СУРВАЛЖИЛГА: Бяцхан зүрхнүүдийг хайрлаж ажиллах тэдний хөдөлмөр үнэлэгдэхгүй байна

Г.Хоролмаа
19 цаг 23 минутын өмнө

Монголд цэцэрлэгийн багш гэдэг нэр томьёо зөвхөн нэг мэргэжил биш. Тэд хүүхдийн анхны хүмүүжлийн багш, тоглоомын найз, заримдаа сэтгэлзүйн зөвлөх, бүр ээж, аавыг нь орлох хүн нь болдог.

Өглөөний 07:30-д хамгийн түрүүнд ирж, орой 19:00 цагийн үед хамгийн сүүлд гардаг энэ хүмүүсийн өдөр тутмын хөдөлмөр бол нүдэнд үл илэрдэг ч нийгмийн ирээдүйг бүтээж буй үнэ цэнтэй ажил.

Бид нийслэлийн 252 дугаар цэцэрлэгийн хоёр багштай уулзаж, тэдний өдөр тутмын амьдрал, тулгамдсан асуудал, цалин, хууль дүрмийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

                                             “Хүүхдийн инээмсэглэл бол бидний шагнал”

- Та энэ салбарт ажиллаад хэдэн жил болж байна вэ? Ажлын тань хамгийн жаргалтай хэсэг нь юу вэ?

-Багш А: “12 дахь жилдээ энэ салбарт ажиллаж байна. Хүүхдүүдийн цовоо, баяр баясгалантай зан намайг энэ мэргэжлийг сонгоход хүргэсэн. Өнөөдөр ч гэсэн өглөө ангид орж ирэхэд хүүхдүүдийн инээмсэглэл, тэврэлт намайг урамшуулсаар л байна ”

 -Ажлын тань хамгийн хэцүү тал нь юу вэ?

Багш Б: “Нэг ангид 40 орчим хүүхэдтэй ажиллахад үнэхээр амаргүй. Хүүхэд бүр өөрийн онцлогтой. Зарим нь хурдан суралцдаг байхад зарим нь илүү их цаг, анхаарал шаарддаг. Энэ ялгааг зохицуулж ажиллана гэдэг хүнд. Гэхдээ энэ бол бидний мэргэжлийн утга учир.”

                                        Тоглоом, хэрэглэгдэхүүн – “Өөрсдөө урлаж бүтээдэг”

– Цэцэрлэгийн тоглоом, хэрэглэгдэхүүн хэр хангалттай байдаг вэ?

Багш А: “Сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом байнга дутагддаг. Бид заримдаа өөрсдөө цаас, мод, даавуугаар тоглоом хийнэ. Хүүхдүүд ч бүтээлчээр оролцдог нь нэг талаасаа сайн. Гэхдээ чанартай хэрэгсэл байхгүй бол хөгжлийн чанар буурдаг нь үнэн.”

                                  Эцэг эхийн оролцоо – “Гэр бүл бол хамгийн том хүмүүжил”

– Эцэг эхчүүдтэй тулгардаг хамгийн их бэрхшээл юу вэ?

Багш Б: “Зарим эцэг эх хүүхдээ зөвхөн цэцэрлэгт хүмүүжүүлнэ гэж боддог. Гэтэл хүүхдийн хамгийн том суурь хүмүүжил бол гэр бүл. Эцэг эх, багш хоёр хамтран ажиллахгүй бол хүүхдийн хүмүүжилд зөрчил гардаг. Цэцэрлэгийн багшийн хөдөлмөрийн үнэлэмж өнөөдөр хамгийн их хөндөгдөж буй сэдэв юм.

– Цалингийн хувьд таны амьдралд хүрэлцэж байна уу?

Багш А: “Цалин үнэндээ хүрэлцдэггүй. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байхад бидний орлого дагаад өсөхгүй байна. Зарим багш нэмэлт ажил хийж байж амьдралаа авч явдаг.”

– Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Багш Б: “Бид цалингаа бодоод бус, сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ бага цалинтай үед заримдаа шантрах үе гардаг. Биднийг урамшуулах хамгийн том зүйл бол хүүхдийн инээмсэглэл.”

Монгол Улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон яамнаас гаргасан журмаар нэг ангид хамрагдах хүүхдийн тоог дараах байдлаар тогтоосон байдаг:

                Бага бүлэг (2–3 нас) – 20 хүртэл

              Дунд бүлэг (4 нас) – 25 хүртэл

                Ахлах бүлэг (5 нас) – 30 хүртэл

                Бэлтгэл бүлэг (6 нас) – 35 хүртэл

Энэ нормыг баримталвал багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломжтой. Гэвч бодит байдал дээр дүрэм мөрдөгдөхгүй, ангиуд хэт ачаалалтай байна?

– Танай ангид хүүхдийн тоо хэд байдаг вэ?

Багш А: “40–45 хүүхэд нэг ангид сурдаг. Заримдаа бүр 50 хүрдэг. Энэ олон хүүхэдтэй ажиллахад цаг зав хүрэлцэхгүй, хүүхэд бүрийг анхааралгүй орхигдуулах эрсдэл нэмэгддэг.”

Багш нарын эрүүл мэндийн асуудал ч анхаарал татах болжээ. Өдөр бүр олон хүүхэдтэй ойр ажилласнаар уушги, хоолой, харшлын өвчлөл түгээмэл байдаг аж.

Багш Б: “ Бидний эрүүл мэндийн онцлог эрсдлийг харгалзан нэмэлт урамшуулал, хамгаалалт хэрэгтэй. Одоогийн нөхцөлд багш нар эрүүл мэндээрээ хохирч байна.”

Ирээдүйд юу өөрчлөгдөх ёстой вэ?

Багш нарын санал нэгтэй дуу хоолой бол:

                1.            Нэг ангид хүүхдийн тоог хуульд заасан хэмжээнд баримтлах.

                2.            Цалин, урамшууллыг нэмэгдүүлэх.

                3.            Багшийн хөгжлийн сургалтыг чанартай болгох.

                4.            Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, анги танхимын хэт ачааллыг бууруулах.

Цэцэрлэг бол хүүхдийн хүмүүжлийн хамгийн эхний суурь, харин багш нар бол тэр суурийг тавьдаг хүмүүс. Тэдний хөдөлмөр зөвхөн нэг ангид хүүхдийг хүмүүжүүлээд зогсохгүй, гэр бүл, нийгмийн тогтвортой хөгжлийг баталгаажуулж байдаг.

Гэвч хууль дүрэм бодитоор хэрэгжихгүй, цалин хөлс хүрэлцээгүй, нийгмийн баталгаа нь сул байгаа нь тэдний хөдөлмөрийг үнэлэхгүй байгаагийн тод жишээ юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна