“Эрдэнэс Тавантолгой” ХХК 2023 оны ногдол ашгаасаа иргэдийн эзэмшиж буй 1072, 1063, 772, 750, 536 ширхэг хувьцаанд дүйцүүлэн 256,656, 254,482, 184,816 төгрөг 179,550, 128,318 төгрөгийн ногдол ашгийг өнөөдөр тараалаа.
Энэ тараагаад байгаа мөнгө чинь уг нь "Баяжуулах үйлдвэр" барих мөнгө юм шүү дээ. Манай монголчууд төр засгаа ойлгодог, уужуу ухаантай хүмүүс. 1990 онд нийгмийн шилжилт хийж байхад л “Хэрэгтэй бол хувьсгалаа хий, бид тэсье, бүсээ чангалъя" гэж эрх баригчдадаа хэлж чадаж байсан уужуу ард түмний үргэлжлэл байгаа юм. Тийм ч учраас хэрвээ “Таван толгойгоо өөрсдөө бие дааж хөгжүүлээд илүү өндөр ашиг олцгооё. Ногдол ашиг авахаа тэвччих” гэсэн бол зөвшөөрөх л байсан.
Даанч 2021 онд Б.Ганхуяг захирлын үед нэг удаа ТУЗ-ын дэргэд байгуулсан олон нийтийг төлөөлсөн гэх тоглоомын бүтцээрээ “Ногдол ашиг авахгүй” гэдэг бичиг гаргуулаад ногдол ашиг тараагаагүй юм. Тухайн үед энэ мэдээлэл хэвлэл мэдээллээр гарсан ч олон нийт чимээгүй л хүлээж авсан. “Төмөр замаа бариг дээ” гэдэг ч юм уу, яригдаж, явагдаж байсан олон төслүүдээс аль хэрэгтэй, чухаг гэж үзсэнээ дотроо төсөөлж, ойлгож хандсан.
Гэвч Гашуун сухайтын төмөр зам гэхэд нүүрсээрээ гэрээлээд өөрөө явсан, бусад төслүүд ч энэ маягаар явах боломжтой байсан, харин огт хамааралгүй төсөл рүү маш их хэмжээний мөнгө хийж идэж шамшигдуулсан асуудал сөхөгдсөн учраас л энэ удаа ард иргэд “Авахаа авъя тэгэх үү” гэж ууртайхан шаардаж байгаа юм.
Ногдол ашиг данс руу орж эхэлсний дараа гадуур явж иргэдийн байр суурийг тандлаа. "Надад энэ ногдол ашгийн жаахан мөнгө нэг их хэрэггүй л дээ. Гэхдээ хулгайчууд нь дээгүүрээ "идээд" байгаа юм чинь бид ч эрхээ эдлэх ёстой" гэсэн байр суурь давамгайлж байна.
Одоо энэ мөнгө архи, хоол хүнсэнд “явна”. Муухайгаар хэлбэл баас, шээс болоод дуусна. Дам утгаараа бизнесийг дэмжих ч багагүй хэсэг нь гадагшаа урсана. Гэтэл дээр хэлсэнчлэн, энэ мөнгөөр баяжуулах үйлдвэр барьж болох байсан.
Энэ жил “ЭТТ” ХК 10 сая ам.долларын нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулах нь оруулж байгаа. Жилд 10 сая тонн нүүрс угаана, угаасан тонн нүүрс тутамд 50-60 ам.доллар илүү олно гэж тооцсон байсан.
Хэрвээ ногдол ашиг тараагаагүй бол хүчин чадлаа 20, 30 сая тонн гэх мэтчилэн нэмэгдүүлэх, цаашлаад хуурай баяжуулах технологи руу шилжих бололцоо байсан. Бортээг дээр баригдсан 5-10 сая тонн нүүрс хуурай аргаар баяжуулах үйлдвэр 50-60 сая ам.долларын өртөгтэй гэж хэрэгжүүлэгчид нь ярьж байсан. Тэгвэл ногдол ашиг болгож тарааж байгаа 760 тэрбум төгрөгөөр 2-3 дахин өндөр хүчин чадалтай үйлдвэр барьж болох байжээ.
20 сая тонн нүүрс баяжуулаад тонн тутмаас 50-60 ам.доллар илүү олсон бол /БЭТ Ж.Ганбатын хэлснээр/ уг нь “ЭТТ” ХК, Монгол Улс, монголчуудад хэрэгтэй ажил болох байж. Зөвхөн боловсруулснаас орж ирэх жилийн орлого нь 20 сая тонн нүүрсээр тооцоход тэрбум ам.доллар шүү дээ. Энэ мөнгийг ногдол ашиг болгож тараавал хүн болгонд сая гаруй төгрөг ногдоно гээд бод. Ийм л их боломжийг нүүрсний хулгайчид биднээс хулгайлж, өөрсдөөр маань ирээдүйг нь баллуулсан байна.
Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтэд "ЭТТ" ХК-д зөвлөмж өгсөн. тэнд нь өр ширээ дар, хамаагүй төслүүд санхүүжүүлэхээ зогсоо гэсэн байсан. Компанийн байдал хүнд хэвээрээ байгаа гэсэн үг. Энэ бол Нүүрсний хулгайчуудтай тооцох хариуцлагыг чангатгах нэг шалтгаан мөн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.41.93.99
Хувьцаа эзэмшигчид 5толгойн бор тээг гэдэг толгойгоо хулгайд алдсан юмуу зарчихсан юмуу.
Хариулах