Шинэ технологи: Шууд цементэн зам тавьдаг машин өдөрт гэр хорооллын 2 км замыг засна

Х.Есү
15 цаг 24 минутын өмнө

Гэр хорооллын дундуурх замыг ер засдаг бил үү? Их цөөн санагдах нь лавтай. Бартаа, эвдрэл ихтэй учраас аль ч улирлын нөхцөлд зорчих амаргүй. Мөн нийтийн тээвэр явах боломж үүнээс болж хязгаарлагддаг.

Тэгвэл Recycling технологийн богино хугацаанд шороон зам засдаг машиныг Чингэлтэй дүүргийн 13-р хороонд аширласан нь шинэ тутам туршлага болжээ. Энэ замын хажууд үерийн далан, нөгөө талд нь ЕБ-ын 49-р сургууль бий. Иймд голчлон хүүхдүүд зорчдог аж.

Recycling технологи нь, машин урагшлах явцдаа шууд хөрсийг устай хольж, цемент болгоод хучдаг байна. Араас нь индүүдлэгийн машин явснаар замыг богино хугацаанд засдаг аж.

Энэ санаачилгыг Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Н.Мандуул гаргасан байна. Тэрбээр зам засварын ажлын үеэр биечлэн байлцах үедээ тайлбар өгчээ.

Н.Мандуул "Гэр хорооллын зам бартаатайгаас болж олон хүндрэл үүсдэг. Гэвч засдаггүй, засах нь тун ховор. Харин Recycling гэж технологийн тусламжтай ийнхүү Чингэлтэй дүүргийн 13-р хороонд ажиллаж байна. Амжилттай болж байна. Энэ санаачилга амжилттай хэрэгжвэл цаашид нэвтрүүлэх боломжтой. Нэг өдөрт 2 км замыг шууд засаад явчихдаг технологи гэсэн үг" хэмээн ярьжээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Д.Одбаяр ч технологийн тухай сайтар тайлбарласан. Холбоотой хоёр машин удаан урагшлах явцдаа, хөрсийг шууд янзалж, дээш татан устай хольж цемент болгоод, буцаагаад хучдаг аж. Дээр дурдсанчлан индүүдлэгийн машин араас нь явахад л хангалттай. Асфальт биш, гэр хорооллын дундах хүндэрсэн замуудад тохиромжтой хувилбар болж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчийн тухайд "Энэ замыг төсөвгүйгээс болж гүйцэд засаж чадалгүй орхисон байсан. Одоо тун хялбар технологиор, хурдтай засаж байгааг харах таатай байна. Хамгийн гол нь үүгээр хүүхдүүд их явдаг. Дэргэдээ үерийн далантай учраас аль ч улиралд аюул эрсдэл элбэг" хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Н.Мандуулын хувьд ажлаа аваад удаагүй ч олон чиглэлд санаагүйг санаж, хийгээгүйг хийж байна. Түүнийг урьд нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж, тус банкийг дампуурлаас гарахад томоохон үүрэг гүйцэтгэснээр нь олон нийт танина.

Н.Мандуул өдгөө НИТХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байгаа юм. Чингэлтэй дүүргийн асуудлыг мэдэхийн хувьд, мөн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн тухайд тус дүүргийн гэр хорооллын замыг ийн шинэ технологиор, хурдтай засуулж эхэлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна