БНСУ-ын Үндэсний Тагнуулын Алба /NIS/ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун охин Ким Жу Аэгээ өөрийн залгамжлагчаар бэлтгэж байгаа гэсэн дүгнэлтийг Парламентдаа танилцуулжээ.
Өмнө нь энэ талаар шинж тэмдгүүд гарч, таамаг бий болсон ч энэ удаад албан ёсны дүгнэлт танилцуулж байгаагаараа онцлогтой бөгөөд энэ нь асуудал илүү бодитжиж, баталгаажсан гэсэн үг юм.
Ким Жу Аэ 2022 оноос аавыгаа дагаж энд, тэндхийн арга хэмжээн дээр үзэгдэх болсон. Төдөлгүй БНАСАУ-ын төрийн албаныхан шинээр төрсөн хүүхдэд Жу Аэ гэдэг нэр өгөхийг хориглож, нэгэнт ийм нэртэй болчихсон хүмүүсийг нэрээ солихыг албадах болсон гэх мэдээлэл гарсан нь эхний шинж тэмдэг юм.
БНСУ-ын koreatimes.co.kr цахим хуудас тухайн үед үүний учрыг Ким Жон Уны охиныг Жу Аэ гэж нэрлэсэнтэй холбож, удирдагчаар бэлдэж байж магадгүй гэж бичиж байв.
Уг мэдээллийн анхдагч эх сурвалж болох “Чөлөөт Ази” радиод БНАСАУ-д амьдардаг нэрээ нууцалсан эх сурвалж "Хойд Пёнган мужийн Чонжу хотын Аюулгүй байдлын хэлтэс хоёрдугаар сарын 8-нд / 2023 оны / Жу Аэ нэртэй эмэгтэйчүүдийг дуудаж, нэрээ солихыг тушаасан" гэх мэдээллийг өгсөн гэнэ.

БНАСАУ-д удирдагчийнхаа нэрийг энгийн иргэдэд өгөхийг цээрлэдэг уламжлал бий. Тодруулбал, БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ил Саны үед Ил Сан, Ким Жон Илийн үед Жон Ил, одоогийн удирдагч Ким Жон Уны үед Жон Ун нэрийг хориглож иржээ.
Ингэхдээ төрийн эрх мэдлийг авахаас ч өмнө эхлүүлдэг учраас нэр хориглолт нь нэг ёсондоо ирээдүйн удирдагчийг багцаалах боломж, тахин шүтэх үзлийг эхлүүлэх нэг арга гэж тооцогддог юм байна.
Өөрөөр хэлбэл, Ким Жон Уны охин, Жу Э охин БНАСАУ-ын ирээдүйн удирдагч байж магадгүй гэдэг шинж гурван жилийн өмнө буюу 10 орчим настай байхаас нь эхэлсэн гэсэн үг. Мөн яг тэр үеэс тус улсын хэвлэлүүд сүүлийн үед Жу Аэг нэрээр нь бус, "Эрхэм охин", "Хүндэт охин" гэх зэргээр бичих болсон бөгөөд энэ нь мөн ирээдүйн удирдагч гэдгийг нь батлах нэг том шинж ажээ.
Ким Жу Аэ охины талаар одоогоор мэдэгдэж буй зүйлс
Ким Жон Уныг гурван хүүхэдтэй гэж үздэг бөгөөд Жу Аэг хоёр дахь хүүхэд нь гэж таамагладаг. Ким Жон Уны сайн найз, сагсанбөмбөгч Деннис Родман 2013 онд БНАСАУ-д аялж ирснийхээ дараа удирдагчийн шинэ төрсөн охиныг тэвэрч байсан талаараа ярьсан байдаг бөгөөд одоо 13 орчим настай гэж таамаглаж байгаа нь тэндээс үүдэлтэй. БНСУ-ын Тагнуулын алба (NIS)-ны мэдээлснээр, Ким Жу Аэ морь унах, цанаар гулгах, сэлэх дуртай, нийслэл Пёньянд гэрийн багшийн сургалтаар боловсрол эзэмшдэг.
Үүнээс өөрөөр, Ким Жон Уны хүүхдийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй тул “Жу Аэ бол олон нийтэд хаяж өгсөн өгөөш, цаана нь хэний ч мэдэхгүй хүүхэд бэлтгэгдэж байж магадгүй” гэсэн таамаглагсад бас байдгийг үгүйсгэх аргагүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна