Нийслэлийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нарын “Хотын хөгжил- Хамтын хүч” зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд УИХ, ЗГ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат оролцож үг хэллээ. Нийслэлийн хэмжээнд 1480 хэсгийн ахлагч, 152 хорооны засаг дарга ажил үүргээ гүйцэтгэж байна. Төрийн захиргааны бодлогыг хүн нэг бүрт хүргэж ажилладаг эдгээр албан хаагчид өнөөдөр хагас жилийн ажлын тайлангаа хэлэлцэж, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдлөө.
Сайд Ж.Мөнхбат хэлэхдээ төр, түмнийг холбож байгаа та бүхний ажил бол сэтгэл шаарддаг ажил. Зүйрлэвэл дайны үед галын шугаманд нүүрний эгнээнд явж тулаанд ордог цэргүүд нь та бүхэн. Энэ үүргээ нэр төртэй биелүүлж, хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллаарай гээд Засгийн газраас улсын хэмжээнд болон нийслэлд хийсэн хамгийн эхний ажил бол төсөв санхүүгийн сахилга батыг чангатгасан. Ингэснээр эхнээсээ олон эерэг үзүүлэлтүүд гарч байна. Тухай нь сүүлийн 5 жилд тохиогоогүй төсвийн орлого бүрдүүлэлт хагас жилийн байдлаар 100 хувь биелж,татварын орлого 10,5 тэрбум төгрөгөөр давсан. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ өссөн, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн. ОУВС-ийн дэмжлэгийг авч, ”Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр алхмууд хийгдсэн байгаа зэрэг нь Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн юм.
Үндсэн хуулийн 4-р бүлэгт Монгол улсын нутгийн удирдлагын тогтолцоог хуульчилж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх явцад зарим нэг бэрхшээл тулгарч байгаа учраас өөрчлөлт оруулах шаардлага бий гэж үзэж Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас дэмжиж УИХ-д өргөн мэдүүлээд байна. Бид Нийслэлийн эрхзүйн бие даасан байдлыг дэмжиж хөгжүүлэх ёстой. Засгийн газрын хөтөлбөрт ч Нутгийн удирдлагыг хэрхэн хөгжүүлэх талаарх бодлогыг тусгаж өгсөн. Дараагийн нэг томоохон зорилт бол Хорооны ажилчдын нийгмийн асуудлыг тухайлан авч үзэх.
Нийслэлийн удирдлагууд төслөө боловсруулж танилцуулбал дэмжихэд бэлэн байна. Энэ нь хорооны ажилчид албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэг дэвийг ахиулах, шинэчлэх, өөрчилж сайжруулан төрийн захиргааны төв байгууллагын хэмжээнд хүргэх асуудал юм. Нийслэлийн хороо, хэсгүүдийн дийлэнх нь харьяалж байгаа гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцөл дэд бүтцийг сайжруулах талаар дараахи бодлогыг Засгийн газраас баримталж байна. Барилга хот байгуулалтын яамнаас Гэр хорооллыг хэсэгчлэн дэд бүтцээр хангах тухай санал боловсруулсныг Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд гадаадын төслөөр 20,000 айлыг цэвэр бохир усны шугамд холбох 200 гаруй сая ам.долларын дэд бүтцийн төслийн хөрөнгө оруулалт хийгдэхээр болсныг дуулгахад таатай байна. Дахин хэлэхэд төр,түмнийг холбох ажил бол сэтгэлийн ажил байдаг. Ажлаа, асуудлаа ярилцаад бидэнд уламжлаарай. Засгийн газар Хотын удирдлагуудтай уялдаа холбоо сайтай ажиллаж байгаа. Та бүхний ажилд амжилт, сайн сайхан бүхнийг хүсье гэлээ.
Уг арга хэмжээний үеэр хичээл зүтгэл, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан хэсгийн ахлагч, хорооны дарга нарыг Улаанбаатар хотын хүндэт иргэн, нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын Жуух бичиг зэргээр шагнаж урамшууллаа гэж
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна