Удаа дараагийн сонгуулийн ялагдлын дараах МАН-ыг шинэчлэх, улстөрийн намын төлөвшлийг дэмжих зорилгоор 2012 онд МАН-ын хэсэг залуус Шинэчлэлийн хороог байгуулсан. Тус хорооны залуучууд намынхаа байрны үүндэн шар ханзтай гэр барьж ажлаа эхлүүлж байв. Харин тэд өнөөдөр МАН-ын шинэчлэл, хөгжлийн хороо болон өргөжиж анхдугаар их хурлаа хийж байна.
МАН-ын шинэчлэл хөгжлийн хорооны анхдугаар хуралд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, намын ахмад, дунд залуу үеийнхэн, орон нутгаас сонгодсон нийт 500 гаруй төлөөлөгч оролцож байна. Их хурлаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажилдаа үнэлэлт өгч, цаашид хийх ажлуудаа төлөвлөж байгаа юм.
Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооны даргаар төлөөлөгчид 100 хувийн саналаар сонгосон. Өнгөрсөн хугацаанд тус хороог Б.Ганхуяг удирдаж байсан юм. Мөн 155 гишүүнтэй бага хурал, 9 гишүүнтэй Хяналтын зөвлөлийг байгууллаа.
У
ИХ-ын гишүүн МАН-ын шинэчлэл хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан: Бид дардан шулуун замаар явахгүй
“Нийгэм, цаг үеийн шаардлагад нийцсэн тулгамдсан асуудлыг шийдэх хэмжээний төлөвлөгөө хараахан алга. Тиймээс энэ төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэстэй, бодит хөрсөнд буусан шинэчлэлийн бодлого боловсруулна. Энэ бодлогоо удахгүй болох МАН-ын 28-р их хуралд танилцуулах ажлыг хийнэ. Шинэчлэл хөгжлийн хорооны ажил дардан шулуун байхгүй. Хүндрэл бэрхшээл тулгарна, амаргүй зүйлтэй тулгарна. Яагаад гэхээр энэ алдаа дутагдал, сүүлийн жилүүдэд бугшсан асуудлыг илааршуулах, цэвэрлэх, зөв замд нь оруулах ажил ихээхэн хүч хөдөлмөр, зориг тэмцлээр бий болох дүр зураг харагдаж байна. Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилтэй салшгүй холбоотой учраас үүнийг зориглох хийхээс аргагүй”.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Залуустаа жигтэйхэн их найдаж байгаа
“Улс төрд орж ирж буй залуусыг улс орны эрх ашгийн үүднээс ганц хатуу үг хэлэхэд “аятайхан байгаарай” гээд амыг нь хаадаг, айлгадаг. Болохгүй бол зохион байгуулалтайгаар замаасаа зайлуулдаг. Ийм адармаатай, хэцүү цаг үед манай залуучууд шийдвэр гаргаж байна. Би С.Зоригийн хэргийг ярьж байгаа нь ирээдүйн тухай ярьж байгаа юм. Энэ хэргийг ингэж шийдэж болж байгаа юм чинь өөр хэргийг ингэж шийднэ болно гэдэг ёс тогтох гэж байгаа юм Монгол Улсад. Одоо улстөрд байгаа хүмүүс маргааш үхэх гэж байгаа юм шиг хулгай хийхээ боддог.
Залуучууд цаашдаа эх орныхоо хөгжлийн төлөө нэгдсэн байр суурьтай зүтгэх болов уу гэж жигтэйхэн их найдаж байна. Ц.Элбэгдоржийн үйлдлүүд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэтрүүлэн хувьдаа, улстөрд ашиглах ямар аюултай байдгыг харуулж байна. Гэхдээ Монголын заяа их. Үүний ард гарах л болно. Мань мэт дийлдэггүй юм гэхэд монголын ард түмэн дийлнэ”
МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооны бага хурлын гишүүн, сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэ: Шинэчлэлийн хороо намаа сөрж биш, намдаа тусалж ирсэн
"Улсын хөгжлийн тулгуур болсон намууд эрүүл байх нь хамгийн чухал. Үүнийг манайхан намчирхлаа гэж ойлгох нь түгээмэл. Энэ бол намчирхал биш, улс орны хөгжлийн асуудал. Одоогийн засаглалаар намууд улс орныг авч явж байна. Тиймээс намууд шинэчлэгдэх, зөв шударга байх шаардлага үүсч байна. Нам зөв, эрүүл байхын тулд намын дэргэд олон ургальч үзэл байх ёстой. Шинэчлэл хөгжлийн хороо намын дэргэдэх байгууллага биш. Харин улстөрийн намд ялзрал, зүй бус үзэгдлийн эсрэг зогсох үүрэгтэй байгуулагдсан гэж ойлгодог. Шинэчлэл хөгжлийн хороо бол нам доторх салаа мөчир.
Намын бодлого буруу явахаас сэргийлж, залуучууд санаа бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэх зорилгоор эхэлсэн. Энэ зорилгоо сайн биелүүлж 4 жилийн дараа анхдугаар их хурлаа хийж байна. Шинэчлэл үргэлж байх ёстой. Үүнийг намаа сөрөх хэсэг гэж ойлгож болохгүй. Шинэчлэлийн хорооны өнгөрсөн 4 жилийн тайлан илтгэлээс үнэхээр намдаа тусалж ирсэн нь харагдаж байна.
Өнөөдрийн их хуралд гутлынхаа улыг элэгдтэл явдаг намын жирийн гишүүд дэмжигчид, ахмад үеийнхэн цугласан харагдана. Уг нь МАН-аас сонгогдсон УИХ-ын 65 гишүүнд урилга хүргүүлсэн гэж ойлгосон. Гэтэл ганцхан Ц.Нямдорж гишүүн ирсэн байна. Угтаа бол бодлого боловсруулах түвшинл байгаа хүмүүс нь оролцох ёстой санагддаг.
Гэхдээ олон нийтийн үзэл санааг хэн ч дийлэхгүй. Энэ үзэл санааны дуу хоолой болж намынхаа гишүүдийг зохион байгуулалтад оруулж гарч ирж чадсан нь Шинэчлэл хөгжлийн хорооны залуус. Хөгжлийн нэгдмэл зөв бодлого, эх оронч үзэл аль ч намд дутагдаж байна. Энэ дутагдаж буй үзэл санааг бэхжүүлэх, тусгаар улс байхын төлөө явна гэдэг нь ард түмний хүсч буй зүйл. Ийм том үзэл санааны төлөө, ард түмэнтэйгээ хамт явж учраас МАН-ын Шинэчлэл хөгжлийн хороо амжилтанд хүрнэ гэж боддог".
Сэтгэгдэл бичигдээгүй байна