Төр инфляциа алдаж, цалин тэтгэврийн нэмэгдлийг буруу тооцоолсон бол зөрүүг нь нөхөж олгох ёстой

Х.Батсайхан
6 цаг 46 минутын өмнө

Ноднин төсөв хэлэлцэх үеэр 2025 онд инфляцийг зургаан хувь байна гэж төсөөлж байгаа учраас зургаан хувиар нэмэх тооцооллыг суулган хэрэгжүүлсэн билээ. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг тус бүр зургаан хувиар нэмсэн нь одоо хэрэгжиж буй. Гэтэл иргэд зургаан хувийн нэмэгдэлтэй цалин, тэтгэврээ дөнгөж авч эхлэхтэй зэрэгцээд буюу 2025 оны нэгдүгээр сард инфляци улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарсан байдаг.

Улмаар гуравдугаар сард нь Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг хоёр хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэсэн. Нэг биш хоёр гэдэг огцом гэж хэлж болох нэмэгдэл бөгөөд инфляци өндөр, цаашдаа ч өндөр байх магадлал их үед л ингэж нэмдэг.

Хамгийн сүүлд гаргасан тооцооллоор энэ онд инфляцийн түвшин 8.9 хувьтай гарах төлөв танилцуулсан байна.

Эндээс нэг асуулт гарч ирж байна. Төр 2025 онд инфляцийг 6 хувь байна гэж тооцоолоод зургаан хувиар нэмсэн. Гэсэн ч тооцоолж төлөвлөсөн хэмжээндээ барьж чадаагүй учраас 8.9 хувь гэсэн төлөв танилцуулаад сууж байна. Гэтэл 2026 оны төсөв дээр яагаад 6 хувиар нэмэхээр тооцож оруулж ирэв гэлдэг асуулт зүй ёсоор гарна аа даа.

Сүүлд танилцуулсан тооцоолол нь таарч, инфляци оны эцэст 8.9 хувьтай гарлаа гэж бодъё. Тэгвэл зөрүү 2.9 хувийг яах вэ. Төр инфляцийг буруу тооцоолсноос болж иргэд хохирсон үр дүн албажиж гарахад гурван сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Төрийн алдааг ард түмэн үүрдэг жишгийг мэдсээр, харсаар байж үргэлжлүүлж болох уу. Тэр байтугай өмнөх жилүүдийн алдаатай тоцооллоо залруулж, дараа жилд нь нөхөж олгодог байх ёстой. Энэ утгаараа 2026 онд тэтгэвэр тэтгэмжийг зургаан хувиар нэмсэн нь маш буруу. 

Цалин тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэх хууль өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн. Энэ зөв. Угтаа, дарга нарын уянгалдаг шиг улс орон хөгжиж байгаа бол инфляциас илүү нэмж байж л иргэдийн амьжиргаа сайжрах учиртай. Инфляцитай тэнцүү л нэмээд байвал байсан байрандаа бахь байдгаараа л байгаатай ялгаагүй.   

Тийм учраас эрх баригч намын ажлыг цалин тэтгэврийг инфляциас давуулж нэмсэнээр дүгнэдэг болоход буруудаад байх юм ер байхгүй. Яг энэ логикоор авч үзвэл МАН эрх барьсан эхний жилдээ цалин тэтгэврийг -3 хувь лордуулсан буюу амьжиргааг муутгасан дүн тавиулахад гурван сар хүрэхгүй хугацаа үлдлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.213
    4 цагийн өмнө

    Turin het ih undur stalingaa buuruulj ih hurlin gishuun tusuvin baiguulgin jirin ajiltanig oruulaad ulsin dundaj stalin 3 say bolgoh heregrei tetgevrin dood hemjee 2 say baih heregtei tetgevrin zeelees huu toostohgui baih geed dorivtoi alham hiideg turtuie bolohgui bol mongol sunuluu duu

    Хариулах