"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг "Ростех" буцааж авбал БНХАУ, Казахтсаны компанид худалдах магадлалтай

Х.Батсайхан
7 цаг 45 минутын өмнө

Монголын эдийн засгийн тулгуур багануудын нэг болох “Эрдэнэт” УБҮ-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” корпорацид буцааж өгөх асуудал өнөөдрөөс олон нийтийн анхаарлын төвд орж ирлээ.

Энэ талаар анх мэдээлсэн хуульч О.Баасанхүү “Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцаан авч байгаа гэнэ. Сахал Эрдэнэбилэгт мөнгийг нь хүүтэй буцааж өгөөд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар болж байгаа гэнэ. Учир нь худалдан авсан тал өмчөө аваагүй учраас худалдсан тал нь үүргийнхээ дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулжээ” гэж бичсэн. Эхний хоёр өгүүлбэрээ гэнэ, гэнэ гэж баттай бус мэт төгсгөсөн хэр нь сүүлийн өгүүлбэрээ “Тооцуулжээ” хэмээн төгс үйлдэгдсэн хэлбэрээр бичсэн нь шууд анхаарал татсан юм.

Асуудлыг сөхөж үзвээс, "Ростех" наймаагаа буцаж, “Монголын зэс корпораци”-иас хувиа буцааж авах боломжийн талаарх мэдээлэл 2020 онд анх хойд хөршийн хэвлэлд гарчээ.

Тухайн онд “Монголын зэс корпораци” "Монголын төр Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хүчингүй болгож, "Эрдэнэт", "Монголросцветмет" үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид шилжүүлж, 100 хувь төрийн статустай болгосон. Тэр цагаас эхлэн Монгол Улсын Засгийн газар болон бусад төрийн байгууллагууд цалин, санхүүжилтийг шалгахаас гадна “Эрдэнэт” үйлдвэр дэхь  манай төлөөлөгчдийн ажилд хязгаарлалт, хяналт тавьж, үйлдвэрт жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулах “тусгай дэглэм” тогтоосон.

Бусад шалгалтыг янз бүрийн шатны шүүхээр хэлэлцсээр байгаа нь харилцан тохиролцоо, байгуулсан гэрээний хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан манай корпорацид ихээхэн хэмжээний хохирол учруулж байна.

“Ростек” корпорацаас “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг худалдаж авахад ямар нэгэн хууль эрх зүйн асуудал гараагүй. Иймд Эрдэнэт үйлдвэрийн энгийн хувьцааны 49 хувийг худалдах, худалдан авах тухай “Ростек” корпораци болон манай корпорацийн хооронд 2016 онд байгуулсан гэрээг цуцалсаныг харгалзан үзэж хохирлоо барагдуулахыг хүсч байна. 

Шаардлагуудыг ерөнхийд нь биелүүлэхгүй бол “Монголын зэс” корпораци олон улсын Арбитрын шүүхэд хандана” гэсэн шаардлага гаргасан байдаг бөгөөд үүнийг нь ход хөршийн хэвлэл шүүрэн авч, ““Ростех” Эрдэнэтийн 49 хувиа буцааж авах уу” гэдэг байдлаар гарчиглаад нийтэлцгээсэн байдаг аж. 

Түүнээс хойш энэ асуудал сөхөгдөөгүй. Бид “Ростех” компанийн албан ёсны цахим хуудасны дата баазыг шалгаад ч энэ талаар өөр мэдээлэл олж авч чадсангүй.

Гэхдээ “Монголын зэс корпораци”-тай холбоотой асуудалд оросууд ихээхэн мэдрэг бөгөөд тус үйлдвэрийн төлөө БНХАУ, Казахстаны компаниуд өрсөлддөг талаар дурдсан нь нэгийг хэлнэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.127
    4 цагийн өмнө

    ҮГҮЙ байлгүй дээ. Тусгаар улс байна даа.

    Хариулах