Ч.Номин сайдын гэрт АТГ-аас нэгжлэг хийжээ

Х.Есү
1 цаг 2 минутын өмнө

Соёлын сайд асан, УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Чинбатын Номинг шалгаж эхэлсэн талаар энэ оны нэгдүгээр сард Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас мэдээлсэн.

Ч.Номинтой холбоотой ирүүлсэн GoMongolia, WeMongolia зэрэг томоохон төслүүдийн санхүү, гүйцэтгэлтэй холбоотой гомдлыг АТГ гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн хэмээн мэдээлж байв.

Шалгаж буй уг хэргийн хүрээнд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт буюу энэ сарын 9-нд түүний ажил, гэрт АТГ-аас нэгжлэг хийж, шалгалт явуулсан байна. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

 Ийнхүү нэгжлэг хийх болсон нь Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байх үедээ аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нэрээр хийгдсэн нэр бүхий төслүүдтэй холбоотой их хэмжээтэй мөнгөний эх үүсвэр болон ажлын гүйцэтгэл, зарцуулалтанд анхаарал татахуйц олон асуудал гарч ирснийг эх сурвалж мэдээлж байна.

Тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга  С.Бямбацогт “Аудитын хүрээнд Ч.Номин сайдын үеийн Соёлын яамны үйл ажиллагаанаас 16 их наядын зөрчил илрүүлсэн тул ЗГХЭГ-аас ажлын хэсэг гарсан. Гэмт хэргийн шинжтэй 11 орчим тэрбум төгрөгийн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах ёстой…” гэж мэдэгдэж байлаа. Үүнийг Ч.Номин сайд няцааж байсан ч одоо үүсээд буй нөхцөл байдлыг харвал тодруулах, анхааралтай ажиглах шаардлага үүсч байна.

Тэрбээр өнгөрсөн хавар манай сайтад өгсөн ярилцлагадаа “АТГ намайг шалгаж байгаа гэдэг мэдээллийг харсан. Гэхдээ надаас мэдүүлэг авна гэж дуудаагүй” гэж байв.

Сонгуулиар мөнгө тараасан, хамаарал бүхий компани нь ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг ч төлдөггүй зэрэг мөнгө, санхүүтэй холбоотой элдэв мэдээлэл тасардаггүй Ч.Номин сайдтай холбоотой дуулианд энэ удаа ямар тайлбар, мэдээлэл өгөх нь олны анхаарал татаж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна