Аялал жуулчлалын чиглэлээр дагнан бичдэг travelnoire.com цахим хуудаст Монгол Улсыг маш бага зардлаар аялах боломжтой улсын нэг болох талаар мэдээлэл гарчээ.
Мэдээлэлд тухайн улс оронд аялахад гарах өртөг зардал нь сонголт хийхэд нөлөөлөдөг гол хүчин зүйл болохыг дурдаад, Монгол Улс бол дэлхийн улс орнуудаас хамгийн хямд аялах боломжтой улсын нэг болохыг тодотгосон байна. Мэдээллийг товчлон хүргэе.
Монголд аялахад өртөг зардал хямд гарах шалтгаан
1. Амьжиргааны өртөг бага
Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад Монголд амьжиргааны өртөг нэлээд хямд байдаг. Улс орнуудын хэрэглээний үнийн индексийг тооцдог Numbeo вэб сайтад дотоодын шар айраг 1,59 ам.доллар, рестораны үдийн хоол дунджаар 4,35 ам.доллар, нийтийн тээврийн тасалбар 0.14 доллар гэж мэдээлсэн байна. Дэн буудал хоногийн 15 доллар орчим байгаа нь ч хямддаа орно.
2. Үнэгүй, хямд үзвэрүүдтэй
Монгол улс байгалийн болон соёлын дурсгалт газруудтай бөгөөд үнэ төлбөргүй эсвэл хямд үнээр очиж үзэх боломжтой. Өргөн уудам, үзэсгэлэнтэй говьд шууд яваад очиж болно. Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт дэлхийн хамгийн сүүлчийн жинхэнэ зэрлэг адуу болох ховордсон тахийг үзэх боломжтой.
3. Хямд нислэг
Монгол бол аялал жуулчлалын нэг их очдог газар биш учраас нислэгийн эрэлт, өрсөлдөөн бага байдаг. Энэ нь ялангуяа та урьдчилж захиалж, хямдрал хайж байгаа бол онгоцны тийз хямдрах болно. Skyscanner-ийн мэдээлснээр 2024 онд АНУ-аас Монгол руу чиглэсэн хамгийн хямд хоёр талын нислэг 1200 ам.доллараас эхэлнэ гэжээ.
4. Валютын ханш
Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш сүүлийн жилүүдэд эдийн засаг, улс төрийн янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалж ам.доллар болон бусад гол валюттай харьцахдаа суларч байна. Энэ нь доллар, евро, фунт болон бусад мөнгөн тэмдэгтээр илүү их төгрөг авах боломжтой тул таны мөнгө Монголд улам бүр нэмэгдэнэ гэсэн үг. Валютын ханшийг мэдээлдэг XE вэб сайтын мэдээлснээр энэ сарын 22-ны байдлаар 1 ам.доллар 3418 төгрөг, 1 евро 3709 төгрөг, 1 GBP 4332 төгрөг, 1 австрали доллар 2254 төгрөгтэй тэнцэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна