10 мянган метр өндрөөс унаад амьд үлдсэн эмэгтэй

Х.Батсайхан
3 цаг 8 минутын өмнө

Серб эмэгтэй Весна Вулович нь дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннессийн номд 10 160 метр өндрөөс унаад амьд үлдсэн цорын ганц хүн хэмээн тэмдэглэгджээ. 

“Югославын агаарын тээвэр” компанид ажилладаг 22 настай Весна Вулович 1972 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Стокгольм-Загреб чиглэлийн нислэгт ажил үүргээ гүйцэтгэж явах үед агаарт дэлбэрэлт болж, онгоц 10 160 метрийн өндөрт хэдэн хэсэг хуваагдсан юм. Тухайн үеийн нэршлээр Зүүн Германы нутаг дэвсгэр дээр болсон уг дэлбэрэлтийг Югославын Аюулгүй байдлын албаныхан тухайн үед Хорватын хэт үндсэрхэг үзэлтнүүд үйлдсэн хэмээн таамагласан байдаг.

Зүүн Германы нутаг дээр дэлбэрсэн “McDonnell Douglas DC-9−32” маркийн онгоцны нэг хэсэг Чехийн улархаг нутагт унажээ. Онгоцны үлдэгдэл дээр нутгийн иргэд аврагчдаас түрүүлж очсон бөгөөд суудал дээрээ бэхлээстэй үхлүүт хэвтэх Веснаг олсон гэдэг. Тэрээр онгоцонд сууж явсан 28 хүнээс ганцаараа амьд үлдсэн юм. Мөн тэр нислэгт үйлчлэгчээр Весна Николич гэдэг эмэгтэй гарах ёстой байсан ч тохиолдлоор Весна Вуловичийг явуулчихсан нь хожим тодорхой болжээ.


Весна Вуловичийн хоёр хөл, сүүж, нурууны гурван диск хугарч, тархиндаа хүнд гэмтэл авсан ч 10 сарын турш олон тооны мэс засалд орж, уйгагүй эмчлүүлсний хүчинд хөл дээрээ боссон төдийгүй “Югославын агаарын тээвэр” компанидаа онгоцны үйлчлэгчээр үргэлжлүүлэн ажилласан байдаг. Ховорхон тохиох азтай энэ бүсгүйг 1985 онд Гиннессийн дээд амжилтын номд бүртгэсэн бөгөөд батламжийг нь алдарт Пол Маккартни өөрийн биеэр гардуулсан гэдэг.


Весна Вуловч гэмтлээсээ болоод хүүхэд төрүүлэх боломжоо алдсан учир ганц биеэр насыг баржээ. Тэрээр 1991 онд тэтгэвэрт гараад Белградын төвд байх байрандаа ганцаараа амьдардаг байсан тэрбээр 66 насалж, 2016 онд өнгөрчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна