Баянхонгорт алтны шинэ уурхайн бүтээн байгуулалт эхэлжээ

Х.Батсайхан
2024/01/31

Торонто болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент“ компани Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байрлах Баян хөндий алтны ордыг ашиглахаар уурхайн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлжээ.

Тус компани “Монголиан майнинг корпорейшн” ХК-тай урт хугацааны стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, эзэмшилд нь байгаа ашиглалтын лицензүүдийг хамтран эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхнийх нь Баян хөндий болж байгаа аж. 

Хоёр компани түншлэлийн хүрээндээ 50, 50 хувийн эзэмшилтэй “Эрдэнэ Монгол” ХХК-ийг байгуулсан бөгөөд “ММК” 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. 

Баян хөндий төслийн хүрээнд 4.0 г/т дундаж алтны агуулга бүхий 513,000 унц батлагдсан ба магадалсан үйлдвэрлэлийн нѳѳц (“P&P”)-ийг олборлох бөгөөд уурхайн ашиглалтын 2 дахь жилээс эхлэн 5 дахь жилийг дуустал жилд дунджаар 87,000 унц алт олборлох төсөөлөлтэй. Лицензит талбайгаас нөөц нэмэгдэх боломжтой. 

Хэрвээ энэ хамтрал үр дүнтэй байвал цаашид Зуун модны молибден-зэсийн орд, Хөвын зэсийн орд зэрэг төслийг хамтарч ашиглахаар төлөвлөжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна