Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цочир хүйтэрнэ

2017/01/15
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШНГ/-аас сэрэмжлүүллээ. Өнөөдрөөс нийт нутгийг хамарсан эл хүйтэн эхлэх аж. Сибирийн хүйтэн агаар нэгдүгээр сарын 15-ны ням гаригаас нутгийн баруун хойд хэсгээр шилжин ирэх тул 16-наас 19-нийг хүртэл хугацаанд хүйтний эрч чангарна гэжээ.

Нэгдүгээр сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, нэгдүгээр сарын 16-17-нд ихэнх нутгаар ялангуяа 16-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиу цас орж, салхи секундэд 12-14 метр хүрэх ажээ. Энэ өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, хальтиргаа гулгаа нэмэгдэх цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байна.

Нэгдүгээр сарын 16-наас шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хотгороор 40-45 хэм, Монгол Алтайн өвөр хэсэг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35, -40 хэм,  тал хээрийн нутгаар 28-33 хэм хүрч хүйтэрнэ. Мөн Алтайн өвөр болон өмнөд говиор 19-24 хэм хүрч чангарах төлөвтэй тул малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, цахилгаан эрчим хүчний шугам зэрэгт хүндрэл учруулахын зэрэгцээ, цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг ЦУОШГ-аас анхаарууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дор нийтлэв.

Баруун аймгуудын нутгаар 

Нэгдүгээр сарын 13, 14, 16-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас, 15-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 13-14-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар 

Нэгдүгээр сарын 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 15-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 11,15-нд зарим газраар 7-12 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар

Нэгдүгээр сарын 15-нд нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.  

Говийн аймгуудын нутгаар

Нэгдүгээр сарын 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 15-нд зарим газраар 12-14 м/с хүрнэ. Нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна