-Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг гэм буруутай гэж үзлээ-
“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал дуусаж, өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа.
Прокуророос Т.Аюурсайханыг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан” гэсэн үндэслэлээр буруутгасан бөгөөд эхний гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жил хорих ял оноолоо.
Эрүүгийн хуулийн 22.10.2 “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн зүйл ангид “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.
Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл буюу Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн зүйл ангид 5-12 жилээр хорих ялаар шийтгэх зохицуулалттай юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг “Хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах” гэсэн үндэслэлээр буруутгасан.
Шүүхээс түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож, нийт 5 жил, есөн сар хорих ял оноолоо.
Зүйлчлэл нь, 22.4 дүгээр зүйлд Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Эрүүгийн хуулийн 22.10.1-т Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т байнга тогтвортой үйлдэж; 2.3-т албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна