Монголчууд өөрсдийгөө амны хишигтэй ард түмэн гэж ярьдаг. Тэгвэл энэ үг үнэн гэдгийг бас нэг баталгаа нь газрын ховор элемент болоод байна. Орчин үеийн өндөр технологийн түүхий эдийн орлуулшгүй хольц болсон энэ түүхий эдийн зах зээлд Монгол Улс том тоглогч болж, эдийн засгаа хөгжүүлэх бодит боломж бидэнд байна.
ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ БОЛ ЦАГ НЬ ИРСЭН АШИГТ МАЛТМАЛ
Ашигт малтмалд цаг нь ирэх гэж нэг ойлголт бий. Хэрэгцээ шаардлага нь ихэсч, ач холбогдол нь өсөхийг ингэж хэлдэг. Түүхээс харахад тодорхой ашигт млтмал, түүхий эдүүд тодорхой цаг хугацаанд хамгийн чухаг байж, эзэн улсынхаа хөгжлийн түлхүүр болсон байдаг.
Аж үйлдвэрийн I, II, III хувьсгалын үед нүүрс, газрын тос, ган, өнгөт металл ийм үүрэгтэй байсан бол одоо үргэлжилж буй Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед дээр дурдсан ашигт малтмалууд дээр газрын ховор элемент хүч түрэн орж ирээд байна.
Цаг үе нь ирж, ач холбогдол нь өссөн энэ үед Монгол Улс газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой “Газрын ховор элемент” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон нь цагаа олсон чухал ажил болж байна.
Хөтөлбөр хэрэгжсэнээр Газрын ховор элементийн нөөцөд түшиглэсэн хими-технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурь тавигдаж, баяжмалыг боловсруулан исэл гарган авах технологийг эзэмших боломж бүрдэнэ гэж төсөөлж байгаа бөгөөд технологиор тэргүүлэгч, том хэрэглэгч Герман зэрэг улстай харилцаж, гарц гаргалгаа хайж байгаа нь сайшаалтай юм.
ДЭЛХИЙ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТЭЭР "ӨЛСӨЖ" БАЙНА
Аж үйлдвэрийн IV хувьсгал эргэлт буцалтгүй болсон нь Газрын ховор элементийн ач холбогдлыг мөн эргэлт буцалтгүй болгож байна. Ввс.com-д гарсан нийтлэлд бичсэнээр бол Герман, Европын холбоо ОХУ хэмээх түүхий эд нийлүүлэгч гол түнштэйгээ түнжин хагараад өөр найдвартай нийлүүлэгчийг эрж хайж буй. Түүхий эдийн дутагдалд орчихсон, аж үйлдвэрийн салбар нь ирэх жилээс буурч, эдийн засаг нь бас хямрахад ойрхон байгаа талаар мэдээлсээр.
"ЛИТИ ЗЭРЭГ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТҮҮДИЙН АЧ ХОЛБОГДОЛ УДАХГҮЙ ГАЗРЫН ТОС, БАЙГАЛИЙН ХИЙНЭЭС ИЛҮҮ ЧУХАЛ БОЛНО. ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХЭРЭГЦЭЭ 2030 ОН ГЭХЭД ОДООГИЙНХООС ТАВ ДАХИН НЭМЭГДЭНЭ”
Урсула фон дер Лейен /Европын Комиссын Ерөнхийлөгч/
Зөвхөн Герман гэлтгүй бүх л улсад чиг хандлагаа дагаад Газрын ховор элементийн хэрэгцээ өсөж, улс орнуудын эдийн засгийн хүчин чадал энэ чухал элементийн нөөц баялагтай эсэхээс шалтгаалан шинээр эрэмбэлэгдэх үйл явц эргэлт буцалтгүй үргэлжилж байна.
Олон улсын эрчим хүчний агентлаг газрын ховор элементийн эрэлт 2040 он гэхэд одоогийнхоос 3-7 дахин, лити зэрэг бусад чухал ашигт малтмалын эрэлт бүр 40 дахин өсөх магадлалтай гэсэн төсөөлөл гаргажээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан улс орнууд дэлхийн температурын өсөлтийг хязгаарлахын тулд ялгаруулалтыг бууруулах үүрэг хүлээсэн. ҮҮнээс хойш болсон бүх хурлуудад улс орнууд амжилтаа тайлагнаж, амлалт авсаар байгаа бөгөөд эдгээр хурлууд бүгд газрын ховор элементийн хэрэгцээг өсгөж буй. Учир нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол аргад тооцогдож байгаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлд Газрын ховор элемент орлуулшгүй түүхий эд болдог юм.
Одоогоор улсуудын аваад байгаа үүрэг амлалт, зорилт нь газрын ховор элементийн одоогийн үйлдвэрлэлээс дөрөв дахин хэтрээд байгаа бөгөөд хэрэгцээ л жил бүр өсөж байхад нийлүүлэлт буюу олборлолт түүнээс хоёр дахин ба га хурдаар өсөж байна. Энэ баримт л Газрын ховор элементийн салбар ямар чухал болохыг харуулах биз ээ.
ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТТЭЙ УЛС ӨНДӨР ТЕХНОЛОГИ ХӨГЖҮҮЛЭХЭД ДАВУУ ТАЛТАЙ
Манай урд хөрш БНХАУ техник, технологийн салбараа сүүлийн хэдхэн жилд үсрэнгүй хөгжүүлж чадсан нь газрын ховор элементийн зах зээлд нөлөөгөө тогтоосонтой салшгүй холбоотой. Тэд технологийн ноу-хауг эзэмшихийн тулд газрын ховор элементийн экспортод квот тогтоох, гаалийн татварыг нэмэгдүүлэх зэргээр нөлөөгөө бататгаж ирсэн байдаг.
БНХАУ чухам энэ газрын ховор элементийн нийлүүлэлтээ багасгаж, дарамталж байгаад Европ, АНУ-аас өндөр технологийн үйлдвэрүүдийг нь оруулж ирж чадсан. Одоо өөрсдийн үйлдвэрүүдээ тэдэнтэй өрсөлдүүлж байна.
Газрын ховор элементийг ашиглаж өндөр технологийн үйлдвэрлэлээ хөл дээр нь босгож байгаа учраас Хятадын улс төр, эдийн засгийн гол хүч нь эдгээр элементүүд гэхэд буруудахгүй.
Хамгийн сүүлд 2023 онд галли, германи, бал чулууны экспортод хязгаар тогтооход улс орнууд эдгээр түүхий эдийн хайгуул, судалгааны ажлаа эрчимжүүлж байх жишээтэй. Өндөр хөгжилтэй улсууд хаягдал батарей, үнс нурам гээд боломжтой, магадгүй гэсэн бүхнээсээ газрын ховор элемеэт ялгахаар улайрч, хөрөнгө мөнгийг хайр найргүй цацаж байна.
Тэгвэл бид ч гэсэн яваандаа газрын ховор элементийн экспортоо хязгаарлаж, том улсуудад “Үйлдвэрээ оруулж ир” гэсэн шаардлага тавиад зогсож байх ч юм бил үү. Ингэвэл монгол хүн дэлхийн тэргүүлэх үйлдвэрүүдэд ажиллаж, боловсорно гэсэн үг. Газрын ховор элементийн бас нэг чухал онцлог нь зэвсгийн үйлдвэрлэлд орлуулшгүй түүхий эд болдог явдал. Том гүрнүүдээс авахуулаад жижиг улсууд хүртэл сүүлийн жилүүдэд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж ирсэн. Энэ их хөрөнгийн тодорхой хэсэг нь газрын ховор элемент олборлогч улсын, тодруулбал БНХАУ-ын халаасанд орж буй. Тэгвэл бид энэ хөрөнгөөс хүртэх боломж ч нээгдэх юм.
МАНАЙД ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН НӨӨЦ БИЙ
Хамгийн ховор, чухаг гэдэг нь нэрнээсээ л илт Газрын ховор элементийн нөөц манай улсад хангалттай бий. Бид газрын ховор элементийн багагүй нөөцтэй төдийгүй нөөц бүртгэгдэж ашиглахад бэлэн болсон ордууд ч байдаг.
Жишээлбэл, Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэй ордын нөөц дэлхийн нийт нөөцийн 1 хувьтай тэнцэх бөгөөд дэлхийд долоод бичигдэх том орд юм. Шинж чанарын хувьд ч олборлоход байгаль орчинд нэн ээлтэй. Үүсэх температур нь ойролцоо учраас газрын ховор элемент байгаа газар уран-торий бага хэмжээгээр заавал байдаг. Халзанбүргэтэйн хувьд, уран-торийн агууламж дэлхийн бусад улс оронд байдаг ордуудынхаас 10 дахин бага байгаа нь аз гэлтэй.
Газрын ховор элементтэй холбоотой зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгүүдэд оролцсон эрдэмтэн судлаачид бүгд “Нөөц нь тогтоогдсон бэлэн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах”, “Шинээр орд газруудыг илрүүлэхэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай” хэмээн онцлон тэмдэглэсээр ирсэн байдаг.
Орлуулшгүй гэдэг утгаараа газрын ховор элемент ашиг орлогоороо алт, зэстэй өрсөлдөж, хөгжлийн нэг тулгүүр болох бололцоо бий. Гагцхүү зөв менежментээр л хөдлөх нь чухал юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.34.124
Дэлхий газрын ховор элементээр өлсөж байна
Хариулах122.201.31.171
Найс
Хариулах