ОХУ-ын Тасс агентлаг 2026 оны төсөвтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Антон Котяковтой ярилцсанаа өнөөдөр нийтэлжээ / https://tass.ru/interviews/252... /.
Сайдын өгүүлснээр, хүүхдэд сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг ОХУ ирэх онд мэдэгдэхүйц нэмэгдүүлж, дунджаар 18.3 мянган рубль буюу 805 мянган төгрөгт хүргэхээр төлөвлөж байгаа талаараа ярьсан байна.
Мөн хүүхэд төрүүлсний нэг удаагийн тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарсны тэтгэмж, нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэнд хүүхдийг нь 1.5 нас хүртэл сар бүр олгодог хүүхэд асарсны тэтгэмжийг ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс инфляцийн түвшинтэй тэнцүүлэн 6.8 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ.
ОХУ нь хүн амын өсөлтөө бодлогоор дэмждэг. Дэмжлэгээ янз бүрээр үзүүлдгийн заримыг сонирхлоо.
Хүүхдийн мөнгө
0-17 насны хүүхдэд сар бүр амьжиргааны доод түвшний 50%, 75%, 100%-тай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгодог. 2025 оны хувь энэ мөнгө нь 8601 /378 мянган төгрөг/, 12901 /567 мянган төгрөг/, 17201 рубль /756 мянган төгрөг/ байна.
Жирэмсний, төрсний мөнгө
Жирэмсэн болон төрсөн эхчүүдэд олгох тэтгэмжийн хэмжээ 2025 онд эхний есөн сарын байдлаар хамгийн бага нь 103,285 рубль /4 сая 544 мянган төгрөг/, хамгийн өндөр нь 794,355 рубль /34 сая, 951 мянган төгрөг/ байжээ.
Хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг нэг удаагийн, сар тутмынх гэж ялгах бөгөөд дараах мөнгөн тусламж, тэтгэмжүүд байдаг байна.
Нэг удаагийн тэтгэмж: Жирэмсний, хүүхэд төрүүлсний, хугацаат цэргийн албан хаагчийн жирэмсэн эхнэрт олгох, хүүхэд үрчилж авсан иргэнд олгох
Сарын тэтгэмж: 17 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хүүхдээ 1.5 нас хүртэл асрах эцэг, эхэд олгох, 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олгох тэтгэмж, хугацаат цэргийн алба хаагчийн хүүхэд асрахад зориулсан тэтгэмж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна