны дээвэр, хана шатсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын 68 албан хаагч, 13 автомашинтай 29 тонн ус, 327.99 литр шатахуун зарцуулан 2 цаг 30 минут ажиллан унтрааж тухайн байгууллагын гурван павильон бүхий худалдаа үйлчилгээний төв, ногооны агуулах, худалдааны танхим, контор, өргөтгөл 30х60 метр хэмжээтэй хоёр давхар тоосгон, сэндвичэн павильоныг гал түймрийн аюулаас авран хамгаалсан.

 

2015.02.04

Сүхбаатар дүүргийн VI хороо, Хаан гэр ресторанд 2015 оны хоёрдугаар сарын 4-ны өдрийн 15 цаг 33 минутад гал түймэр гарсан. Түймрийг нийслэлийн Гал түймэр унтраах аврах долон анги, найман тасгийн 120 албан хаагч, 20 техник хэрэгслийг гал унтраах дөрвөн хэсэгт хувааж гал унтраах үйл ажиллагааг явуулсны үр дүнд 20:30 цагт гал түймрийн тархалтыг зогсоов. 01: 49 цагт буюу 10 цаг 16 минут 203.5 тонн ус, 1959.83 литр шатахуун зарцуулж гал түймрийг бүрэн унтраасан байна.

2017.02.07

Баянзүрх дүүргийн XII хороо, Ботаникийн эцэст байрлах "Бишрэлт трейд" компанийн 46х24 метрийн хэмжээтэй "Велл март" худалдааны төвийн II давхарт 2017 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 02 цаг 50 минутад гарсан гал түймрийг нийслэлийн Онцгой байдлын газрын дөрвөн ангийн долоон тасаг, гал унтраах зориулалтын 11 автомашин, 75 албан хаагч, 6 цаг 23 минут ажиллаж 53.5 тонн ус, 857.9 литр шатахуун зарцуулж, хорт хий утаанаас хамгаалах 52 багтай ажиллан унтрааж тус обьектын нэг болон гурван давхарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

2017.06.14

Хан-Уул дүүргийн III хороо "Говь" үйлдвэрийн барилгад 2017 оны зургаадугаар сарны 14-ний өдрийн 20 цаг 39 минутад гал түймэр гаргасан. Үйлдвэрийн зориулалттай тус байгууламж нь 1981 онд баригдсан хоёр давхар төмөр бетон хана, тулгуур

баганатай, тэнхлэгээрээ урт нь 198 м, өргөн нь 126м дээврийн хэсэг нь төмөр бетонон дээвэртэй, дээгүүр нь 30 см орчим зузаантай шилэн хөвөн, хөөсөнцрөөр дулаалж, модоор давхарлан, 6-7 давхар хар цаасан хучлагатай байсан нь гал тархан дэлгэрэх болон шаталга эрчимтэй явагдаж, унтраах үйл ажиллагаанд хүндрэл учирч байсан.

Уг гал түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 241 алба хаагч, 34 автомашин, бусад байгууллагаас 102 алба хаагч ажилтан, 68 автомашин, техниктэйгээр 21 цаг үүрэг гүйцэтгэж, ус 2396 тн, хөөс үүсгэгч 1100 л, шатахуун 7716 литрийг зарцуулан бүрэн унтраасан байна.

 Гал түймэр унтраах автомашиныг сэлгэн байрлуулах боломж хязгаарлагдмал, гал хурдан тархах материал болох хөөсөнцөр, хар цаасаар галын тархалт маш эрчимтэй явагдсан, галын ачаалал их, олон давхарлагдаж зузаарсан. Хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, нягт ихтэй, хорт хий, утаа их хэмжээгээр ялгарсан зэрэг нь гал унтраах үйл ажиллагааг хүндрүүлж байв. Гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулахад тус объектын 30 мянган ам.метр том талбай өртөж, гал түймрийн шаталт маш эрчимтэй явагдсан. Дулааны үйлчлэл өндөр, далд шаталт ихтэй, хавж шатсан зэргээс усны шаардлага нэмэгдэж байсан тул Ус сувгийн удирдах газраас таван тн багтаамжтай ус тээвэрлэгч 11, Хот тохижилтын газраас долоон тн багтаамжтай ус тээвэрлэгч зургааг, Улаанбаатар төмөр замаас 68 тн усны савтай вагонцистерн зэргийг хүч нэмэгдүүлэн ажиллажээ.

2022.01.06

2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 05:04 цагт Сонгинохайрхан дүүргийн ХХ хороо "Таван толгой" компанийн баруун түгээх төвийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын II, III шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн I цех, савлагааны цехэд гарсан гал түймрийг нийслэлийн Онцгой байдлын газрын таван ангийн 19 автомашин, 56 алба хаагч 5 цаг 23 минут ажиллаж унтрааж байв.

2022.12.01

Дархан-Уул аймгийн Дархан сумын III багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тэс Петролиум" компанийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахад дэлбэрэлт болж, гал түймэр гарсан тухай дуудлагыг 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 09:21 цагт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар хүлээж авсан.

Дээрх дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах анги 22, 54 дүгээр анги, Эрэн хайх аврах бүлэг, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 19, 36, 40, 61 дүгээр анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 56 дугаар анги тус тус голомтод үүрэг гүйцэтгэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна