Шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрынхаа бүтцийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д оруулж ирэх ажиллагаа хүлээгдэж байна. Хэвлэлээр гарч буй мэдээллээс үзвэл, Ерөнхий сайд Засгийн газарт хамтрах саналаа Үндэсний эвсэл, ИЗЗН-ын удирдлагуудад хүргүүлсэн, тэд хариугаа өгөөгүй тул Засгийн газрын бүтцийн асуудал хойшилж байгаа гэх. Гэвч МАН-ын дотоодод ч багагүй санал зөрөлдөөн, шийдэх ёстой асуудал тулгарсан нь илт байгаа. Хамгийн гол нь, Ерөнхий сайд томилогдохдоо заримыг нь хугацаагаа заагаад амалчихсан /Ж нь, "Төсвийн тодотголыг ирэх /энэ/ долоо хоногт өргөн барина" гм/ зайлшгүй хийх ёстой ажлууд хүлээгдэж байна.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн пүрэв гарагт болсон Чуулганы хуралдаан дээр гишүүдийн асуусан асуулт, хэлсэн үгсээс Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар болон түүний байгуулах Засгийн газрын анхаарах ёстой асуудлуудыг цуглууллаа.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар 23/Ерөнхий сайдыг оролцуулаад/ сайд, 16 яамтайгаар үйл ажиллагаа явуулсан. Гурвын гурван шадар сайд, яамгүй буюу үндэсний хорооны даргаар ажилладаг гурван сайдтайгаар ажиллаж ирсэн нь хэр хэмжээний данхар бүтэцтэй байсныг илтгэнэ. Түүнчлэн 46 үндэсний хороо байгуулсан байна. Эндээс бусад улсууд 10-15 яамтайгаар үйл ажиллагаа явуулж болоод байхад манай улс 20 гаруй яамтай үлэмж том Засгийн газар байгуулсан нь шүүмжлэл дагуулаад байсан юм. Түүнчлэн хамтарсан Засгийн газраас томилогдсон 400 гаруй бүтээмж болон хяналтын менежерүүдийн асуудал ч яригдана.
Мөн заавал төр хийх шаардлагагүй, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой олон төрлийн чиг үүргүүдийг хувьд шилжүүлэх асуудлыг ч хөндөх шаардлагатай.
Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд буурснаар манай улсын 2025 оны төсөв алдагдалтай гарсан. Тиймдээ ч шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүн сорилт нь төлбөрийн тэнцлийн алдагдал болоод байна. Хэрэв төсөвт тодотгол хийхгүй бол 2025 онд төсвийн алдагдал ДНБ-ий 3.0 хувьтай тэнцэнэ гэж Fitch тооцоолсон байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд инфляц олигтой буураагүй. Хоёр оронтой тоонд хүрээгүй ч жил бүрийн инфляц болон иргэдийн орлогыг харьцуулаад үзвэл их хэмжээний зөрүү гарна. Өөрөөр хэлбэл жилээс жилд иргэдийн худалдан авах чадамж буурсаар байна гэсэн үг. Түүнчлэн долларыг 3600 төгрөгт хүрээд байгааг бууруулах нь нэн чухал болоод байна. Энэ бол түүхэнд байгаагүй хамгийн өндөр ханшийн уналт болоод байгаа юм. Энэ бол эдийн засгаа идэвхжүүлэх бус урсгал зардал өндөртэй, хатуу дэд бүтэц, бүтээн байгуулалт ихээр байгуулсантай шууд холбогдоно. Гадагшаа чиглэж байгаа валют хэр их байна тэр хэрээр манай төгрөгийн үнэ цэн унаж, доллар ховордоно.
Засгийн газрын 14 мега төсөл, Нийслэлийн 24 мега төсөл 2024 оны УИХ, Орон нутгийн сонгуулиас эрчимтэй яригдсан. Хэдэн арван их наядаар хэмжигдэх дээрх мега төслүүдийг нэг амьсгаагаар хийх ямар ч боломж байхгүй. Дөрвөн жилд ч боломжгүй нь тодорхой. Учир нь одоо байгаа эдийн засгийн өсөлт, ДНБ-ээс харахад бараг боломжгүй юм. Мэдээж эхлүүлж, үргэлжлүүлэх нь чухал ч дээрх төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, нэн чухал гэсэн төслүүдээ хэрэгжүүлж, тэдэндээ хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай байгааг эдийн засагчид хэлж байгаа юм.
Мөн л Засгийн газар, Нийслэлийн хэрэгжүүлж байгаа төслүүдийн дийлэнх нь зээлээр санхүүжиж байгаа. Зээлээ авсан ч ашиглаж чадахгүй байгаа, бүр зээлээ аваад олон жил болчихсон, хүүгээ төлөөд эхэлчихсэн төслүүд ч бий. Өөрөөр хэлбэл мөнгөө зээлээд хүүгээ төлж байгаа ч ашиглаж чадахгүй олон жилийг үдсэн гэсэн үг. Тиймээс төсвийн тодотгол хийж, урсгал зардлаа танаж, хэрэгцээ шаардлагагүй төслүүдээ төсвөөсөө хасаж, нэн чухал, хүүгээ төлөөд эхэлсэн төслүүдийнхээ санхүүжилтийг нэмэх шаардлагатай байгаа юм.
Хэдэн жилийн өмнө манай улс 4-5 төсөвтэй байна хэмээн шүүмжлүүлдэг байлаа. Тэр үеэ бодвол нэгдсэн нэг төсөвтэй болсон ч зээлээр санхүүжиж байгаа төслүүд нь хүртэл нэгдсэн төсвийн зарлагаар тооцогддог болсон нь өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгэсэн юм. Хамгийн гол нь тухайн зээлээ өөрсдөө төлчих боломжтой төслүүд хэд хэд бий. Газрын тос боловсруулах үйлдвэр, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт, Эрдэнэбүрэнгийн УЦС гэх мэт. Жил бүр хангалттай төсөв тавьж өгөөгүйгээс дээрх төслүүд удаашралтай явсаар төсөвт өртөг нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Энэ асуудлыг шийдэх нь Г.Занданшатарын хамгийн чухал ажил болох биз.
Өнгөрсөн 30 жил хэмээн өмнөх Ерөнхий сайд маань их олон удаа ярьж байв. Бодлогын залгамж халаагүй, нэгнийхээ хийснийг үгүйсгэж, эхлүүлсэн ажлыг зогсоодог 30 жил байсныг тэрбээр тодотгон хэлсэн гэхэд болно. Иймд Г.Занданшатарын Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа, ялангуяа хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эхлүүлсэн ажил, бодлогын залгамж халааг үргэлжлүүлэх нь хамгийн чухал юм.
Иргэдийн хамгийн их хүлээж байгаа, амьдралд нь хамгийн ойрхон тусах хууль бол "Татварын багц хууль". Өмнөх Засгийн газар сүүлчийнхээ хуралдаанаар тус хуулийг УИХ-д өргөн барьсан. "Татварын багц хууль"-иар ААН-ийн НӨАТ-ын босгыг нэмэгдүүлж, олон жил яригдсан НӨАТ-ын буцаан олголтыг 500 мянган төгрөг хүртэл 100 хувь буцаан олгох гэх мэт чухал зохицуулалт орсон байгаа. Мэдээж УИХ-аар хэлэлцэгдээд эхлэхэд тодорхой өөрчлөлт, орж бүрэн төгөлдөржүүлэх боломжтой. Ямартай ч энэ Засгийн газрын зайлшгүй анхаарах ёстой асуудал бол татвар.
Эдийн засагт гарч байгаа ам.долларын хомсдол, түүнээс үүдэлтэй инфляци, төсвийн орлого тасрах зэрэг сөрөг үр дагаврыг арилгах гол арга нь экспортыг нэмэгдүүлэх. Хамтарсан Засгийн газрын үед байгуулагдсан Ажлын хэсэг ажлаа үргэлжлүүлж хийж байгаа ч илүү нөөц бололцоо, боломжууд хэрэгтэй байгаа. Хамгийн ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх боломжтой ажил бол Шивээхүрэн-Сэхээ боомтыг холбосон төмөр замын төслийг яаралтай урагшлуулах явдал.
Шивээхүрэн нь нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм. Тус
боомтоор жилд 20 үрэхгүй сая тонн нүүрс экспортолдог бөгөөд хил холболт хийгдсэнээр 30-35 сая тонн болж нэмэгдэх боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна