Ийм хүнийг Элчин сайдаар илгээнэ гэв үү?

2017/05/01
Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнтэй холбоотой нэгэн таагүй мэдээлэл гарч ирлээ. Тэр “цаас” бидэнд бас олдов. Энэ баримттай холбоотой материалыг ахмад сэтгүүлч Т.Буянхишиг Breakingnews.mn мэдээллийн сайтад бичиж хэвлүүлсэн байна.

Л.Пүрэвсүрэн өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажилладаг юм.

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн Монгол Улсаас ХБНГУ-д суух Элчин сайдаар томилогдох гээд өөд уруугүй явж байгаа бололтой юм. Түүнийг Элчин сайдаар томилох эсэхийг УИХ шийднэ л дээ. УИХ гэдэг маань МАН гэсэн үг. Учир нь МАН-ын 65 гишүүн УИХ-д сууж буй.

Тэгвэл Л.Пүрэвсүрэнгийн 1995-2000 онд Бонн дахь ЭСЯ-нд Хоёр болон Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байх үетэй нь холбоотой баримт сөхөгдөж байгаа нь энэ. 

Энэхүү баримттай холбоотой түүх сөхвөл, 2005 оны зургадугаар сарын 29-нд ХБНГУ-ын ГХЯ-наас тус улсад суугаа манай ЭСЯ-нд Төлөөний ноот ирүүлжээ. Түүндээ “...Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-нд ажиллахаар ХБНГУ-д нэвтрэх виз мэдүүлсэн Л.Пүрэвсүрэнгийн визийн мэдүүлгийг ХБНГУ-ын ГХЯ дахин маш нямбай нягтлан шалгав.

Үүний үр дүнд ноён Л.Пүрэвсүрэн урьд нь ХБНГУ-д дипломат алба хашиж байхдаа “Дипломат харилцааны тухай Венийн конвенц”-ийн 41 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчиж байсныг тогтоов. Иймд ХБНГУ-ын ГХЯ ноён Л.Пүрэвсүрэнд дээр дурдсан зорилгоор ХБНГУ-д ирэх визийг олгох боломжгүй гэдгийг мэдэгдэж байна. Энэ шийдвэр түүний гэр бүлийн гишүүдэд мөн хамаарна” гэжээ.

Олдсон баримтаас харвал мань эр 1996, 1999 онд согтуугаар автомашины осол гаргасан гэнэ. Энэ бүрт нь сануулга өгч байжээ.

Мөн 2000 оны тавдугаар сарын 5-нд Монгол Улсаас С.Болдбаатар урьжээ. Нөгөөх нь хугацаандаа нутаг буцалгүй Германы тал өөрсдөө С.Болдбаатарыг “олж” аваад 2004 оны гуравдугаар  сарын 18-нд Монгол Улс руу албадан буцаасан гэж байна.

Уг нь Л.Пүрэвсүрэн нь С.Болдбаатарыг батлан дааж, урилгатай холбоотой хууль, эрхзүйн асуудал гарвал хариуцна гээд гарын үсгээ зурчихсан байжээ. Тиймээс Германы тал энэ үйл ажиллагаатай холбоотой зардлыг Л.Пүрэвсүрэнгээс нэхэмжлэхэд бараг­дуу­лахаас татгалзаж, энэ хүнийг танихгүй, урилга хуурамч байна хэмээн мэдүүлсэн гэнэ. Гэтэл С.Бодбаатарын ажлын газраас Л.Пүрэвсүрэнгийн нэр дээр 30 мянган ам.доллар гуйвуулсныг Германы тал гаргаад иржээ. Германы тал хамгийн сүүлд 2004 оны арваннэгдүгээр сард энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхийг хүсэхэд Л.Пүрэвсүрэн хүлээж аваагүй гэж байх юм.

Ийм л юм болжээ. Ингээд Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн яамны Европын газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга болон зөвлөхөөр үргэлжлүүлэн ажилласан байна. Тэрээр 2000-2009 онд ийн ажилласан юм. Энэ хугацаандаа буюу 2005 онд дээрх үйл явдал болсон байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Гэхдээ хэнийг Гадаад хэргийн сайдаар томилохоо Германаас асуух биш. Тэр томилогдсон. Ажилласан. Харин одоо ХБНГУ-д Элчингээр томилогдохоор зүтгэж байгаа ажээ. Хилээрээ ч давуулахгүй гэсэн Германы Элчин сайдаар томилогдоод очвол өнөөх Жуухыг нь авах болов уу.

Энд нэг л зүйл байгаа юм. Хүний газар нэрээ бодох хэрэгтэй гэдэг алтан дүрмийг бүх дипломатчийн тархинд суулгах хэрэгтэй. Ёс журмаа ягштал баримталдаг дипломатч нөгөөдүүлээсээ олон л доо. Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэгчээр хэзээ нэгэн цагт ингээд гарч ирэх асуудал дээр хүний нутагт улсаа бодож, нэр цэвэр албаа хаших хэрэгтэй гэдгийг ахмад дипломатчид байнга хэлдэг билээ.

41 ДҮГЭЭР ЗҮЙЛ

1. Эрх ямба, дархан эрх эдлэгч бүх хүн хүлээн авагч улсын хууль, дүрмийг өөрсдийн эрх ямба, дархан эрхэд хохиролгүйгээр хүндэтгэх үүрэгтэй. Тэд мөн тэр улсын дотоод хэрэгт оролцохгүй байх үүрэгтэй.

2. Томилогч улсаас хүлээн авагч улстай харилцах талаар төлөөлөгчийн газарт даалгасан бүх албан хэргийг хүлээн авагч улсын гадаад хэргийн яамтай буюу түүгээр дамжуулан, эсхүл харилцан тохирсон өөр нэг яамтай буюу түүгээр дамжуулан явуулна.

3. Төлөөлөгчийн газрын байрыг энэхүү конвенц буюу олон улсын нийтлэг эрх зүйн бусад хэм хэмжээ, эсхүл томилогч улс, хүлээн авагч улсын хооронд байгуулсан ямар нэгэн тусгай хэлэлцээрээр тогтоосон төлөөлөгчийн газрын чиг үүрэгт үл нийцэх зорилгод ашиглах ёсгүй.





Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна