Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, нарийн бичгийн дарга нар, Маршал Ю.Цэдэнбалын гэр бүл, нутгийнхан, "Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбал академи"-ийн төлөөлөл оролцов.
Ю.Цэдэнбал 1916 оны есдүгээр сарын 17-нд одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт төрсөн. Тэрбээр 1940 оноос БНМАУ-ын нам, төрийн удирдлагад ажиллаж, 1984 он хүртэл төрийн өндөр албан тушаал хашсан бөгөөд энэ он жилүүдэд Монгол Улсад үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, боловсрол, эрүүл мэнд, хот байгуулалт, хөдөө аж ахуйн салбарт олон бүтээн байгуулалт хийгдэж, эдийн засаг, нийгмийн суурь бүтэц бүрэлдсэн хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.
Өнөөдрийн арга хэмжээг нээж МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал үг хэлэв. Тэрээр “МАН, нийт гишүүд та бид эгнээнээсээ төрүүлсэн энэ эрхэм хүмүүнийг бахархан дурсах төдийгүй, түүний амьдрал, үйл ажиллагааны сайн үйлээс суралцаж, сургамж авч ХХI зууны хөгжлийн сорилтуудыг даван туулж, улс эх орон, ард иргэдээ дэвшил хөгжлийн замд түүчээлэн хөтөчлөх түүхэн үүрэг ногдож байна.
МАН-ын 105 жилийн 40 жилд нь Ю.Цэдэнбал дарга тэргүүлж ажилласан нь намдаа хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч, улс төрийн лидер, ёс суртахууны манлайлагч байсны нотолгоо юм. Монголын шинэ түүхийн хагас зууныг хамрах нэгэн түүхэн үед эрх баригч МАН-ыг удирдан хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг тэргүүлэн ажиллаж, эх орны тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардын сайн сайхны төлөө өөрийн бүхий л амьдралаа зориулсан үндэсний удирдагч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энх тайван, нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын ариун гэгээн үйл хэргийг хүндэтгэн дурсаж, түүний хүсэл мөрөөдөл байсан хүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг цогцлоохын төлөө хичээн чармайхыг намын нийт хамт олондоо уриалж байна. Их удирдагчийн төрөл төрөгсдөд гүн хүндэтгэл илэрхийлье” гэв.
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд МАН-ын Хяналтын ерөнхий хороо, намын дэргэдэх байгууллагууд, ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, оюутны холбоо болон намын Удирдах зөвлөлийн ажлын албаны төлөөллүүд оролцлоо.
Түүнчлэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэдийн төлөөлөл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд зэрэг өргөн бүрэлдэхүүн байлцлаа.
Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэхад хөрөнгө гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна