-Өгөөжтэй байх эсэхийг “Рио Тинто”, “Онтрэ”-тэй хийх хэлэлцээр шийднэ-
Оюутолгойн уурхайн зэсийн олборлолт энэ онд 50 гаруй хувиар өсөж, 500 тоннд хүрэх төлөвтэй байгаа билээ.
Энэ бол мэдээж сайн мэдээ. Гэхдээ ингэлээ гээд Монгол Улс зэсийн зах зээлд том тоглогч болж байгаа биш, “Рио Тинто” л том тоглогч болж, ашиг өгөөжөө өсгөх нь 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний эмгэнэл юм.
Өөрөөр хэлбэл, 2009 онд байгуулсан, одоо мөрдөгдөж байгаа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол Улс Оюутолгойгоос татвар л авахаас бус /2009 оны татварын орчингоор/, ногдол ашиг авахгүй, компанийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхгүй.
Дээр нь, уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгийн 34 хувийг “Рио Тинто”-гоос өндөр хүүтэйгээр дамжуулан зээлдсэн нь хүү, хүүгийн хүүтэйгээ нийлээд Монгол Улсыг төлж дийлэхгүй өрөнд оруулж буй. Бүр тодорхой хэлбэл, Оюутолгойн баялаг дууссан ч цаана нь өртэй үлдэж болзошгүй эрсдэл бодитоор бий болжээ.
Учир нь, Оюутолгойн уурхай 2013 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн байтал 15 жилийн өмнө тавьсан 6.1 тэрбум ам.долларын зээл өнгөрсөн хугацаанд хасагдаагүйгээр барахгүй 12.1 тэрбум ам.доллар болж хоёр дахин өссөн байна. Энэ бол олборлолт хоёр дахин өссөн ч зээл хасагдахгүй гэж санаа зовох хангалттай шалтгаан.
Тиймээс УИХ дээр О.Батнайрамдал гишүүнээр ахлуулсан Хянан шалгах түр хороо байгуулж, гэрээнд буй, дээрх зээлийн хүүг долоон жил тутамд нэг удаа хэлэлцэн өөрчилж болох заалтыг ашиглахаар ажиллаж байна.
Гэхдээ яг одоо яригдаад байгаа “Онтрэ гоулд” ХХК-ийн эзэмшиж буй хоёр тусгай зөвшөөрөл дээр сайтар ажиллаж, “Рио Тинто”-г буулт хийлгэж чадвал өгөөжөө бага ч гэсэн нэмэх боломж бий. Боломжийг бодит болгох олон эгзэг яг одоо бүрдээд байна.
“Рио Тинто” төслийн талбайг нь тойрч олгогдсон “Жавхлант”, “Шивээ толгой” хэмээх лицензийг эзэмшдэг “Онтрэ” ХХК-тай Монголд өгсөнтэй ижил зээлийг 6 орчим хувийн хүүтэйгээр буюу манайд өгснөөсөө хоёр дахин бага хүүтэйгээр зээлдүүлэх, мөн ашиг хуваах гэрээг 80:20 байхаар /Монголын талын эрх ашгийг хангах талаар ямар ч заалт тусгаагүй/ тохирсон нь Хянан шалгах түр хорооны ажил үр дүнд хүрнэ гэсэн итгэлийг төрүүлж буй.
Гаднаас орж ирсэн компани, дотоодынхон гаднынхантай сүлбэлдсэн компани нийлээд баялгийн жинхэнэ эзэн болох Монгол Улсын Засгийн газар буюу монголын ард түмнийг басамжлан доромжлох эрх байхгүй юм.
Гэхдээ "Онтрэ" ХХК өөрийн хувиасаа Монголын төрд 34 хувийг өгөхөө хүлээн зөвшөөрсөн гэдгийг энд зориуд тэмдэглэе. Ихээхэн нууцлаг байдалтай байгаа энэ асуудлыг бид дараа цувралаар хүргэх болно.
Засгийн газар, Ерөнхий сайд Г.Занданшатар, АҮЭБЯ-ны сайд Г.Дамдинням нарын ард Үндсэн хууль, монголын ард түмэн, шударга ёс байгаа тул зоригтой ажиллаж алдааг засах үүрэгтэй
Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн ил уурхайн нөөцөө алдчихсан /Ногдол ашиггүй/ ч бид баялгийн эзэд хэвээрээ байгаа. Үндсэн хуулийн 6.2 дугаар заалт, Баялгийн сангийн тухай хуулиар бүр ч баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг ашиглах асуудалд ард түмний үүрэг оролцоо 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байх үеэс илүү нэмэгдсэн. Одоо Засгийн газар, Ерөнхий сайд Г.Занданшатар, АҮЭБЯ-ны сайд Г.Дамдинням, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал, түр хороо байгуулахаар гарын үсэг зурсан УИХ-ын 89 гишүүний ард Үндсэн хууль, Баялгийн эзэн, хувь хүртэх ёстой гэдгээ хуулиар баталгаажуулсан Монголын ард түмэн, дээр нь нэмээд шударга ёс байна. Тийм ч учраас одоо зоригтой ажиллах ёстой. Өмнөх удирдагчдын алдааг давтаж, үлдсэн нөөц дээрээ тоглуулах ёсгүй. Эрх ч байхгүй.
Монгол Улс зээлийн хүүг бууруулах асуудлыг ярих эхний боломж 2018 онд гарсан ч чадаагүй. Магадгүй, төсөл бүрэн ашиглалтад ороогүй байсан учир эрсдэл байсаар байна гэж үзсэн байж болно. Одоо бол гүний уурхай дуусаж, төслийн эрсдэл үгүй болсон. Тиймээс хүүг заавал бууруулах, ингэхдээ "Онтрэ"-гээс бага хэмжээнд аваачих ёстой.
Өөрчлөхгүй өнгөрүүлбэл харин "Эх орноосоо урвасан" хэрэг болно.
Нэрт эдийн засагч Ханс Вернер Зин нэгэнтээ "Оюутолгойн гэрээ бол зууны ч биш, Мянганы шилдэг луйвар". Монголчуудын талаас Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100 хувь эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм. Нөгөө талаас оролцож байгаа "Рио Тинто" бол монголчуудын босгож чадахгүй байгаа, уурхайг босгоход хэрэглэх жаахан мөнгийг босгож байгаа. Монгол Улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй. Яагаад гэвэл Монголын талын үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн явдал. Хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг" гэж хэлсэн байдгийг эцэст нь эшлэе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.204
Энэ чинь нөгөө ардчилсан намын гишүүн 20000 хувьсагчтай аймаар бодлого боддог Баярцогт гишүүний хийсэн хэргийн золиос үргэлжилж буй хэрэг шүү
Хариулах192.82.64.153
гэрээ амжилтанд хүрэхгүй бол .... урвагчдад ямар шийтгэл оноох вэ
Хариулах66.181.181.77
34 хуь чинь 20 хувийнхаа 34 хувь шүү дээ. Рио тинтотой гэрээлсэн 80 хувиасаа бүх ашгаа хүртэнэ. Монголчууд ОТ хийсэн гэрээнийхээ дагуу мөлжүүлэд л дуусна.
Хариулах