УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хажуугийн санал оруулж ирэн хүнийг гүтгэсэн тохиолдолд 100 сая хүртэлх төгрөгөөр торгох заалтыг дэмжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдэн акц зохион байгуулсны үр дүнд тэрбээр саналаа татаж авсан юм. Хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваас тодрууллаа.
-Өчигдөр, өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирсныг олон нийтэд анхааруулсан акцид нэгдсэн. Та саналаа татчихлаа. Гэхдээ хуулийг цаашид хэлэлцэх үед ямар байр суурь баримтлах вэ?
-Би гүтгэх гэсэн асуудлаар өөрийн саналаа өгсөн. Гүтгэх асуудал манай нийгэмд утааны адил гамшиг болчихоод байгааг хүн болгон хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлыг би биш юм гэхэд өөр хэн нэгэн хэлэх л байсан. Би хэлснээрээ асар их эсэргүүцэлтэй тулгарлаа. Гэхдээ энэ асуудлыг нийгэмд хандаж тавьсан болохоос аль нэг салбар руу хандаж хэлээгүй юм. Тэр тусмаа хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт хандаж хэлээгүй юм. Харин хэвлэлийнхэн өөрсдөдөө татаж ойлгоод байгааг гайхаж байна. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн хэвлэн нийтлэх эрхийг Эрүүгийн хуульд тодорхой хамгаалж өгсөн. Үүнийг өчигдөр надтай уулзсан иргэд, хэвлэлийнхэнд тайлбарласан.
Энэ заалтаар хэвлэл мэдээллийн хардах, хэвлэн мэдээлэх, шалгах, хянах эрхийг баталгаажуулж өгсөн. Харин Эрүүгийн хуульд байсан 3 зүйл ангийг авч Зөрчлийн хуульд оруулсан. Үүнтэй холбоотойгоор гүтгэсэн тохиолдолд торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх санал гаргасан. Торгуулийг нь нэмбэл гүтгэх нь багасах юм болов уу, нийгэм даяар тэмцэх юм болов уу гэж хийсэн болохоос ямар нэг салбар, хэн нэг сэтгүүлчид чиглүүлж, өөрийн бодлоор хийгээгүй. Энэ бол миний үзэл баримтлал.
Торгуулийн дүн өндөр байна гэдэг асуудал яригдсан учир би өчигдөр саналаа татаж авсан. Харин миний үзэл бодол хатуу. Хүний халдашгүй нэр төрийн төлөө тэмцэнэ. Үүгээр далимдуулж улстөржүүлэх , мушгин гуйвуулахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хүний аав ээжээс өгсөн алдар нэрийг дайрч гутаах доромжлох бол байж болохгүй асуудал./ хоолой зангирав/
-Та нэлээд эмзэглэж байх шиг байна. Намын тань зарим гишүүдийн зүгээс таныг зээлтэй холбоотой мэдээлэл хэвлэлээр гарсан нь ийм санал оруулж ирэхэд нөлөөлсөн гэх утгатай байр суурь илэрхийлж байна л даа?
-Зээл биш ээ. Тэр бол хэвлэл мэдээллээр цацагдчихсан, баталгаатай зүйл. Ер нь нийгэм даяар уншихад ч хэцүү гүтгэлгүүд явж байгаа. Би УИХ-ын гишүүн эх хүн , эмэгтэй хүний хувьд гүтгэлгийг хязгаарлах, багасгахын төлөө зарчимтай ажиллах ёстой гэж бодож байгаа.
-Хэвлэл мэдээллийнхэн үүнийг өөрсдөдөө наагаад байгааг гайхаж байна гэж та хэллээ. Энэ асуудал хэвлэл мэдээллийн мэдээлэх эрхтэй шууд хамааралтай шүү дээ?
-Зөрчлийн тухай хуульд нийтлэг асуудал тавьсан. Гүтгэх явдал нийгэм даяараа хавтгайрсан асуудлыг заасан. Гүтгэсэн эсэхийг шүүхээр нотолж тогтоож байж хариуцлага яригдана. Хянах, хардах асуудлыг гүтгэх гэж үзэхгүй. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Утааны эсрэг бүх телевиз эфирээ хаагаагүй байж яагаад гүтгэх асуудлаар эфирээ хааж байгаа юм бэ.
-Тань руу чиглэсэн дайралт гүтгэлэг ирээд байгаа юмуу?
-Над руу чиглэсэн гүтгэлэг зөндөө л явдаг. Тэр гол асуудал биш. Манай нийгэм бүх зүйлд маш их бухимдалтай байна. Нийгмийнхээ хөгжлийн төлөө яагаад хамтарч ажиллаж болдоггүй юм бэ гэдэг бухимдал надад байдаг.
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл эфирээ хаасан нь олон нийтэд айдас төрүүлсэн. Ийм байдалд хүргэсэн таныг уучлал гуйх ёстой гэх байр суурийг намын тань нэр бүхий гишүүн илэрхийлсэн. Таны байр суурь?
-УИХ-ын гишүүний хувьд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх бүрэн эрхтэй. Энэ эрхээ эдэлж санал гаргасныхаа төлөө уучлал гуйх ёсгүй. Энэ бол албан ёсны эрх үүргийнхээ дагуу хэлсэн миний үзэл баримтлал.
-Ерөнхийлөгч дөнгөж сая энэ заалт байх ёстой юу үгүй юу гэдгийг эргэж харах хэрэгтэй гээд байр сууриа илэрхийллээ. Харин та өөрийнхөө байр суурин дээр хатуу байна гэж байна?
-Гүтгэлэг гэдэг бол гэмт хэрэг. Гэмт хэргийг хөнгөвчлөөд Зөрчлийн хууль руу оруулсан. Энэ заалтыг татаж авах эсэх асуудал нь УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь үзэл баримтлалын хэрэг.
-Сошиал орчин хэвлэл мэдээлэл хоёрынхоо зааг ялгааг тодорхой болгоогүйгээс ийм асуудал үүсээд байгаа юм биш үү?
-Хүнийг янз янзаар л хэлдэг. Нэг ёсны жижиг хэмжээний гүтгэлгүүд явдаг. Тэр болгонд хариу өгөөд байдаггүй. Би нийгмийн сайн сайхны төлөө, нийгмээ эрүүл болгохын төлөө хэлсэн. Үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Би өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсоно.
С.ОТГОН
Сэтгэгдэл бичигдээгүй байна