Н.Номтойбаяр: УИХ-ын 28 гишүүн дэмжиж байж "Оффтейк гэрээг хянан шалгах түр хороо"-г байгуулна

С.Гандэлгэр
2 цаг 52 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 

- Оффтэйк гэрээнүүдийг шалгах асуудлыг та өмнө нь хөндөж байсан. Эл асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулахаар гарын үсэг цуглуулж байгаа гэх мэдээлэл бий?

-Хэний ч байсан гэм буруу нь Дээд шүүхээр тогтоогдоогүй байхад буруутай мэтээр хөтөлмөөргүй байна. Түүх сөхвөл MCS-ийн Energy recourse, Бодь групп гэх мэт олон асуудал бий. Өнгөрсөн сард энэ талаар мэдээлэл өгсөн. Түүнээс хойш үзэл баримтлалыг нь боловсруулаад гуравдугаар сарын 25-нд миний албан бланк гарч, түр хороо байгуулах санал гаргасан ч одоогоор Үндэсний эвслийн дөрвөн гишүүн гарын үсэг зурсан байгаа. Хуулиараа 32 гишүүн дэмжих ёстой. 

Тэгэхээр манай эвслийн дөрвөн гишүүн дээр нэмээд 28 гишүүн дэмжиж, гарын үсэг зурснаар түр хороо байгуулах эрх зүйн үндэс бүрдэх юм. Ардчилсан нам ямар байр суурьтай байгааг мэдэхгүй байна. Ардын нам, ХҮН нам, ИЗНН ч ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй байна.

Бодит байдал дээр эдгээр нам эвслүүд гарын үсэг зурж, дэмжиж байж түр хороо байгуулах боломжтой болно. Дөрөвхөн гишүүнтэй Үндэсний эвсэл хаа холдох вэ дээ.

-Ардчилсан намынхан нууц гэрээтэй холбоотой түр хороо байгуулах гарын үсэг цуглуулж байгаа юм байна.  Та дэмжих үү?

-УИХ-ын гишүүд энэ асуудлыг хөндөөд эрчимжүүлээд явахад асуудал байхгүй. Би аль 2024 оны намрын чуулган эхлэхэд энэ олон маргаантай асуудлын хавтсыг нь үзүүлээд байна. Мухарлахгүй бол энэ дунд чинь олон хүн нэр хүндээрээ хохирч, хэлмэгдэж байна. Нотлох баримт ярих цаг нь болсон гэдэг зарчим баримталж байгаа. 

Нэр бүхий гишүүд хэлмэгдээд байгаа юу, үнэхээр гэмт хэрэг хийчхээд нуун дарагдуулаад байгаа эсэхийг нэг талд нь гаргамаар байна. Ажлаа хийхэд хүртэл садаа болоод байна.

-Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг Засгийн газраас зогсоочихлоо. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Туулын хурдны зам хэрэгтэй. Гагцхүү байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангасан байх ёстой. Цаг алдалтаас үүдэлтэй асар их эдийн засгийн хохирлыг бид амсдаг. Хууль хяналтынхан нь хурдан шалгаад ажлаа урагшлуулах ёстой. 

Ид түгжрэлтэй үед багадаа л гурван цагийг машин дотроо хийж бүтээсэн зүйлгүй өнгөрөөдөг шүү дээ. Хүний эрүүл мэндийн асуудал ч хөндөгддөг. Мэдээж байгаль экологийн асуудал чухал байлгүй яах вэ. Эсэргүүцээд байгаа хүмүүсийг буруутгахгүй. Үүнийг аль аль талдаа зөв зохистойгоор шийдэж болно шүү дээ. 

Хуулийн байгууллага асуудлыг хурдан шалгаж тогтоогоод асуудалгүй бол энэ ажил урагшлах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Тэр хятадын компани руу шилжүүлсэн 500 тэрбум төгрөг нь хууль ёсных байсан эсэх, тендер сонгон шалгаруулалттай холбоотой хуулийн зөрчил үүссэн эсэх, авлига хулгай байгаа эсэхийг нь хуулийн байгууллага нэн даруй шалгаж тогтоогоод энэ төслөө урагшлуулах ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа. 

Нэгэнт олон нийтийн эргэлзэж байгаа учраас шалгуулах Ерөнхий сайдын гаргасан шийдвэр зөв. Гэхдээ цаг алдмааргүй байна. Манайх чинь хийж бүтээдэг улирал нь хэдхэн сар байдаг. Энэ хугацаандаа амжиж хийхгүйгээс үүдэн маш их хэмжээний эдийн засгийн хохирол амсдаг шүү дээ.

-Та Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн барьсан “Ёс зүйн” хууль дээр ямар байр суурьтай байгаа вэ ?

-Үзэл санаа, хүрэх гээд байгаа үр дүнтэй нь санал нэг байна. УИХ-ын 126 гишүүний хэн нь ч Ерөнхийлөгчийн хуулийн үзэл санаатай зөрчилдөөгүй. Гагцхүү хэрэгжүүлэх арга зам дээр зөрчилдсөн.

Зарим нь хэрэгжүүлэх арга замыг нь эсэргүүцэж байгаа. Нэг хэсэг нь дэмжээд УИХ дээр ажлын хэсэг гаргаад засаад явах, нөгөө нь анхнаасаа энэ хуулийг дэмжихгүйгээр буцааж татаад УИХ-ын гишүүд эсхүл УИХ-ын дарга нь санаачлаад тал талын төлөөллүүд өрөлцөөд батлаад явах асуудал хөндсөн.

Ингэхдээ зөвхөн УИХ-ын гишүүдийн ч бус төрийн бүх өндөр албан тушаалтнуудад ч ёс зүйн хариуцлага тооцох асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгаалалт хэрэгтэй. Мөн бусдын хяналт, хязгаарлалт хэрэгтэй байна. Хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэх гэх мэт асуудал гардаг шүү дээ. Сүүлд нь хариуцлага тооцох асуудал яригдана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна