-БНХАУ Монголоос авах нүүрсний хэмжээгээ өсгөж, бусад улсаас авах нүүрсний хэмжээгээ багасгажээ-
БНХАУ өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсаас 8.41 сая тонн нүүрс импортолжээ. Энэ нь 2022 оноос хойших /нэг сард хийсэн экспортын хэмжээгээр/ хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Манай улсын нүүрсний экспортын наймдугаар сарын үзүүлэлт нь долдугаар сарынхаас 20.2 хувиар өссөн дүн төдийгүй, жилийн экспортын хэмжээгээр дээд амжилт тогтоосон өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар илүү байгаа нь энэ онд 85 сая тонн нүүрс экспортлох зорилгодоо хүрэх найдлагыг төрүүлж байгаа юм.
Оны эхний найман сарын байдлаар 52,6 сая тонн нүүрс экспортолчихоод байгаа, хүйтний улиралд эрчим хүчний нүүрсний хэрэглээ өсдөг зэргийг бодолцвол оны эцэс гэхэд 85 сая орчим тонныг экспортлох бүрэн боломжтой харагдана /УИХ-ын чуулганы хуралдаан дээр Н.Учрал сайд Монгол Улс одоогийн байдлаар 59 сая тонн нүүрс экспортлочихоод байгаа гэж мэдэгдсэн/
Өнгөрсөн сард экспортолсон 8.41 сая тонн нүүрсний 6 сая гаруй тонн нь коксжих нүүрс, үлдсэн нь эрчим хүчний нүүрс байсан байна.
БНХАУ-ын хувьд Монголоос хийх импортоо ийнхүү нэмэгдүүлж байгаа бол бусад улсаас татан авалтаа багасгасан дүр зураг өнгөрсөн наймдугаар сарын үзүүлэлтээс харагдлаа.
Тодруулбал, Индонезиэс хийх экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хувиар буурч 17.6 сая тонн болжээ. Оны эхний найман сарын байдлаар 121.76 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлт аж. Индонезийн Засгийн газар нүүрсний жишиг үнэ тогтоож өгдөг байснаа цуцалсны дараа үнэ өсөж, энэ нь худалдан авалтад нөлөөлсөн аж.
Урд хөрш нүүрсний уламжлалт нийлүүлэгчдээсээ ганц Монголоос авах нүүрсний хэмжээг л өсгөж, Австрали, Индонези, ОХУ зэрэг нийлүүлэгчдээс авах хэмжээгээ багасгасан гэсэн үзүүлэлт өнгөрсөн наймдугаар сарын статистикаас харагдлаа.
БНХАУ-ын тухайд, нүүрсний импорт сараас сард нэмэгдэж байгаа ч өнгөрсөн онтой харьцуулахад 7 орчим хувийн бууралттай хэвээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна