Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ

Zuv.mn
16 цаг 49 минутын өмнө

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн мянга орчимд “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны хойд талд 2 га газрыг чөлөөлж, 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Уг станц нь Дэнжийн мянга дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож, оргил ачааллын дулааны эх үүсвэр болох юм.

Энэ онд багтаан уг төслийн олон улсын нээлттэй тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Барилга угсралтын зураг төслийг “Ричвелл инженеринг” ХХК боловсруулж буй.

Уг төслийн нийт төсөв 100 орчим тэрбум бөгөөд НЗДТГ-аас 20 хувийг санхүүжүүлж, үлдсэн  санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшил өөрсдөө гаргах юм.

Энэхүү 93 МВт хийн дулааны станц нь хий цэнэглэх хэсэг, дулаан үйлдвэрлэх хэсэг гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Хий цэнэглэх хэсэг нь хоёр үндсэн орц гарц, нэг туслах гарцтай. Дулаан үйлдвэрлэх хэсэг нь хоёр орц, гарцтай.

Хийн дулааны станцын барилга, цахилгааны агаарын дэд өртөө, цахилгааны хаалттай хувиарлах байгууламж, галын усан сан, галын насосны барилга, хий цэнэглэх цэг, шингэрүүлсэн хийн парк, хийн насос, гүний худгийн байр, харуулын байрыг тус тус барихаар төлөвлөжээ.

Монгол Улсад анх удаа байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчээр хангах хийн дулааны станцуудыг үе шаттайгаар байгуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд эдгээр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа билээ.

Хийн дулааны станцууд дараах ач холбогдолтой.

  • Агаар, орчны бохирдлын бууралтад нөлөөлнө.
  • Найдвартай дулаан хангамжийн эх үүсвэр, эрчим хүчний ухаалаг хэрэглээг нэмэгдүүлнэ.
  • Ажлын байр, дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулна.
  • Дулаан хэмнэх шийдэлтэй.
  • Шаталтаас үүсэх хатуу хаягдал байхгүй.
  • Ажиллах хүчний зардал бага.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна