Сар шинийн өдрүүдэд цаг агаар тогтуун дулаан байна

Х.Есү
2024/02/09

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Хоёрдугаар сарын 10-11-н буюу сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларна.

2024 оны 02 дугаар сарын 09-нөөс 2024 оны 02 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар сарын 9-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 9-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 12-14 метр, 11-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн баруун хагаст секундэд 12-17 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 10-наас нутгийн баруун хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна