Японы Хүүхдийн ивээх сангийн “Хүүхэд нэг бүрийг боловсролд тэгш хамруулах зарчимыг дэмжих нь” төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх арвин түүхтэй арлын орны боловсролын байгууллага, төрийн бус байгууллагын тэгш хамруулан сургаж буй үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах аялал хийсэн юм. Энэхүү аяллын бүрэлдэхүүнд багтсан Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та Япон орны туршлагыг судлах аялалд хэрхэн хамрагдах болсон бэ?
-Японы Хүүхдийг ивээх сангийн “Хүүхэд нэг бүрийг боловсролд тэгш хамруулах зарчимыг дэмжих нь” төсөл Өвөрхангай, Ховд, Улаанбаатар хотод хэрэгжиж байна. Төсөл маань ирэх гуравдугаар сард хаалтаа хийнэ. Бид Япон орноос туршлага судлах аялалд өнгөрсөн оны есдүгээр сард хамрагдсан. Орон нутгийн Боловсролын зөвлөл, Бага, дунд, ахлах сургууль болон 2 төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан. Япончууд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх арвин туршлагатай.
Бид хамгийн түрүүнд Японы хүүхдийг ивээх сангийн төв оффист зочилж, Цукуба их сургуулийн профессор Кавагүчи докторын “ТХБ-ын үзэл баримтлалын талаарх дэлхий нийтийн чиг хандлага, Япон улсын өнөөгийн нөхцөл байдал” лекц сонсон ойлголтоо нэгтгэснээр бидний аялал үргэлжилсэн. Цоо шинэ гэхээс илүүтэй бид мэддэг бас хэрэгжүүлдэг, харин цаашид илүү өнгөлж тордоод хэрэгжилтээ сайжруулах хэрэгтэй байна даа гэсэн бодол, олон сайхан ажлын санаатай ирсэн.
Бид Японд нийт 9 байгууллагад зочилж, үйл ажиллагаатай танилцсан. Тодруулбал, Боловсролын болон тэгш хамруулан сургах боловсрол эрхэлсэн төрийн орон нутаг дахь хоёр байгууллага, Ерөнхий боловсролын гурван сургууль , Олон улсын болон төрийн бус гурван байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Боловсролд хамрагдалт, холбон зуучлах, сургуульд элсүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлдэг Осака хотын боловсролын зөвлөл, Судалгаа, сургалт, арга зүй эрхэлж, сургагч багш, сурагчийн хөгжлийг дэмждэг Токио хотын Сугинами дүүргийн боловсролын төв, Хэвтрийн, байнгын асаргаатай 0-100 хүртэлх насны ХБИ-д асаргаа, нийгэмшил, хөгжлийн цогц дэмжлэг үзүүлдэг “No side” хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн цогц төв, Боловсрол, сургалтын байгууллагад тэгш хамруулахтай холбоотой гарсан асуудал кейстэй ажиллаж, эерэг замаар харилцан ойлголцох, хамтрах ажлыг зохион байгуулдаг “Чиба MD эконэт” ТББ.
-Танай аймгийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролд хэрхэн хамрагдуулж байна вэ?
- 2024 оны нэгдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд 0-16 насны 494 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүнээс 86.9 хувь буюу 300 гаруй хүүхдэд боловсролын үйлчилгээг үзүүлж байна. Тодруулбал, 45 хүүхэд тусгай цэцэрлэгт, 39 хүүхэд Арвайхээр сумын ерөнхий боловсролын II сургуулийн дэргэдэх тусгай бүлэгт хамрагддаг. Харин үлдсэн хүүхдүүд маань энгийн сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна.
Аймгийн Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны газраас хүүхэд бүрийг боловсролын үйлчилгээнд хамруулах, хүүхэд эцэг эхийн санал хүсэлтийг сонсож, боловсролын байгууллагад холбон зуучлах, багш ажилтныхаа мэргэжил арга зүйг дээшлүүлж, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна.
-Аяллаас ямар зүйл таны сэтгэлд хамгийн их хүрсэн бэ?
- “Хамтдаа суралцаж, хамтдаа өсье” гэсэн үзэл баримтлал, уриалгыг төрийн болон төрийн бус байгууллагаас, энгийн иргэд, хүүхэд багачууд ч ойлгож, хүн бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэн хүлээж авдаг болсоныг ердийн сургуулийн ангиар ороод гарахад ажиглаж чадна. Мөн энд өнөөдөр хэнтэй ч хамтдаа баймааргүй, ганцаараа суралцмаар байгаа үедээ орох боломжтой “Бүх хүүхдийн анги” гэсэн танхим байх юм. Тэд бие хүн бүрийн сэтгэл зүйн байдлыг ч хүндэтгэн хүлээн зөвшөөрч байгаа нь сэтгэлд үлдсэн байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсрол эзэмшүүлэхийн тулд тэд хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Япон аав ээжүүд хүүхдээ бага, дунд, ахлах сургуульд элсүүлэхдээ 1-3 жилийн өмнөөс судалж, бэлтгэдэг юм билээ. Тухайн боловсролын байгууллага ч мөн энэ хугацаанд эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлтэд үндэслэн тохируулгат орчиноо бүрдүүлж бэлтгэл хангадаг аж. “Ирэх жил манай сургуульд тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэд элсэн суралцах тул цахилгаан шаттай болж байгаа юм” гэх захирлын үг, сургуулийн багш ажилтан, ангийн найзууд нь брайл үсгээр бичиж, уншдаг нь, гоё ганган чимэглэлгүй анги, сургуулийн орчин нь хөгжлийн ялгаатай хүүхэд бүрт ээлтэй мэт. Сургалтын орчны түгээмэл загвар (universal design), Багшид туслах, хамтарч хичээл заах (team teaching), Хүүхдийн анхаарлыг сарниулахгүй байх энгийн шийдэл (Front zero) зэрэг нь аль ч сургуульд ижил хэрэгжиж тэд нэг ойлголт, нэг алсын хараатай байгаа нь ажиглагдаж байлаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшийн хувьд монгол япон орны хувьд ямар ялгаа байна вэ?
- Тусгай дэмжлэг шаардлагатай хүүхдүүдэд зарим хичээлийн цаг дээр /ихэнхдээ математик, гадаад хэл, физик, хими гэх мэт/ хөгжлийг дэмжих танхимд нийгэмшихүйн чиглэлийн хичээлүүд орж байгаа нь тэдний хэрэгцээг оновчтой тодорхойлж, эцэг эх багшийн хүсэл эрмэлзлэл нэг цэгт уулзсаны үр дүн болов уу гэж бодлоо.
Сургууль дээрх дэмжлэгийн тогтолцоо маш оновчтой бөгөөд сургуулийн үндсэн албан хаагчдаас гадна ангийн багштай хамт туслах багш, дүүргээс цалинжуулдаг сувилагч, сайн дурын ажилтан, долоо хоног бүр ирж ажилладаг сэтгэл зүйч нар тэгш хамруулан сургах, ганцаарчилсан сургалтын хөтөлбөрөөр хичээллэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана. Багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилласны хариуд ямар нэгэн нэмэгдэл цалин хөлс, урамшуулал авдаггүй бөгөөд хүүхдүүдийн маань ахиц, амжилт, баяр хөөр бол багш хүнийг хамгийн жаргалтай, баяртай болгодог зүйл гэж ярьж зогсоо япон багшийг хараад бахархаж байлаа. Энэ ойлголт хандлагыг багш нартаа хэвшүүлэх хэрэгтэй санагдсан.
Манай багш нар 30, 40 хүүхэдтэй ангид 1-4 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах тохиолдол байхад Японд нэг ангид дээр дурьдсан 2-3 дэмжих ажилтан ажиллаж байгаа нь тухайн суралцагчид төдийгүй багшийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, нийгэмшихүй болоод сургалтын чанар үр дүнд ч чухал нөлөөлтэй нь ажиглагдаж байсан. Мөн дээр дурьдсан Team teaching бол сургууль бүрт хэрэгжиж байсан шүү. Тохируулгат болон туслах хэрэглэгдэхүүнүүдийг дундаа ашиглах боломжийг бүрдүүлж, тэр бүгдийг нэг анги танхимд бүрдүүлэн тавьсан нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй бөгөөд багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ч хэрэгтэй мэт санагдсан.
-Эцэг эхчүүдийн хувьд хэр оролцоотой байдаг вэ?
-Багш, эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн нүүр тулсан уулзалт ярилцлагыг жилд 4 удаа хийхээр жилийн эхэнд төлөвлөж, ахиц амжилт анхаарах асуудлын талаар ярилцаж, хамтдаа үр дүнгээ тооцож, цаашид хэрхэн ажиллах, дэвшин суралцах талаар ярилцдаг байна. Өөр сургуульд дэвших болон шилжин суралцсан сурагчийг өмнөх сургуульдаа 7 хоногт 1-2 удаа эргэн ирэх боломжийг бүрдүүлж, сэтгэл зүйн байдалд нь дэмжлэг үзүүлнэ. Эцэг, эх асран хамгаалагчийн бүтээлч хамтын оролцоо сайн бөгөөд хичээлийн жилийн эхнээс тэдний оролцох үйл ажиллагааны төлөвлөгөө сар өдрөөрөө тодорхой гардаг яг л япончуудын төлөвлөлт.
-Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид энэ хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны газрын дэргэд Тэгш хамруулан сургах боловсролын чиглэлээр “Зөвлөх баг” байгуулан ажиллах ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр багш ажилтнууддаа мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, сургууль цэцэрлэг дээрх Дэмжлэгийн багийн үйл ажиллагаанд сайжруулахад илүүтэй анхаарна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс маань 3 суманд ажиллаж, цэцэрлэгүүдэд “Цогц дэмжлэг” зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна