МАХН өөр хүнийг нэр дэвшүүлэх үү, эсвэл...

2017/05/15
Ардчилсан Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгууль тун удахгүй болно. Парламентад суудалтай гурван нам нэр дэвшигчдээ тодруулж, хуулийн хүрээнд буюу өнгөрөгч пүрэв гарагт бичиг баримтыг нь СЕХ-нд хүлээлгэн өгсөн билээ. СЕХ хуулийн хүрээнд 14-ны дотор багтаж, нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ мэдэгдэх учиртай. Тэр ч ёсоор өчигдөр буюу амралтын өдрөөр хуралдаж шийдвэрээ гаргасан юм. Гэхдээ албан ёсны шийдвэрээ ажлын өдөр буюу өнөөдөр танилцуулах бололтой.

Төрийн байгууллагын үйл ажиллагаа амралтын өдрөөс үл хамаарч хуулийн хүрээнд шийдвэрээ гаргадаг гэдгийг тэд харуулж чадлаа. СЕХ нэр дэвшигчдээс ирүүлсэн 17 хуудас бичиг баримттай нэг бүрчлэн танилцаад АН- ын нэр дэвшигч Х.Баттулга, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд нарыг хууль зөрчөөгүй хэмээн бүртгэж авчээ.  

Тухайлбал, МАН-ын нэр дэвшигч М.Энхболдыг бүртгэсэн 21 дугаар тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсгийг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсүгэй гэсэн тушаал гаргажээ. Харин Х.Баттулга нэр дэвшигчийг бүртгэсэн 22 дугаар тогтоолд мөн л дээрх хуулийн зүйл заалтад үндэслэн “Сонгуулийн хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэхийг олгох нь зүйтэй” хэмээжээ.

СЕХ-ны нэр дэвшүүлэх тухай хариу эцэслэн гарч, үнэмлэх олгох шийдвэр гарснаар нэр дэвшигчид албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болж байна гэсэн үг. МАН, АН нэр дэвшигчид шалгуурт тэнцэж, МАХН бүдрэв. Хэдийгээр нам дундаасаа нэг хүнийг сонгон нэр дэвшүүлж, СЕХ-нд бичиг баримтаа хүлээлгэж өгсөн ч хуульд заасан шалгуурыг хангаагүй бол буцаах эрх нь Сонгуулийн Ерөнхий хороонд бий. Тэр тохиолдолд улс төрийн намууд дахин хуралдаж шалгуурт нийцсэн улстөрчийг хуульд заасан эцсийн хугацаа буюу энэ сарын 17-ны дотор амжиж тодруулах учиртай юм. Харин хоёр том намын өрсөлдөгчид хуулийн шаардлагыг хангасан учраас ийнхүү “тулаанд” албан ёсоор оролцох эрхээ авч чадлаа.
 
Н.Энхбаяр шалгуурт бүдэрчээ

Харин МАХН-ын дарга Н.Энхбаярт татгалзсан хариу өгчээ. Татгалзсан шалтгаанаа тэд хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй. Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. / ЦЕГ-ын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа энэ оны наймдугаар сарын 2-нд дуусна/ Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй гэж үзжээ. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны наймдугаар сарын 13-наас 2014 оны аравдугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзжээ. Харин жагсаал цуглаан хийгээд байсан намын гишүүд нь намын даргад нь татгалзсан санал өгсөнтэй холбогдуулж өлсгөлөн зарлах тухай асуудлаар өчигдөр намынхаа байранд хуралдсан аж.
 
МАХН-ынхан үймээн тарилаа

Амралтын өдрөөр хуралдсан ч СЕХ-ны нэр дэвшигчийг баталгаажуулах хуралдаан тун ч дуулиан шуугиантай болов. Ажлын бус амралтын өдрийг тааруулж хуралдсан нь төрийн хуулийг үл тоож, хор найруулах гэсэн башир арга хэмээн хардаж буйгаа МАХН- ынхан илэрхийлсэн. Улмаар намын даргаа ялтай байхаас үл хамаарч Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх чин хүслээр СЕХ-ны байранд хүч түрэн дайрч орж, үймээн үүсгэлээ.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн албан хаагчид хэдхэн ахмадуудаас болж, амралтын бүтэн өдрөөрөө өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан гэхэд хэтийдэхгүй. Уг нь МАХН-ынхан хуулиа мэддэг, хүндэлдэг байсан бол төрийн албан хаагчдыг үл тоож, төрийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох гэж улайрахгүй байлаа. Тэд бичиг баримтаа хүлээлгэн өгснийхөө маргаашнаас эхлэн СЕХ-ны үүдэнд жагсч цуглаж, намын даргыгаа бүртгэхийг шаардаж эхэлсэн юм.

Хуулийн дагуу шийдвэр гаргахыг хүлээхгүйгээр жагсч тэмцэж эхэлсэн нь ч асуудалтай. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцож, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх оролдого хийсэн гэхэд буруудахгүй. Н.Энхбаярын хувьд өмнө нь ял эдэлж байсан нь худлаа биш. Хэдийгээр өршөөлд хамрагдсан ч ялтай байх хугацаа нь дуусаагүй гэдгийг хууль хяналтын байгууллага удаа дараа мэдэгдсэн. Монгол Улсын Үндсэн хуульд ял эдэлж байсан хүн Төрийн тэргүүний болон бүх шатны сонгуульд өрсөлдөж болохгүй хэмээн тод томруунаар заагаад өгчихсөн учраас тэд хуулиа л дагаж мөрдсөн хэрэг. Гэтэл ахмадууд голдуу оролцсон МАХН-ыг жагсагчид цагдаа нарыг зүй бусаар доромжилж, намын даргыгаа бүртгэсэн эсэх шийдвэрийг шууд гаргаж өг хэмээн давшлав.

Мөн намын даргатайгаа хамт СЕХ-ны албан ёсны хурал руу орно хэмээн үймээн дэгдээж, хүчний байгууллагын эсэргүүцэлтэй тулгарлаа. СЕХ-ны хуралд намын дарга Н.Энхбаяр оролцож, өөрийгөө өмгөөлөн тайлбар хийсэн юм. Гэхдээ шийдвэр гаргагч нь СЕХ биш учраас Үндсэн хуулиа дагаж ялтай хүнийг нэр дэвшүүлсэнгүй. Ингэснээр Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн МАН, АН нэр дэвшигчдийн дунд өрнөх нь тодорхой болж байна. Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн ийнхүү албан ёсоор эхэллээ.

МАХН өөр хүнийг нэр дэвшүүлэх үү, эсвэл...

Нэр дэвшигчид хуулийн шалгуур хангасан, хангаагүйг албан ёсоор баталгаажуулсан тогтоол гарсны дараа МАХН-ынхан хэчнээн эсэргүүцэл тэмцэл өрнүүлээд ч нэмэр болохгүй. Н.Энхбаяр шалгуур хангаагүй л бол өлсгөлөн зарлаж, шүгэл үлээгээд ч төрийн хуулийг өөрчлөх боломжгүй билээ. Үүнийг МАХН-ын туршлагатай, ахмад улстөрчид мэдэж буй. Үнэхээр л тэд шударга ёсыг мөрддөг, хуулиа дээдэлдэг бол төрийн байгууллагын шийдвэрийг дагаж мөрдөх нь ард түмнээ хүндэлж буй нэг хэлбэр болох билээ. МАХН-ынханд энэ сарын 17-ноос өмнө шалгуурт нийцсэн өөр нэгнийг нэр дэвшүүлэх боломж бий. Эс бөгөөс хоёр том намын аль нэг нэр дэвшигчийг дэмжиж сонгуульд оролцох боломж ч бас байгаа. Тэд ямар шийдвэр гаргах нь өнөөдөр тодорхой болно. Улмаар эцсийн хугацаа буюу 17-ныг хүртэл тэд ямар улс төр хийхийг хүлээх л үлдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна