Э.Эрдэнэжамъян: Н.Энхбаярыг сонгох уу, сонгохгүй байх уу гэдэг эрхийг нь ард түмэнд өг

2017/05/02
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.

-Та МАХН-ын дэд даргаар багагүй хугацаанд ажилласан. Харин одоо бол Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байгаа юм байна. Генсек болсноосоо хойш нам дотроо ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв?

-МАХН-ын Бага чуулган цагаан сарын өмнө хуралдсан. Тэр хурлаас гарсан шийдвэрээр Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хүлээж авсан. 

Ажил авснаас хойш намынхаа дотоод үйл ажиллагааг цэгцлэх тал дээр анхаарч ажиллаа.

Манай намын тухайд гурав дахь хүчний орон зайг амжилттай дүүргэж ирсэн улстөрийн хүчин. Магадгүй  цаашид улстөрийн нэг юм уу, хоёр дахь хүчин болох бүрэн боломжтой нам. Үүнийг мэддэг учраас АН, МАН-ын зүгээс бохир тоглоом хийж, манай намыг хагалан бутаргах, нийгэмд буруугаар харуулах оролдлогуудыг хийсээр ирсэн.

Зөвхөн МАХН дээр ч бас биш. Өөр бусад шинэ тутам улстөрийн намуудыг нураасан туршлага МАН, АН-д бий. Жишээ нь ХҮНам гээд аятайхан нам өнгөрсөн жил байгуулагдаж байлаа.

Гэтэл яасан гэхээр тал, талаас нь янз бүрийн ашиг сонирхолтой хүмүүсийг намд нь шургуулж хагалж, бутаргах ажиллагааг зохион байгуулж байгаад дараад авсан.

Яг үүнтэй адилхан зүйлийг манай нам дээр хэд, хэдэн удаа хийх гэж оролдсон байдаг юм. Бид ч энэ бүхнийгсорилтыгямар нэг байдлаар даван туулсаар ирсэн.

Одоо бол бид намын дотоод сахилга батыг сайжруулах тал дээр анхаарч, УИХ-ыг байгуулах шинэ хууль буюу сонгуулийн шинэ хуульд нийцүүлж намынхаа бүтэц зохион байгуулалтыг хийгээд үндсэндээ дуусах шатандаа орж байна. 

Улстөрийн нам ардчилалтай байх нь зөв боловч нөгөө талаасаа маш их эмх цэгцтэй, дотоод зохион байгуулалт сайтай, нэгдэл нягтралтай байх ёстой. Яагаад гэхээр нам гэдэг бол энгийн нэг эвлэлдэн нэгдсэн ТББ, сайн дурын холбоо биш юм.

Сайн ярих юм бол Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө, Монгол Улс оршин тогтнох уу, үгүй юу гэдэг зүйлийн төлөөх улстөрийн тэмцэлийн төлөөх нэгдэл шүү дээ. МАХН-ын тухайд Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалъя, Монгол Улсаа өнгөтэй өөдтэй авч явъя л гэсэн хүсэл, эрмэлзлэлтэй, эр зоригтой, шударга, эв нэгдэлтэй хүмүүсээр эгнээгээ бэхжүүлэх нь чухал гэж ойлгож байгаа. 

-Саяхан О.Баасанхүү МАН-ын таван гишүүн МАХН-д элсэх гэж байгаа тухай хэвлэлд ярьсан байсан. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ талаар мэдээлэлтэй байгаа байх?

-Одоохондоо албан ёсоор яригдсан тийм зүйл байхгүй. Ер нь бол цаашдаа МАХН-д эвлэлдэн нэгдэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн улстөрчид бий. Гэхдээ би энд хүмүүсийн нэр заамааргүй байна. Шийдвэр нь гараагүй байхад нэр зааж болохгүй шүү дээ. 

Өмнө нь болон өнөөдөр эрх барьж байгаа улстөрчид, эрх мэдэлтнүүдийн явуулж байгаа бодлого шийдвэр тухайн намынхаа дунд болон доод шатанд дэмжигдэхгүй байна гэдгийг гишүүд нь аль, аль талдаа ярьцгааж байна.

Манай нам л ялчих юм бол улс орон маань сайн сайхан болж магадгүй гэж найдаад намаа дэмжээд, намынхаа төлөө зүтгэж, зүтгэж намаа ялуулдаг.

Гэтэл өнөөх намынх нь хийж байгаа үйл ажиллагаа, боловсон хүчний томилгоо, гаргаж байгаа шийдвэр нь төрөл арилжсан мэт өөрчлөгдчихдөг болохоор АН, МАН дотор удирдлагууддаа шүүмжилэлтэй ханддаг хүмүүс бий болчихоод байгаа юм.

Энэ хүмүүсийн тухайд ч гэсэн бидэндтэй холбоотой байж, санал бодлоо солилцож, дэмжихээ илэрхийлж байгаа. Гэхдээ МАХН эхний ээлжид наашаа гэсэн сэтгэлээр хандаж байгаа эдгээр хүмүүсийн итгэлийг даахуйц бүтэц зохион байгуулалттай, хүчирхэг нам гэдгээ бусдад нотлон харуулах шаардлагатай.

Үүнийгээ ч тун удахгүй нотлон харуулна. Өмнө нь ч бас харуулсаар ирсэн. 

-Шинэ Үндсэн хуулийг МАХН боловсруулж ард түмэндээ танилцуулсан. Одоогийн нөхцөл байдалд та бүхний боловсруулсан Үндсэн хуулийн төсөл батлагдах боломж байгаа юу?

-Үндсэн хуулийг батлах боломж бий юу, байхгүй юу гэдэг асуулт бол буруу асуулт. Харин энэ нь зөв үү, буруу юу, хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдэг л хамгийн чухал асуулт. МАХН-ын тухайд Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, үүндээ үзэл баримтлал, Монгол Улсын хөгжлийг яаж төсөөлж байгаа юм, юуг нь яаж өөрчлөх вэ гэдгээ маш тодоор тусгасан гэж ойлгож байгаа. 

Шинэ Үндсэн хуулийн төсөл дээр бусад хүмүүсийн санаа оноо, үзэл баримтлал ч бас цаашдаа тусгагдаад явах байх. Гэхдээ бидний хувьд үндсэн томъёолол, том үзэл баримтлалаа боловсруулаад авчихсан. Тэгэхээр МАХН үүнээс цааш Шинэ Үндсэн хуулийг монголын ард түмнээр батлуулахын төлөө л явна. Үүндээ УИХ-ын зөвшөөрлийг авах уу, авахгүй  юу гэдэг бол дараагийн асуудал юм. 

Заримдаа шинэ Үндсэн хуулийн эсрэг явж байгаа хүмүүсийг хувьсгалаар түлхэж унагаагаад шинэ Үндсэн хуулиа ард түмэн өөрөө баталдаг. Манайд өрнөсөн 1921, 1990 оны хувьсгалууд бол Үндсэн хуулийн шинэчлэлийн төлөө хийгдсэн хувьсгалууд шүү дээ.  Үндсэн хуультай болъё, үндсэн хуулиа өөрчилье гэсэн хувьсгалууд байсан гэж үзэж болно. 

Бидний боловсруулсан Шинэ Үндсэн хуулийн төслийг одоогийн УИХ-ын гишүүд дэмжээд явчих юм бол асуудал хурдан бөгөөд эв зүйгээрээ шийдэгдэнэ. Гэтэл эд нар өөрсдийнхөө амийг бодож, санхүүжилт авдаг олигархи компаниудыхаа эрх ашгийг хамгаалаад энэ байдлыг ужигруулах гэж оролдвол бид хувьсгалын аргаар өөрчлөх болно. Гэхдээ хувьсгал гэхээрээ үймээн самууныг төсөөлж болохгүй. Тайван замаар бас хувьсгалыг хийж болно. 

-Эрх баригч намын зүгээс Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хөндөж, зөвлөлдөх уулзалтыг хүртэл зохион байгууллаа шүү дээ. Та бүхэн энэ уулзалтад оролцсон уу?

-Монголын ард түмэн одоо байгаа Үндсэн хуулийнхаа үзэл санааг маш сайн ойлгочихоод байна гэж хэлж болно.

Юу гэхээр, бид үндсэндээ байгалийн баялагаа гадныханд алдчихсан, газар шорооныхоо эзэн байхаа больчихсон юм байна, УИХ нь улсынхаа татварыг өөрсдөө тогтоож чадахаа больчихсон юм байна, монгол хүн монголдоо эзэн байж чадахаа больчихжээ гэдэг уур амьсгалыг мэдрээд Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хөндөөд эхэллээ. 

МАХН бас Үндсэн хуулийн төслөө ард түмнээрээ нээлттэй хэлэлцүүлж байгаа. 21 аймагт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж Үндсэн хуулийнхаа төслийг сонин сэтгүүл, интернэтэд нээлттэйгээр байршуулсан. Одоогийн байдлаар бидний боловсруулсан Үндсэн хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн 70 мянга орчим хүний овог нэр, регистрийн дугаартай гарын үсэг бүхий санал асуулгын дүн бидэнд ирчихээд байна.  

Гэтэл УИХ, МАН юу хийж байна вэ. 1500 хүнийг хаа нэгтэйгээс сонгож ирээд Төрийн ордонд хуралдаж байх шиг байна. Бид энэ хуралд оролцоё гэдэг хүсэлт гаргасан ч хүлээж авахгүй, оруулахгүй гэдгээ илэрхийлсэн. Оруулсан ч санал хэлэх, үг хэлэх, асуулт тавих эрхгүй гэж байгаа юм. Энэ 1500 хүний тухайд ч гэсэн адилхан. Модератор нэртэй хэдэн хүн үг хэлээд л, үлдсэн нь цаасан дээрхи социологийн судалгаа бөглүүлэх маягаар асуудлыг эцэслэж байгаа юм. Ингэж Монгол Улсын хувь заяаг шийдэж болох уу. 

МАН-ынхан үүнийгээ хүмүүст тайлбарлахдаа бид 1500 хүний үгийг сонссон, ард түмэн Үндсэн хуулийг ингэж шийд гэсэн гэх мэтээр тархи угаах гэж байна. Энэ бол ард түмнээ дор үзэж доромжилж байгаа хэрэг. Үнэхээр ард түмний санаа бодлыг сонсмоор байгаа МАХН-ын төлөөллийг энэ хуралд оролцуулах ёстой юм. 

МАХН-аас боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж 70 мянган иргэн гарын үсгээ зураад, дэмжихээ илэрхийлчихсэн байхад яагаад бидний саналыг сонсохгүй байгаа юм бэ гэдэг асуулт хардлага төрүүлж байна. Монголын улстөрд нөлөөтэй байдаг намууд бидний төсөлд санал бодлоо тусгаж, давтагдсан тоогоор 200 гаруй эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг хийсэн. 

Гэтэл МАН-ын зохион байгуулж буй Үндсэн хуулийг өөрчлөх зөвлөлдөх уулзалтаар юуг яаж өөрчлөх гээд байгаа юм бэ гэдэг тодорхой ойлголт ард түмний дунд алга. Зүгээр л 1500 хүн цуглалаа гэдэг мэдээллээс өөр зүйл алга. Ингэж Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. 

Жишээ нь шүүгчийг Ерөнхийлөгч томилсон нь дээр үү, эсвэл УИХ томилсон нь дээр үү гэж асуусан гэж байгаа байхгүй юу. Яагаад зөвхөн ерөнхийлөгч, УИХ шүүгчийг томилох ёстой юм бэ? МАХН-ын боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд шүүгчийг ард түмнээс сонгоно гэж заасан байгаа.

Энэ вариантыг яагаад тэр 1500 хүнээс асуухгүй байгаа юм бол? Тэгэхээр ард түмэнд эрх мэдлийг нь өгөх гэхээсээ илүү одоо байгаа дарга нарын хэнээр нт шийдүүлэх вэ ухааны санал асуулга явуулчихаад түүнийгээ нэг их сайхан үр дүнд хүрчихлээ, ард түмний санал онолыг авчихлаа гэж үзэж болохгүй. 

-МАХН 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох уу. Н.Энхбаяр гуай хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэдгээ мэдэгдсэн байсан?

-МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Хүнээ нэр дэвшүүлнэ. Тэгээд ялалт байгуулах болно. Үүнийхээ дараа энэ болж бүтэхгүй байгаа тогтолцоог засна. Энэ бол туйлын тодорхой зүйл.

Ард түмэн үүнийг хүсэлт гэхээсээ илүү даалгавар болгож өгч байна. Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд заавал оролцоорой. Оролцох, оролцохдоо Н.Энхбаяр гэдэг хүнийг заавал  нэр дэвшүүлээрэй гэдэг захиа даалгаварыг өгч байна шдээ. Өнөөдрийн байдлаар Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлээрэй гээд бас л 50 гаруй мянган хүн гарын үсгээ зураад манайд ирүүлчихсэн байна. 

Ард түмэн өнөөдөр юу хүсэж байна вэ гэхээр төрийн байгууллагууд нь шударга, авлигагүй ажилладаг болоосой, бидний үр хүүхэд бүгдээрээ дээд боловсролтой болоосой, ард иргэд нь нийтээрээ баян чинээлэг амьдрахсан, хүн арддаа үзүүлэх эмнэлэгийн үйлчилгээ нь чанартай бөгөөд хүртээмжтэй болоосой, бүх өрх айл орон сууцтай болохсон гэж хүсэж байна.

Үнэндээ бол энэбүх хүсэл эрмэлзэл, ард түмнийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж чадах,  биелүүлэхийн төлөө зүтгэхийг хүсч байгаа хүмүүс ховор байна. Энэ ховор хүмүүс доторулстөрийн туршлагатай, хал үзэж халуун чулуу долоосон хүмүүс бүр цөөхөн байна. Улстөрийн туршлагатай хүмүүс дотроо одоо байгаа энэ системийг нурааж чадах зоригтой хүн хуруу дарам цөөн байна.

Н.Энхбаяр даргын тухайд энэ бүх хэв шинжийг өөртөө агуулсан лидер. Түүнд улс орноо сайн сайхан хөгжүүлэх, болохгүй бүхнийг засч өөрчлөх хүсэл, эрх баригч бүлэглэлүүдтэй тэмцэх эр зориг, улстөрийн туршлага, мэдлэг ур чадвар гээд бүхий л зүйл байна. Тэгэхээр энэ хүнээ л нэр дэвшүүлэхгүй юм бол бид улстөрийн нам гэж яваад яах юм бэ. 

-Өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаяр гуайг Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэр гаргасан тухай мэдээлэл цацагдлаа. Ийм зүйл үнэхээр болсон хэрэг үү?

-Ийм зүйл огт болоогүй. Гэхдээ эрх баригчид ийм зүйл зохион байгуулах гээд бэлдэж байсныгаа урьдчилаад энэ маягаар мэдэгдсэн байж магадгүй. Намууд хүнээ нэр дэвшүүлээ ч үгүй байхад Сүхбаатар дүүргийн шүүх яагаад ийм шийдвэр гаргадаг юм.

Шүүх бол хэн нэгний хүсэлтийн дагуу шийдвэр гаргадаг байгууллага шүү дээ. Тэгэхээр Н.Энхбаярыг нэр дэвшүүлж болохгүй гээд хэн хүсэлт гаргачихав гэдэг асуулт гарч ирж байна.

Үүнийх нь дагуу юуг үндэслээд шийдчихэв. Шийдэхдээ яагаад Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаа оролцуулаагүй вэ гэх мэт их олон асуудал хөндөгдөнө. Тэгэхээр ийм зүйл огт болоогүй гэж бодож байна. 

Харин ийм хор найруулах гэж байна гэдгээ эрх баригчид ямар нэгэн байдлаар ам алдсан байж болох юм. Хэрвээ тийм зүйл болвол Сүхбаатар дүүргийн шүүх улстөрийн тоглоомын нэг хэсэг болсон хэвээр байгаа гэсэн үг.
 
Н.Энхбаяр гэдэг хүнийг Ерөнхийлөгч болгох уу, үгүй юу гэдгийг зөвхөн ард түмэн шийднэ. Шүүх үүнийг шийддэггүй юм аа. Тэгэхээр үүнийгээ одоо больцгоо гэж хэлмээр байна. Тэвчээрт бас хязгаар гэж байдаг гэдгийг сануулмаар байна.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаяр даргатай нууц уулзалт хийсэн, үүнийг нь та бүхнийг бичлэгээр баримтжуулж авсан гэх мэдээлэл цацагдах болж. Үнэхээр тийм зүйл болсон юм уу. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаяр гуайг нэр дэвших боломжоор хангана гэх амлалт өгсөн гэх юм?

-Яалаа гэж ийм зүйл болох вэ дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн тийм зүйл яриад сууж байна гэж байхгүй шүү дээ. Н.Энхбаяр даргад ч бас тийм зүйл яриад суух совест байхгүй. Шулуухан хэлэхэд энэ бол МАН-ын цагаан байшин дотроос гаргаж нисгэсэн бор шувуу. Энэ нь өрсөлдөгчөө хэн нэгэнтэй холбож харлуулах гэсэн хар пиарын арга л даа. 

Товчхондоо, саяны асуусан зүйл бол МАН-ын зүгээс “Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёр хоорондоо хуйвалдсан юм байна” гэх маягаар бор шувуу нисгэж байгаа үзэж байгаа заль. МАН болон М.Энхболдын зүг зүглэсэн шүүмжлэлийн нэг хэсгийг бүдэгрүүлэх гэсэн технологийн нэг хэсэг.

М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр бол нэг мантууны хоёр тал гэж хүмүүс яриад байна шүү дээ. ХХБ-ы ард байгаа офшор дахь эзэд нь энэ хоёр хүнийг гэж яриад байна. Ц.Элбэгдорж нь өөрийн залгамжлагчаар М.Энхболдыг тодруулах талаар аль эрт яриад тохирчихсон.

Тийм ч учраас М.Энхболдтой өрсөлдөж мэдэх хүмүүсийг бүгдийг нь биш юм гэхэд хамгийн хэцүү өрсөлдөгчийг нь сонгуульд оруулахгүй байя. Ард түмний шахалтаар нэр дэвшчих юм бол нэр хүндийг нь гутаач гэсэн сценари гэж улс төр гадарладаг хүмүүс тайлж уншаад байна шүү дээ. Иймэрхүү зүйлийг бид өдөр бүхэн уншиж, тайлж байгаа. Энэ дашрамд, уншигчиддаа хандаж ийм зүйл огт болоогүй, боломжгүй зүйл гэдгийг хэлмээр байна. 

-“Утсан хүүхэлдэй нартай биш ард нь байгаа захиалагч нартай хатуу тэмцэх болно” гэж та жиргэсэн байна билээ. Захиалагч гэж хэнийг хэлээд байна вэ. Үүнийгээ тодорхой тайлбарлахгүй юу.

-Шүүх, хуулийн байгууллагатай холбоотой нэг жишээ яръя. Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл лавлагааны төв гэж газар байдаг. Хуулиараа энэ байгууллага өршөөл, уучлалд хамрагдсан хүмүүсийн ялгүй байдлын лавлагааг гаргаж өгөх үүрэгтэй газар.

Гэтэл 2016 оны сонгуульд энэ байгууллагын албан тушаалтнууд хууль зөрчсөөр байгаад Н.Энхбаяр даргыг сонгуульд оруулаагүй. Гэтэл үүнийг нь Улсын дээд шүүх хууль бус гэдгийг нь тогтоочихсон. 

Яагаад энэ лут лут нэртэй хүмүүс ийм шийдвэр гаргаад байна вэ гэхээр эрх баригч намын удирдлагуудтай худ ураг болсон, садан төрлийн хамааралтай байдаг. Тэднийхээ эрх ашгийг төлөө ямар хууль зөрчиж, хэний ч эрхийг хяхан боогдуулхад бэлэн байна шүү дээ. 

Утсан хүүхэлдэй болсон хууль, шүүхийн ажилтнууд болон тэдний ард байгаа эздэд хандаж энд нэг зүйлийг зориуд хэлмээр санагдаж байна. Юу гэхээр, иймэрхүү байдлыг чинь бид мэдэж байгаа шүү.

Та нар дандаа ингэж хууль зөрчиж амьдарчихаад дараа нь зүв зүгээр үлдэнэ гэж бодож байвал том андуурал шүү. Ганцхан Н.Энхбаяр гэдэг хүний эрх ашгийг хохироож байгаа юм биш шүү. Монголын ард түмний эрх ашгийг хохироож байна, Монголын ард түмний шинэ Үндсэн хуультай байх, Байгалийн баялагтаа эзэн суух боломжийг нь хааж байна гэж үзнэ шүү гэж хэлмээр байна. 

Цаашид энэ алдаагаа засахгүй бол эрх баригчидтай буюу улс төрчидтэй чинь ганцхан ярихгүй шүү. Ярих зүйлээяриад, хариуцлага тооцох зүйлдээ хариуцлага тооцоод явна шүү. Үүнийг сүрдүүлэг гэж ойлгоно уу, юу гэж ойлгох нь тэдний асуудал.

Ганцхан л зүйл шаардаж байгаа. Хуулиа хэрэгжүүл гэж. Хууль сахиулж байх ёстой цагдаагийн байгууллага хуулиа биелүүлэхгүй, хуулийг хэрэгжүүлэх ёстой шүүхийн байгууллага үнэн мөнөөрөө ажиллахгүй юм бол ард түмэн яагаад энэ хуулийг чинь биелүүлэх ёстой юм бэ.

Энэ хүмүүст хандаж хэлэхэд хууль бус юмаа боль, зогсоо. Н.Энхбаярыг сонгох уу, сонгохгүй байх уу гэдэг эрхийг нь ард түмэнд өг. Энэ эрхийг лут лут нэртэй тэр хүмүүс шийдээд байх хэрэггүй ээ л гэж хэлмээр байна.  

Ярилцсанд баярлалаа.
 
С.Начин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна