Баавгайд бариулсан хохирогчийн ар гэр хандивын аян эхлүүлжээ

Х.Есү
1 цаг 37 минутын өмнө

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд 10 дугаар сарын 07-08-ныг шилжих шөнө баавгай айлын гэр рүү дайрч нэг иргэний амь насыг хохироож, нэг иргэний хүнд гэмтээсэн хэрэг гарсан. 

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа иргэний бие хүнд байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээлэл хийж, хандивын аян эхлүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

Хохирогчийн төрсөн эгч н.Саранзул: "Бид эхээсээ долуулаа. Миний дүү баавгайд бариулан маш хүнд бэртэж, биеийн байдал нь туйлын хүнд байна. Тархины хүнд хагалгаанд орсон. Эмч нарын хэлснээр тархины шарх бүрэн эдгэрсний дараа эрүүний хагалгаанд орно гэсэн.

Мөн тархинд нь үхжилт явагдаж байгаа хэсэг байгаа тул маш нарийн хяналт дор дараа дараагийн хагалгаанууд хийгдэнэ гэсэн. Өвдөлт маш их байгаа тул дандаа унтуулах эм, тариагаар аргацааж байна. Монгол түмэн минь бидэнд туслаач гэж гуймаар байна"

Улсын харцага Г.Ганхуяг: "Хэрэг гардаг шөнө 24:00 цагийн орчимд гэртээ унтаж байхад нь бие гүйцсэн том баавгай гэрийнх нь арын ханыг задалж дайран орж ирж хүнд гэмтээсэн байна. Гавлын яс нь энд тэнд шүд орсон цөмрөлтэй, цөм хазсан байна. 

Энэ айлын амьдарч байсан монгол гэрийг баавгай зүгээр л зомгол болгоод хаячихсан, авах юм юу ч үлдээгүй, үнэхээр аймшигтай дүр зураг үүссэн байна лээ. Хохирогч эмнэлгээс гарч ирээд орох оронгүй болсон. Ар гэрийнхэн нь боломж муутай, бага хүү нь оюутан, хоёр ах нь олдсон ажлыг хийж амьдардаг залуус бий. Монгол гэртээ эргэж амьдрахаас үхтэлээ айж байгаа ч малаасаа холдож чадахгүй тул тэнд нь ядаж жижиг тоосгон байшин барьж өгөхөөр үр хүүхдүүд нь зорьж, хандивын данс нээсэн байна. 

Гэрийнх нь яг хойд талд тугалын хашаа залгаатай байхад тугалуудыг биш, шууд гэрийг нь эвдэн орж хүн барьсан гэдэг бол маш ноцтой, аюултай дохио. Баавгайг мэдэхгүй хүмүүс бамбарууш мэт хайрлаж, өрөвдөж байна. Энэ зэрлэг, аймшигтай амьтнаас иргэдээ хамгаалж агнах хэрэгтэй"

Хөрш Ш.Одонгуа: "Тэнд байсан Төмөрбаатар гэх манай нутгийн эгэл жирийн, хүнд тусархуу сайхан залуу газар дээрээ маш аймшигтайгаар баавгайд бариулж амиа алдсан. Сая даваа гарагт хөдөөлүүлэх ажил явдал нь дууслаа. Ард нь дунд ангийн бяцхан охин, хараа муутай, хэл ярианы бэрхшээлтэй өндөр настан ээж нь өнчирч хоцорлоо. Тэр талийгаачийн ар гэрт ч гэсэн тусламж, дэмжлэг маш их хэрэгтэй байна.

Одоо н.Нарангэрэл эгчийн бие үхэх сэхэхийн зааг дээр байна. Даралт нь маш уналттай, зүрхний цохилт сул, хүчтэй өвчин намдаах тарианы хүчээр л арай гэж тэсэж байна. Байгаль орчны яамнаас ажлын хэсэг гарч газар дээр нь очсон атлаа одоог хүртэл тодорхой шийдэл, эмчилгээний зардал, нөхөн олговрын талаар хариу өгөөгүй, утсаа салгаад алга болсонд маш их гомдолтой байна.  Монголынхоо нийт ард түмнийг, хувь хүн, албан байгууллагуудыг хохирогчийн эмчилгээний зардал болон амьдрах оронг нь босгож өгөхөд хандивын гараа сунгахыг уриалж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна