Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, УИХ-ын гишүүн асан Ринчиннямын Амаржаргал өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад оролцох болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр санал асуулгад оролцогчид өнөөдөр тус намын байранд бүртгүүлж, үнэмлэхээ авсан юм.
Р.Амаржаргал “Өнгөрсөн хугацаанд би УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Гадаад хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан. Үүнийг миний гардан байгуулсан Ардчилсан намаас надад хүлээлгэсэн үүрэг, итгэл, үзэл санаандаа үнэнч намын мянга мянган гишүүний нөр их зүтгэлийг үүрэг гэж ойлгодог.
Тийм ч учраас миний бие төрийн үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, журмын нөхөд ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр чандлан биелүүлж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж ирсэн. Миний хийсэн ажил энгийн атлаа бүтэн нэртэй, замнал минь намын эгэл жирийн нөхдийнхөө нүүрийг улалзуулж байгаагүй гэдэгт би бүрэн итгэдэг” гэдгээ мэдэгдлийнхээ өмнө онцлон тэмдэглэв.
Тэрбээр мөн “Бид түүхэн хариуцлагатай цаг үед тулж ирээд байна. Монгол Улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий. Учир нь бидэнд эцэг өвгөдийн үлдээсэн, зарим улсад хүсээд ч олж чадахгүй байгалийн асар их баялаг бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон эх орон, хөдөлмөрч ард түмэн байгаа. Хамгийн гол нь Монголчууд бидэнд зангидсан гар мэт эв нэгдэл, цэгцтэй бодлого, шударга ёс, чанд хатуу хяналтын тогтолцоо дутагдаж байна.
Эв нэгдэл гэдгийг би өөрийнхөө болон бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлага гэж ойлгодог. Хариуцлага нэхсэх асуулт бүхэнд хууль журам, шударга ёс, эв нэгдэл шаардсан асуулт бүхэнд эх оронч манлайлал, иргэдээ дээдэлсэн Монгол ухаан үгүйлэгдэж байгаа юм” гэв.
Тэрбээр төгсгөлд нь намын гишүүд, дэмжигчиддээ хандан “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх нам доторх санал асуулгад олонхийн санал авч, нэр дэвших эрхээ авбал хийж хэрэгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улс төрийн эрх баригч хүчний нэр дэвшигчтэй зөвхөн бодлогоор өрсөлдөж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.
Би ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, шударга ёс хариуцлагын манаад тангараг өргөсөн цэргийн ёсоороо үнэнч зогсоно гэдгээ итгэл төгс илэрхийлж, намын журмын нөхөд та бүхнийг миний төлөө саналаа өгөхийг уриалж байна” гэв.
"ҮНДСЭН ХУУЛИНД ГАЗРЫН ДООРХ БАЯЛАГ НИЙТ АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭСЭН БОЛ АРД ТҮМЭН ТҮҮНЭЭС НЬ ХҮРТДЭГ Л БАЙХ ЁСТОЙ"
Түүний мэдэгдлийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Эрх баригчид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нэрээр татвар нэмж байгаа нь иргэдэд дарамт болж байна. Таны байр суурь ямар байгаа вэ?
-Татвар нэмж байгаа асуудал цагаа олоогүй шийдвэр. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд аль болох үйлдвэрлэл,хэрэглээгээ нэмсэн, эдийн засгаа тэлэх чиглэлийн бодлого явуулах ёстой. Эдийн засгийг хумьсан шинж чанартай алхмууд хийгээд байгаа нь харамсалтай.
-Таныг Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан гэж шүүмжилдэг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Р.Амаржаргал Засгийн газар унагаачихдаг бол ондоо л хэрэг дээ. Тухайн үед УИХ-д сууж байсан АН-ын гишүүдийн гуравны нэг нь эсрэг санал өгсөн. Ер нь эдийн засгийн бодлого хаашаа явж байна, юу нь буруу байна гэдгийг тухайн үед шүүмжилж, ярьж, анхааруулж, байсан. Харамсалтай нь үг авахгүй байсаар байгаа юу болж хувирсныг та бүхэн мэдэж байгаа. Тухайн үедээ миний баримталж байсан байр суурь зөв байсан юм гэдгийг одоо харж байгаа байх.
-Үндсэн хуулийн өөрчлөлт, Зөвлөлдөх санал асуулгын талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Зөвлөлдах санал асуулга бол шийдвэр гаргах институци биш. 1,700 хүн Монгол Улсын Үндсэн хуулийн хувь заяаг шийдэх эрхгүй. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригддаг юм бол нийт ард түмний санал асуулгаар ил тод, нухацтай ярьж байж шийдэх ёстой.
-ОУВС-гийн хөтөлбөрт орох асуудал хойшилчихлоо. Үүнээс өөр ямар гарц байгаа гэж харж байна вэ?
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах асуудал энэ Засгийн газрын хувьд ердөө цорын ганц арга зам байсан. Үүнийгээ дутуу, дулимаг хийсэн явдалд би үнэхээр харамсаж байна. Үнэхээр л ажил хэргийн мэдлэг дутаад байна гэсэн үг шүү дээ.
-Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар та ямар байр суурьтай явдаг вэ?
-Монгол Улсад хүрээд ирсэн нь сайн хэрэг. Гэхдээ миний байр суурь маш тодорхой. Нэгэнт Үндсэн хуулинд газрын доорх баялаг нийт ард түмний өмч гэсэн бол ард түмэн түүнээс нь хүртдэг л байх ёстой. Тэр утгаараа “Оюу толгой”, “Таван толгой”, “Эрдэнэт”-ийн баялгаас ард түмэн хүртэх учиртай.
Эх сурвалж: Ikon.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна