Л.Оюун-Эрдэнэ: Ардчиллын цорын ганц баталгаа бол парламентын засаглал

Х.Есү
3 цаг 19 минутын өмнө

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, 

"Парламент VS Монарх

Манай намын залуучууд Английн Хөдөлмөрийн намын урилгаар парламентын туршлага судлах аялалд явж байсан билээ.

Хүн бүрийн төрсөн сэтгэгдэл өөр байсан байх. Харин миний хувьд Английн парламентын бүрэн эрх, халдашгүй байдлын төлөө олон зуун жил үргэлжилсэн тэмцлийн түүх онцгой сэтгэгдэл үлдээсэн юм.

Би “Монарх” гэдгийг зөвхөн хаант засаглал гэж ойлгодоггүй. Харин нэг хүний гарт шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл төвлөрч, хяналт-тэнцэл алдагдах эрсдэл гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, энэ бол хэлбэрийн тухай биш, эрх мэдлийн төвлөрлийн тухай ойлголт юм.

Английн түүх бол парламент ба хаан хоёрын эрх мэдлийн төлөөх тэмцлийн түүх. Энэ тэмцэл улс төрийн маргаанаас давж, бослого, иргэний дайн, хувьсгал болж, улмаар ардчилсан парламентат ёсыг тогтоож, парламентын халдашгүй дархан байдлыг хуульчилсан байдаг.

Энэ нь ердөө л ард түмний сонгуулиар байгуулагдсан парламент хараат бусаар шийдвэр гаргах баталгааг хангах, парламентыг бүрдүүлж буй гишүүд үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хамгаалах тухай. Энийг л халдашгүй байдал, бүрэн эрх гэж томьёолдог. Яагаад гэвэл гагцхүү парламент л улс орны тусгаар тогтнол, засаглалын хэлбэр, газар нутаг, эдийн засгийн томоохон асуудлуудыг ард түмний нэрийн өмнөөс эцэслэн шийдвэрлэдэг.

1642 онд Чарльз I хаан парламентын Нийтийн танхимд цэрэг дагуулан орж ирж, таван гишүүнийг баривчлахыг оролдсон нь эрх мэдлийн зөрчлийг туйлд нь хүргэж, улмаар Английн иргэний дайныг өдөөсөн байдаг. Энэ бол парламентын бүрэн эрхэд шууд халдсан үйлдэл байсан тул парламент нь бүрэн эрхийнхээ төлөө хааныхаа эсрэг тэмцэж, парламентын талын арми, Оливер Кромвелийн удирдлага дор ялалт байгуулж, 1649 онд хаан Чарльз I-ийг цаазалсан нь Европын түүхэнд хааныг хууль ёсоор цаазалсан анхны томоохон тохиолдлуудын нэг болсон юм.
Парламентын бүрэн эрхийн төлөө зэвсэг барин тэмцэж байсан түүхийн бэлгэдэл болж Кромвелийн хөшөө Английн парламентын ордны гадна сүндэрлэн байдаг.

Гэвч тэмцэл үүгээр дуусаагүй.

Мөн Английн хаан Жэймс II парламентыг хуралдуулахгүй байх, парламентгүйгээр засаглахыг оролдож, өөрийн зарлигаар хууль хэрэгжүүлэх, католик шашныг дэмжих бодлого явуулсан нь улс төрийн хямралыг гүнзгийрүүлсэн. Мөн хааны зарлигийг эсэргүүцсэн Английн сүмийн долоон хамбыг баривчилж шүүхэд шилжүүлсэн явдал нь олон нийтийн эсэргүүцлийг улам хурцатгасан байдаг. 1688 онд Английн улс төрийн хямрал туйлдаа хүрч, Жэймс II хааны эрх мэдлийг хязгаарлахын тулд Ялгуусан хувьсгал өрнөж, Жэймс II Англиас гарч зугтааснаар, парламент түүнийг хаан ширээнээс татгалзсан гэж үзэн шинэ засаглалыг тогтоосон.

Улмаар 1689 онд Эрхийн тунхаг (1689)-ийг баталж:
• Парламентын гишүүдийн үг хэлэх эрх чөлөөг баталгаажуулан хуульчилж,
• Хааны эрх мэдлийг хуулиар хязгаарлан, парламентын онцгой бүрэн эрхийг баталгаажуулсан.

Өөрөөр хэлбэл, парламентын халдашгүй байдал, бүрэн эрх гэдэг нь гишүүдэд давуу байдал олгох тухай ойлголт огт биш. Энэ бол ард түмний нэрийн өмнөөс хараат бусаар шийдвэр гаргах, айдас дарамтгүйгээр үг хэлэх, төрийн хувь заяатай холбоотой шийдвэрийг бие даан гаргах баталгааны тухай ойлголт юм.

Парламент гэдэг бол:

• Тусгаар тогтнолын баталгаа
• Ард түмний бүрэн эрхийн илэрхийлэл
• Эрх мэдлийн төвлөрлийн эсрэг хамгийн том хамгаалалт

Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, ардчилсан үнэт зүйлс сорилтод орж буй энэ цаг үед хүчирхэг гүрнүүдийн дунд оршдог манай улсын хувьд тусгаар тогтнол, ардчиллын цорын ганц баталгаа бол парламентын засаглал.

Тиймээс ч өнөөдрийн 126 гишүүнтэй, олон намын тогтолцоо бүхий парламент энэ түвшинд хүрэхийн тулд улс төрийн олон сорилтыг даван туулж ирсэн.

Өнөөдөр манайд өрнөж буй асуудал нь нэг намын дотоод зөрчил, хувь хүмүүсийн маргаан огт биш ээ. Хөгжлийн мега төслүүдийг гацаанаас гаргаж хөдөлгөхийн төлөө хамтарсан Засгийн газар байгуулан ажилласан талаарх эерэг, сөрөг шүүмжлэлийг би бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Харин өнөөдрийн санал хураалт бол хэлбэр бус агуулгын чухал асуудал бөгөөд Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай байх эсэх тухай түүхэн сонголт юм. Тиймээс ч Монголын ард түмэн, эрхэм гишүүд хэрсүү байж, улс орны халдашгүй дархан байдал, ард түмний бүрэн эрх, эрх чөлөө, улс орны тусгаар тогтнолын дархлаа ардчилсан парламентын засаглалаа хамгаалахыг хүсье!" гэжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна