Хаалттай шүүх хурал, хамгийн доод ял

Zuv.mn
2024/02/01

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал дуусаж, өчигдөр дүгнэлтээ танилцууллаа. Прокуророос Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг ЭХ-ийн хэд, хэдэн үндэслэлээр буруутгасан. Тэгвэл шүүхээс тэдгээр буруутгалын заримыг хүчингүй болгож, буруутай гэж үзсэн зүйл ангиудад заасан шийтгэлийн хамгийн бага хэмжээтэйг оноожээ.

Тухайлбал, Т.Аюурсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 буюу “Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах, түүнд элсэн орох” хэргийг, Б.Ганхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 буюу “Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах, түүнд элсэн орох” хэргийг тус, тус хүчингүйд тооцсон.

Харин Т.Аюурсайханыг ЭХ-ийн 22.4 “Үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн” гэж үзэж гурван жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил хасах ял оноосон.

Б.Ганхуягийг “Үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан”, “Гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон”,

“Үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж 5 жил, 9 сар хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилээр хасжээ.  

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

- 22.10.1-т Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

- 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т байнга тогтвортой үйлдэж; 2.3-т албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”

-20.3 дугаар зүйл.Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг төрийн албан хаагч үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Эндээс харахад, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт тулгасан хэргээс хамгийн өндөр ялтай /20.3/ хэргийг хэрэгсэхгүй болгож, буруутай нь тогтоогдсон хэргүүдээс өгөх ялаас үлэмж бага хэмжээгээр шийтгэжээ. Энэ нь зүй ёсоор хардлага үүсгэж байна. Эрүүгийн хуульд заасан нэг гэмт хэрэгт ногдуулах ялын хэмжээ хэтэрхий зөрүүтэй, хэдий хэмжээгээр ногдуулах нь тухайн шүүгчийн эрх хэмжээний асуудал байдаг нь хардах үндэслэл. Шүүх хурал хаалттай явагдсан нь мөн "Ял өгсөн болж харагдаад бусад нөлөө бүхий этгээдийг нууцлав уу", "Шүүгч нөлөөнд орсон уу" гэж хардах үндэслэл юм.          

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.189
    2024/02/01

    Хуулийн авлигачид шүүх хуралд нөлөөлж хамгийн бага ял өгч байна. ШУУД бүх шүүгнч, прокурор нараа халж, шинээр сонгон шалгаруулт хийж авах хэрэгтэй. ИРГЭДЭЭС асуулга авбал хэн авлигачинг шууд хариулна даа

    Хариулах
    • 202.9.40.85
      2024/02/01

      зөв санал, дэмжиж бна