М.Энхболд, Ц.Нямдорж нар нам дотроо өрсөлдөнө

2017/05/03
УИХ-д суудалтай улстөрийн намууд хуульд заасанчлан Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ энэ долоо хоногт багтаан тодруулж дуусна.

Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН-аас хүмүүсээ Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх юм. Тэгвэл МАН-ын удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж судалгаанд хамгийн их санал авсан УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэгийг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна.

МАН-ын VIII бага хурал өнөөдөр эхлэх бөгөөд энэхүү бага хуралд МАН-ын 310 гишүүн оролцож, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн даргаар ахлуулсан албаныхан  21 аймгийн 15-д нь ажиллаж, иргэдийн санаа бодлыг сонсохын зэрэгцээ намын ажилтны улсын зөвлөгөөнийг таван бүсээр хуваан зохион байгуулсан аж. Энэ үеэр МАН-аас ямар хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл зохих талаар намын анхан шатны 1700 гаруй гишүүдийн саналыг сонссон байна.

Өнөөдрийн хувьд иргэд сонгогчид, намын гишүүд, идэвхтэн дэмжигчдийн тэрхүү санаа бодлыг сонссон судалгааг танилцуулах бөгөөд бага хурлын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэрийг зарлах юм. 

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна