Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд, хамрах гурван төслөөс Сэлбэ дэд төвийг хасаж, яаралтай горимоор дахин УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас энэ талаар тодруулахад тэрбээр “Хуулийн төсөл эцэслэн батлах шатанд нийт гишүүдийн олонхын санал авалгүй уначихсан. Тиймээс өнөөдрийн хурлаар хэлэлцээд нэлээд маргаан дагуулаад байсан Сэлбэ дэд төвийг хасаж, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг үлдээгээд яаралтай горимоор өргөн барихаар боллоо. Газрын тосны үйлдвэрийн зээлээс бид жилд 60 сая ам.доллар л зарцуулах боломжтой байгаа. Энэ хязгаарыг байхгүй болгосноор ажил эрчимтэй явна гэж ойлгох хэрэгтэй. Гэрээгээрээ бол 2028 оны хордугаар хагаст ашиглалтад орох ёстой” гэлээ.
Н.Алтаншагай нарын 25 гишүүний санаачилсан Гадаад зээллэгийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуульд зээлээ авч, бүтээн байгуулалт нь үргэлжилж буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Сэлбэ дэд төвийн зээлийн ашиглалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх асуудал туссан байсан юм.
Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд 90 гишүүн хуралдаа сууж, 36 гишүүн суугаагүй. Улмаар танхимд байсан 90 гишүүний 61 нь дэмжиж, 29 гишүүн татгалзсанаар хуулийн төсөл унасан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна