Н.Алтаншагай: Иргэдийнхээ талд зогсож, Туулын хурдны замыг дэмжинэ

Т.Отгонсувд
2 цаг 47 минутын өмнө

УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгаас Туулын хурдны замын төслийн талаар байр суурийг нь тодруулж, ярилцлаа. 

Туулын хурдны зам зогсчихсон. Албан тушаалтнуудыг нь хорьж шалгаад эхэллээ. Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд та энэ түгжрэлийг бууруулах асуудал дээр ямар байр суурьтай байна вэ? 

МАН бүх шатандаа мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд, ажил хэрэг болгоод хоёр дахь жил рүүгээ орж байна. Бүрэн эрхийнхээ хугацааны 48 хувьд явж байна. 

Маш их яригддаг, судалгаагаар эрэмбэлэгдэхээр иргэдэд тулгамдсан асуудлын нэгдүгээрт утаа, хоёрдугаарт түгжрэл, агаар орчны бохирдол гэсэн асуудлууд байна. 

Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгсэл огцом нэмэгдэж үүнтэй холбоотой түгжрэл маш их нэмэгдэж байгаа. 

Тэгэхээр Туулын хурдны зам аль 2012 онд Ардчилсан нам эрх барьж байсан үеэс л бүх шатанд яригдаж байсан. Туулын хурдны зам явах ёстой. Бүтээн байгуулалт хийгдэх ёстой. 

1.5 саяас дээш хүн амтай дэлхийн томоохон хотууд ийм асуудалтай нүүр тулж, шийдвэрлээд явдаг жишгээр Улаанбаатар хот зоригтой шийдвэр гаргаж, бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэх ёстой.

Туулын хурдны зам, Сэлбэ дэд төсөл, Цахилгаан станц гээд бүтээн байгуулалтууд явах хэрэгтэй байна. Маш олон жил яригдаж байгаа. 

Зарим улстөрчид болон иргэд Туулын хурдны замыг эсэргүүцсэн байр суурьтай байна. Та тэднийг хэр үндэслэлтэй байна гэж харж байна вэ?

Сүүлийн үед бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд руу хэт их дайрч, улс төрийн өнгө аястай болгож байгаа нь харамсалтай байна. Энэ байдал цаашид үргэлжилбэл ажил хийдэг, хариуцлага үүрдэг албан тушаалтнууд үгүй болж, цаг зуурын поп улс төрчид олшрох эрсдэлтэй. 

Тэгэхээр маш ул суурьтай хандаж, хуулийн байгууллага шалгах ёстой бол маш сайн шалгаад мухарлаад цаашаа явах ёстой. 

Байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь болсон гээд шийдвэрээ гаргачихсан шүү дээ. Тэгэхээр бид энэ хийрхлээсээ салах хэрэгтэй байна.

Бодит бүтээн байгуулалтуудаа хийе, хөрөнгө оруулалтуудаа татая. Энэ чинь маш том процесс явж байгаа шүү дээ. 

Туулын хурдны замын төсөл нь гэнэт гарч ирсэн ажил биш. 2012 оноос хойш техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, олон улсын байгууллагын судалгаа шинжилгээ хийгдэж, сая нэг санхүүжилт нь шийдэгдэн ажил хэрэг болох шатандаа ирсэн. 

Цөөн хэдэн хүн цахим орчинд лайв хийж, эсэргүүцэл илэрхийлсний төлөө Улаанбаатар хотод байнга болон түр оршин сууж буй хоёр сая гаруй иргэний эрх ашиг, хотын хөгжлийг хойш татаж болохгүй.

Энэ хурдны зам нь Баянхошуу, Ханын материал, Дэнжийн мянга, Дарь-Эх зэрэг гэр хорооллын бүсүүдийг дайран тойрч, АСЕМ вилла орчимд нийлэх том цагираг зам болох бөгөөд ашиглалтад орсноор нийслэлийн замын түгжрэлийг доод тал нь 30 хувиар бууруулах бодит ач холбогдолтой. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан туршлагатай хүний хувьд би хотын төвлөрөл, нягтралын асуудлыг сайн мэднэ. Яг энэ бахь байдгаараа байх юм бол энэ улс чинь яаж хөгжих юм бэ. 

Хувь улстөрчтэй холбоотой эсэргүүцлүүд гараад байна. Улстөрчид явж, зам үлдэнэ. Иргэд цаашдаа түгжирсэн хэвээрээ үлдэх юм уу гэдэг асуудал үүсээд байна?

Утааны асуудал энэ жил гайгүй болсон. Илт мэдрэгдсэн. Тантай санал нэг байна. Улстөрчид өнөөдөр попорч байгаад дараагийн албан тушаал руугаа дэвших нь дэвшээд, унах нь унаад явдаг жамтай. Иргэд үүн дээр хожих ёстой. Яг энэ байдлаараа байгаад л байгаад л байна. Тэгэхээр  том төсөл хөтөлбөрүүд дээрээ ойлголцох ёстой. 

Би бол улс төр орчихлоо л гэж харж байгаа. Урагшлах юм уу, ухрах юм уу. Яг энэ зааг дээр ирчихсэн байна.

 Хэн нэгэн улс төрч, эрх мэдэлтний бус зөвхөн иргэдийнхээ талд зогсоно. 

Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвөөс гадна Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг улс орны эдийн засаг, тусгаар тогтнолд нэн шаардлагатай мега төслүүдийг улс төржилт, хийрхлээс ангид байлгаж, яаралтай ашиглалтад оруулах нь иргэдийн бодит эрх ашигт нийцнэ. 

Иргэдэд хэрэгтэй мега төслүүд гараанаас гарах гээд нам гацаж байгаад би бухимдаж байна. Иргэдийнхээ дуу хоолой болж үүн дээр хатуу байр суурийг илэрхийлсээр байх болно. 

Ярилцсанд баярлалаа



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.63
    1 цагийн өмнө

    Ийм сайхан зөв бодол, үг яриа, ёс зүйтэй залуу гишүүд олон байвал улс орон дороо л хөгжинө дөө.

    Хариулах