Энэтхэгт үхлийн аюултай вирусийн халдвар дэгдэж, Балба улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

Х.Батсайхан
6 цаг 1 минутын өмнө

Энэтхэгийн Баруун Бенгалд нипа /nipah/ вирусаар үүсгэгддэг үхлийн аюултай өвчлөл гарсан тул хөрш Балба улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.

Балбын Трибхуваны олон улсын нисэх онгоцны буудал болон Энэтхэгтэй хиллэдэг хилийн боомтуудад өнөө өглөөнөөс эхлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хатуу хяналтын дор хэрэгжүүлж эхэлсэн байна.

Хяналт хэрэгжүүлэгчид Балба руу орж буй бүх зорчигчдод эрүүл мэндийн үзлэг хийж байгаа бөгөөд өвлөл гарсан газартай ойрхон байрлалтай Коши мужийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд онцгой анхаарал хандуулж байгаа аж.

Нипа вирус нь сарсанбагваахай, гахайнаас хүнд, мөн хүнээс хүнд халдварладаг бөгөөд үхлийн хувь 30-33 хувьтай хүнд өвчлөл үүсгэдэг байна. Халдвар авсан хүнд ханиадтай төстэй шинж тэмдэг илэрч, улмаар тархийг үрэвсүүлэн үхэлд хүргэдэг ажээ. Нипа вирусээр үүсгэгддэг өвчний эсрэг вакцин одоогоор байхгүй бөгөөд судалгааны ажил ахицтай гэсээр олон жил өнгөрч буй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, нипа вирусийн дэгдэлтийн үед тухайн орон нутгийн эмчилгээний чанараас шалтгаалан нас баралтын түвшин 40-75 хувьтай байгаа гэсэн байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна